Нисэх-Яармаг-Энхтайваны гүүр хүртэлх замын нэгдүгээр эгнээг автобус зорчих боломжтой болгож бусад эгнээнээс хайсаар тусгаарласан. Нийт долоон км урттай Наадамчдын өргөн чөлөөний зам гурван эгнээ зорчих хэсэгтэй. Өнгөрсөн есдүгээр сарын 10-наас тус замын нэгдүгээр эгнээнд цагаан хашлага байршуулсан. Энэ нь тус чиглэлд зорчиж байгаа иргэдэд хүндрэл учруулж байгаа төдийгүй, зохиомол түгжрэл үүсгэж байгааг иргэд хэлж буй. Тэгвэл туршилтын гэх тодотголтой нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажил хэзээ дуусах вэ?
Тусгаарлах хайс тавьсан гол зорилгыг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг тайлбарлахдаа, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх гэсэн юм.
Мөн тэрбээр, автозамын 2, 3 дугаар эгнээнд зохиомол түгжрэл үүсч байгаа гэж жолоочид бухимдаж байгаа. Иргэд хувийн машинаас татгалзаж чадвал энэ нөхцөл байдал үүсэхгүй. Энэ жилийн тухайд нийтийн тээврийн шинэ автобуснууд үйлчилгээнд явж эхэлсэн. Тухайлбал, Нисэх-Яармаг чиглэлд олон шинэ автобус явж байгаа. Тиймээс хайс хашлага тависнаар автобус эвдэрч, түгжрэл үүсгэж байгаа асуудал огт үүсэхгүй.
Хаалт, хашлага анх удаа замын нэгдүгээр эгнээнд тавиагүй. Өмнө нь хэд хэдэн удаа хашаа, хайс босгож байсан тохиолдол бий.
Тэр үед хуучин автобус их байсан учраас эвдэрсэн тохиолдолд замын голд түгжрэл үүсээд зогсдог байсан. Хайсыг авч болдоггүй байсан. Харин одоо 3.5 метр сууриар нь хашлагыг салгах боломжтой. Одоогоор яармагийн чиглэлд гурван км хаалт хийсэн. Хашлагыг нөөцтэй авсан. Туршилт гэхээсээ илүү ажил хэрэг болгоно.
Ямартай ч цагаан хашлагыг өвөл дуустал хүйтний улиралд замын нэгдүгээр эгнээнд байршуулж, нийтийн тээвэр саадгүй зорчих боломжийг бүрдүүлнэ.
2023 оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатарт шинээр 60 мянган машин бүртгэгдсэн. Тээврийн хэрэгслийн зохистой ашиглалтын зардал буурахгүй байна. Тиймээс нийтийн тээврийг үйлчилгээг хүмүүст хүргэх үүднээс тусгаарлах хайсыг цаашид ч байлгана гэдгийг онцолсон.
950 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАМЫН ХАШЛАГЫГ ТЕНДЕРГҮЙ ХУДАЛДАН АВСАН
950 сая төгрөгийн үнэтэй нийт 12700 метр урт хашлагаар замын нэгдүгээр эгнээг тусгаарлаад буй. Үүнээс Яармагийн зам дээр 3000 метр орчмыг тавьсан. Өртөг нь 200 орчим сая төгрөг болж, "Улаанбаатар зам засвар арчилгааны газар" хийж гүйцэтгэжээ. Нэгдүгээр эгнээг тусгаарласан хаалтын худалдан авалтын талаар мэдээллийг Улаанбаатар зам засвар арчлалтын газраас өгсөн. Нийт 12700 м хайсыг 950 сая төгрөгөөр худалдан авсан. Үүнээс Яармагийн зам дээр 3000м орчмыг тавьсан байна. Өртөг нь 200 орчим сая төгрөг болсон гэсэн үг. Үлдсэн цагаан хашлагыг хэрэгцээтэй замын хэсэгт байрлуулаар тооцоолжээ.
Зам засвар арчилгааг "Улаанбаатар зам засвар арчилгааны газар", замыг нийслэлийн Замын хөгжлийн газар, камерыг Цахим хөгжлийн газар, автобусыг нийслэлийн Нийтийн тээврийн газар хариуцаж байгаа аж.
Ямартай ч 2023-2024 оны өвөл цагаан хайсны туршилтыг үргэлжлүүлэх юм байна.
Холбоотой мэдээ