Тусгай сангуудыг “дэлбэлэгч”

Хуучирсан мэдээ: 2023.10.10-нд нийтлэгдсэн

76:1

Тусгай сангуудыг “дэлбэлэгч”

Тусгай сангуудыг “дэлбэлэгч”

“NEWS” агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан, УИХ-ын гишүүн Ням-Осорын Учралыг танилцуулж байна.


Авлигатай тэмцэх “Шилэн” ажиллагааны хүрээнд Засгийн газрын тусгай сангуудыг “дэлбэлж”, улстөрчид болоод бизнесмэнүүдийн хулгайг ил тод болгосон сайд бол Н.Учрал юм.

Түүний багийнхны хийсэн shilen.gov.mn вэб сайт руу нэвтэрснээр Тусгай хамгаалалттай газар нутагт хэн хэдэн га газар эзэмшдэг, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мал аж ахуйг дэмжих сангаас хэн хэчнээн тэрбумын зээл авсанаа төлөөгүй вэ зэрэг мэдээллийг авах боломж бүрдсэн.

Мөн Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан албан тушаалтнуудаас хэн нь хамгийн их газар эзэмших эрхийг бусдад олгов, төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр хэн, хэн ажиллаж, хэдэн төгрөгийн цалин авч байгааг ч мэддэг болсон.

Жишээ татвал, дээрх мэдээллийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди Залаатын аманд 5180 га газар эзэмшдэг нь тодорхой болсон бол Зайсангийн аманд Э.Батшугар 0546 га газар эзэмшиж буй.

Боловсролын зээлийн санг МАН-ын улстөрчид “цөлмөсөн” нь тодорхой болсон. Жишээ татвал, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гадаадад суралцсан гэж тус сангаас зээл авсан байсан нь энэхүү мэдээллээр ил тод болж, зээлээ буцаан төлсөн гээд дурдвал жишээ олон.

Тусгай сангуудын мэдээллийг ил болгосноор түүнийг нам дотроо ч дайсан олонтой болсон гэх нь бий.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 онд танхимаа байгуулсныхаа дараа Цахим хөгжил харилцаа холбооны яамыг байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар хавсруулж байгаад Н.Учралыг сайдаар нь томилсон. Тэрбээр сайдаар томилогдох үедээ төрийн үйлчилгээг хүнээс хамаарал багатай болгоход технологийн дэвшлийг ашиглах болно гэдгээ мэдэгдэж байсан нь эхнээсээ ажил хэрэг болоод буй. Тухайлбал, иргэн хүнсний дэлгүүр, цайны газар, мухлаг, ресторан, супермаркет, зочид буудал, бар /караоке/, хүнсний зах, худалдааны төвийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүсэх бол  Emongolia, Ebisiness.mn хуудас руу нэвтрэн хүсэлтээ илгээх боломжтой болсон. Нэг үгээр хэлбэл, бизнес эрхлэгч дээрх 10 төрлийн үйлчилгээний зөвшөөрлийг цахимаар илгээдэг болсоноор хэн нэг даргын үүд сахиж суух шаардлагагүй болсон гэж хэлж болно. Нөгөө талдаа авлига ч өгөх хэрэггүй болсон гэж тодорхойлж болно. Энэ жишгээр 360 орчим төрийн зөвшөөрлийг цахимжуулах зорилго тавиад байгаа.

Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сард киоск  машин дээр авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд Авто тээврийн үндэсний төв дээр дугаарлах шаардлагагүй болсон. Улаанбаатар хотын хэмжээнд иргэд хамгийн ихээр үйлчлүүлдэг газруудад энэхүү киоск машиныг суурилуулаад байгаа юм.

Тэгвэл тун удахгүй хүүхэд эрсдэлд орвол дуут дохиогоор мэддэг болох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал дараах тайлбар хийсэн юм.

Тэрбээр “Өсвөр насны хүүхэдтэй хүний хувьд хаана явж байна вэ гэдэгт үргэлж сэтгэл зовж байдаг. Google fawily link гээд бэлэн платформ бий. Үүнийг би утсан дээрээ суулгачихаад, хүүхдүүдээ бүртгээд авчихсан. Интернэтийн хэрэглээг нь би эндээсээ хязгаарладаг. Youtube-г өдөрт 30 минут, facebook-ыг өдөрт 40 минут л үзнэ ч гэдэг юм уу?  Ямар сайт руу орж, ямар төрлийн мэдээлэл аваад байна, насанд хүрэгчдийн контент үзэж байх вий, гэмт хэрэг, зөрчилд уриалан дуудсан контент үзэж байх вий гэдэгт сэтгэл зовнидог. Тийм учраас тохируулга хийгээд сургуулиасаа тараад хаагуур ямар маршрутаар гэртээ ирж байгаа вэ гэдгийг шууд хардаг.

