Соёлын салбарт 2024 онд 402 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөснөөс урсгал зардалд 247 тэрбум, хөрөнгийн зардалд 154 тэрбумыг төсөвлөжээ. Үүнээс 132.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 51 соёлын төв, музей, театрын төслүүд хэрэгжих нь ээ. Ингээд шинээр ашиглалтад оруулахаар хүлээгдэж буй бүтээн байгуулалтуудыг тоймлон хүргэе.
ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД 800 САЯЫГ ТӨСӨВЛӨВ
Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Америкийн Элчин сайдын яамны чанх урд Үндэсний номын сангийн шинэ барилга барьж байгаа. Энэ номын сан шинэ барилгаа удтал хүлээж буй. Төлөвлөгөө ёсоор 2022 онд үүдээ нээх ёстой байв. Гэвч нээлтээ хийх дөхсөн барилгын ажил өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй. Албаныхны мэдээлснээр, 11 давхар, 9948.2 ам метр талбай бүхий шинэ байр 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Соёлын яамнаас есдүгээр сард ашиглалтад оруулна гэдгийг хэлж байлаа.
Ирэх 2024 оны төсөвт Үндэсний номын сангийн өргөтгөлийн тоног төхөөрөмжид 800 сая төгрөгийг төсөвлөжээ. Анхны төсөвт өртөг нь 11 тэрбум төгрөг аж.
Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос ажил нь эхэлсэн байдаг. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байв. Гэвч гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, цаашлаад хүүхдүүдийн хооронд өвийн асуудал үүссэнээс болж, ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон байна. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болсон.
Үндэсний төв номын сангийн гүйцэтгэл 90 хувьтай байгаа ч анх төсөвт тусгахдаа дотоод интерьер зураггүй хийсэн байна. Тиймээс интерьер дизайны зураг төслийг "Сая санаа" ХХК хийж гүйцэтгэж дуусчээ.
Улмаар интерьер дизайн, дотоод засал чимэглэлийн ажилд шаардагдах зардал 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг 2023 оны улсын төсөвт тусгасан байна. Барилгын асуудлаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодруулахад "Үндэсний номын сангийн шинэ барилгыг 2014 онд эхэлж, нийт ес дэх жилдээ үргэлжилж байна. Нийт 19.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас шалтгаалж, барилгын ажил хэд хэдэн удаа саатсан байдаг. Сүүлд 2021 он хүртэл барилгын ажил боломжийн явцтай үргэлжилсэн. Гэвч харамсалтайгаар гүйцэтгэгч компанийн эзэн нас барж, барилга угсралтын ажил 2022 онд бүрэн зогссон" гэдгийг хэлж байв.
Шинэ номын сангийн барилга 90 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд шугам сүлжээний ажлыг бүрэн холбожээ. Одоо дотор заслын ажил, агаар сэлгэлт, гадна фасадны ажил, төрөлжсөн 16 танхимын интерьер дизайныг нь бүрэн дуусгах ажил үлдсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм.
НИЙТ 5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСНӨӨС 145 САЯАР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВНА
Сонгинохайрхан дүүрэгт шинээр барьж буй Хүүхэд залуучуудын театрын даргаар "Шинэ үе" продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд ажиллаж байгаа. Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Соёлын яаман дээр улсын Хүүхэд залуучуудын театр гэдэг албан ёсны нэршлээ авсан юм. Энэ театрыг 2022 онд ашиглалт оруулна гэж байсан ч 2023 онд үүдээ нээгээгүй л байна. Албаныхны мэдээлж буйгаар 2024 оноос өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэнэ.
Ирэх 2024 оны төсөв нийт таван тэрбум төгрөг төсөвлөснөөс 145 сая төгрөгийг тоног төхөөрөмж авахад төсөвлөжээ.
Улсын театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 110 уран бүтээлч, ажилтан ажиллах гэнэ. Театрт үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгахаар болсон байна. Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажлыг “Аглут” компани 2019 онд гүйцэтгэсэн.
Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. Гэвч 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр найруулагч И.Нямгаваад хувьчилсан байна. Улмаар театрын үйл ажиллагаа зогсч, өдийг хүртэл хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болсон юм.
Ирэх 2024 оны улсын төсвийн төсөлд түүх, соёлын өвийг хамгаалах, соёл урлагийг дэмжихээр Чойжин ламын сүм музейд 1.7 тэрбум төгрөг төсөвлөснөөс 344 сая төгрөгийг, Улсын драмын эрдмийн театрт 2.1 тэрбум төгрөгийг төсөвлөснөөс 909 сая төгрөгийг тусгажээ.
ШИНЭ МУЗЕЙН ТӨСӨВ 130 ТЭРБУМ БОЛЖ, ЭХНИЙ ЭЭЛЖИНД 30 САЯ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ
Байгалийн түүхийн музейн суурин дээр “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулсан. Харин барилгаа нураалгаж, газраа булаалгасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл барилгыг барих хүчин чадалтай компани шалгараагүй байсан юм. Тэгвэл шинэ музейн барилга угсралтыг гүйцэтгэх компаниар "Содон номин" ХХК шалгарч, ажилдаа орсон байна.
Музейн шинэ барилгыг 2025 онд барьж дуусгах бөгөөд анхны төсөвт өртөг нь 94 тэрбум төгрөг байсан бол 2024 оны төсөвт 130 тэрбум болж нэмэгдэж, эхний ээлжинд 30 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр болжээ.
Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгсөн гэдгийг албаныхан хэлж байв.
"Содон номин" ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд үүсэн байгуулагч нь Болдбаярын Баттулга ажилладаг байна. Тус компани барилгын засвар, засал чимэглэлээс гадна газар тариалан, автомашин худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Өнгөрсөн хугацаанд 34 тендерт оролцсоны дотор Байгалийн түүхийн музейн барилгыг гүйцэтгэх тендерт 2023 оны дөрөв, тав, долдугаар сард гурван удаа оролцож, шалгарч чадаагүй хасагдсан байна.
Одоогийн музейн суурь, үндсэн карказ болох 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй барилгын ажлыг өмнө нь “Шинэхэн групп” ХХК өөрсдийн хөрөнгөөр нийт 25 тэрбумын өртгөөр гүйцэтгэжээ. Тус компани Японы хөрөнгө оруулалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барихаар болж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн 7.4 га талбайг таван жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон байдаг. Шинэ Байгалийн түүхийн музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг тус музейн захирал асан Н.Зоригтбаатар онцолж байсан удаатай.
Холбоотой мэдээ