Ийм бэлэн платформыг амьдрал дээр нэвтрүүлье гээд ekids.mn -ыг ашиглаж эхэлж байгаа. Ekids-рүү ороод үзэхээр  Google fawily link-ыг хэрхэн татах уу, яаж ашиглах уу гэдэг заавар зөвлөмж бий. Тийм учир Emongolia-гийн 1.6 сая хэрэглэгч нарт хүүхдийнхээ байршлыг зайнаас хянах болон бусад заавар зөвлөгөөг авах тухай мэдэгдэл явуулсан.

Энэ зөвлөмжийн дагуу эцэг, эхчүүд та бүхнийг Google fawily link-ыг татаад, хүүхдүүддээ хяналт тавиасай гэж хүсч байна. Цаашдаа бид Amber alert шиг хүүхэд хүчирхийлэлд өртөх юм бол шууд дуут дохио дуугардаг системийг хөгжүүлэх шаардлага үүсч байна. Amber alert-руу бид хүсэлтүүдээ илгээсэн. E mongolia бид нарт байна. Тэгвэл E mongolia-рүү ороод, хүүхэд бүртгүүлье гэхээр 18 нас хүрээгүй гэхээр орж болдоггүй. Тэгэхээр бид дотор нь ekids гээд хөгжүүлэлт хийгээд ажиллаж байсан. Ингэснээр яаралтай түргэн тусламж дуудах, 3 үгт хаяг харах, 101, 102, 103, 108 руу шууд залгах боломжтой болно. Үүнийг нь эцэг, эхтэй нь холбочихно. Тэгээд хүүхэд янз бүрийн байдлаар асуудалд орвол нэг кноп дараад л эцэг, эх рүүгээ линкээ илгээдэг болно. Ингэхээр хаягийн асуудал яригдсан. Хаягжилтыг шийдэх хамгийн хурдан шуурхай арга бол дэлхийн өнцөг булан бүрт ашиглаж байгаа what3words юм байна гэж үзээд энэ компанитай гэрээ байгуулсан. Үүнийхээ дагуу Emongolia дээр гурван үгт хаяг хайх гээд систем суулгасан. Энэ хаяг сонголтыг суулгаснаараа тухайн хүүхэд нэг кноп дараа эцэг, эх рүүгээ байршлаа шууд гурван үгээр л явуулчихна. Эцэг эх нь байршлыг нь мэдчихнэ гэсэн үг. Тэгэхгүй бол утсаар яриад заана гэхээр их хэцүү. Иймээс та бүхэнд уриалья. Эцэг, эхчүүд минь Google fawily link-ыг хэрэглэж хэвшээрэй. Мөн гурван үгт хаягийг хэрэглэж хэвшээрэй. Түүнчлэн ekids-ыг бид удахгүй нэвтрүүлж, дуусгана.

Энд хүүхдүүдээ бүртгүүлчих. Интернэтгүй, дата байхгүй гэдэг асуудал яригдах ч оператор компаниудтай холбогдоод  ekids-ыг ашиглахад дата гүйдэггүй болгоё гэж тохиролцсон" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд 2012 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн бол 2015 онд Шадар сайдын зөвлөх болжээ. МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, сөрөг хүчний болсны дараа буюу 2015 онд Засгийн газарт богино хугацаанд хамтран ажилласан. Энэ зурвас үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайдын алба хашсан бөгөөд Н.Учрал зөвлөхөөр нь ажилласан байдаг.

Харин 2016 онд УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулж, парламентын гишүүн болсон бол 2020 оны УИХ-ын сонгуульд ч мөн тус дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөнөөр хамгийн олон буюу 50 мянга гаруй сонгогчийн саналаар нэгээр гарч байв. Харин ирэх жилийн УИХ-ын сонгуулиар тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхөөр усалгаа хийж эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болсон нь оргүй биш. Учир нь тэрбээр Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог удирдах болсноор батлагдаж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд 2016 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компани нь зээл авсан дуулианд нэр холбогдож байв.

Авлигатай тэмцэх газраас гаргасан 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсанаар Mercedes Benz, Lexus маркийн тус бүр нэг, суудлын жижиг Nissan, Mersedes Benz маркийн тус бүр нэг автомашинтай гэж мэдүүлсэн нь УИХ-ын гишүүд дотроо хамгийн олон төмөр хүлэгтэй түшээдийн тоонд орсон юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
  • 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
  • 2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр
  • 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
  • 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд түүхийн ухааны докторын /PhD/зэрэг хамгаалсан

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
  • 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
  • 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
  • 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
  • 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
  • 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
  • 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
  • 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

ШАГНАЛ

  • 2015 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж