Нийтийн тээврээр угаасан МӨНГӨ ба цаасан дээр үлдсэн ТӨСЛҮҮД

Хуучирсан мэдээ: 2023.10.10-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврээр угаасан МӨНГӨ ба цаасан дээр үлдсэн ТӨСЛҮҮД

Нийтийн тээврээр угаасан МӨНГӨ ба цаасан дээр үлдсэн ТӨСЛҮҮД

Бид сүүлийн жилүүдэд түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн зорчих хэрэгслүүдэд өндөр дүнтэй төсөв баталсан онцлох ажлуудыг эргэн сануулж байна. 


Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу нийслэлийнхэн жил бүр олон тэрбумын төсөл санаачилдаг. Гэвч барилдахаас таахалзах нь их гэдэг шиг санаачилж, танилцуулж, маргалдаад л өнгөрдөг жишиг тогтоод олон жилийн нүүр үзэж байна. Ямар сайндаа л жил жилийнхээс илүү төсөв баталж, нийтийн тээврийн салбарт бүрэн парк шинэчлэлт хийхээр 340 тэрбум төгрөг төсөвлөсөн энэ онд улс дамнасан дуулиан нь намжаагүй байгаа ногоон автобусны худалдан авах ажиллагаа болсон.

Улсдаа тэр дундаа Улаанбаатарт зайлшгүй шаардлагатай байгаа нийтийн тээвэрт улиг болсон авлига, ашиг сонирхлын зөрчил дахин гарсан нь энэ. Ингэснээр энэ өвлийн тэсгэм хүйтэнд иргэд дахиад л хөлдөөс болсон автобусандаа зорчих нь.

Дүүжин тээвэр, метро үлгэр болсон юм аа гэхэд ядаж нийтийн тээврийн хүрэлцээтэй байдалдаа анхаарахыг иргэд хүсч буй. Анхаарч байна гээд ашиглалтын хугацаа нь дууссан автобусаа хүчээр явуулна гэсэн үг биш байлтай. Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг нь хангах хүрээнд бодсон ч автобус аюулгүй хэрэгсэл байх нь зүйн хэрэг. Харамсалтай нь Монгол Улсад стандарт шаардлага хангадаггүй, түүнд нь шаардлага тавьдаггүй ганц салбар бол нийтийн тээвэр. Хэдийгээр парк шинэчлэлтийг жил бүр хийж байгаа ч хуучин автобуснуудаа хэрэглээнээс халж чадахгүй байж түүний 10 хүрэхгүй хувийг шинэчлээд нэмэргүй. Мөн алс хэтийн зорилгод тусгасан агуу гэмээр ажлууддаа санхүү тусгаад ч шаардлагагүй байлтай.

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарсан. Тиймээс эхний ээлжид орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөж өнгөрсөн сард тус парк шинэчлэлтийн хүрээнд давхар болон стандарт автобуснуудыг үйлчилгээнд явуулж эхлээд буй.

Гэхдээ энэ нь ердөө нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын таван хувь нь.

ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХЭД 6 САЯ ЕВРО ЗАРЦУУЛСАН

Түгжрэл бууруулах хүрээнд олон жил яригдаж буй ажил бол дүүжин тээвэр. Хотын хоёр ч даргын нүүр үзсэн дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ л хэрэгжүүлнэ гэдгийг Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар хэлсэн юм. Тодруулбал, тэрбээр энэ төсөл гацаанаас гарсан талаар өнгөрсөн наймдугаар сард мэдээлсэн. Ж.Сүхбаатар "Дүүжин тээврийн төслийг сонирхож үзсэн. Энэ төсөлд 20 сая евро зарцуулаагүй. Ер нь 60 сая еврогийн хоёр шугамын асуудал байдаг.

Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа энэ төслийг эхлүүлж, зургаан сая евро зарцуулсан байдаг.

Би Францын талтай уулзалт хийсэн. Ер нь бид юмыг нураах амархан. Хүмүүс дүүжин тээврийг аялал жуулчлалын зориулалттай, өвлийн улиралд ашиглах боломжгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж шүүмжилдэг. Француудтай уулзахад нэг цагт 1200-1500 хүн явах боломжтой гэсэн. Манай мэргэжилтнүүд очиж үзэхэд суудал нь халдаг, өвлийн улиралд ашиглаж үзсэн. Техникийн үзүүлэлт нь франц технологи. Ер  нь нэгэнт тохирсон ажлаа хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Монгол Улсад хариуцлагагүй байдлаа болих ёстой гэдгийг хэлж байгаа. Олон улсын гэрээ хэлцэл байгуулсан бол дуусгадаг байхыг үүрэгдсэн.

Франц улсын хувьд Монголтой хамтран ажилладаг соёлын харилцаа, ураны асуудал, дүүжин тээврийн төсөл байна. Би бол энэ төслийг үргэлжлүүлье гэж үзсэн. Хотын даргаа эргээд уулзалтуудаа хийнэ. Бид чиглэлээ тогтоох гэж хугацаа алдсан.

Хоёр дахь шугамын чиглэл нь Яармагийн захиргааны байрны наад талаас Хархорин зах руу байх нь боломжтой юм байна гэсэн. Өмнө нь Гэмтэл согог  судлалын үндэсний төв рүү шугам явчихаад байсан нь шүүмжлэл дагуулсан. Одоо дүүжин тээврийн зээлийн хэлэлцээрийг сунгах асуудлыг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ төслийн зээлийг нягталъя гээд ярьсан. Энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголд метро барья гэж байгаа мөртлөө дүүжин, нийтийн тээврийг алдагдалтай гээд байдаг. Метроны асуудалд хотын дарга бид хоёр ажиллаж байгаа. Ази тивд Сөүл, Токио, Шанхай метрогоороо дээгүүрт ордог юм билээ. Хятадад айлчлах үеэр судалгааны шатанд ярилцаж, хэлэлцсэн юм билээ. Миний хувьд БНСУ-ын нөхдүүдээр буцалтгүй тусламжийн хүрээнд ТЭЗҮ хийлгэмээр байна. Өнөөдөртөө нэг ч ТЭЗҮ хийлгээгүй байгаа. Санхүүжилт хөрөнгө оруулалтаа ярьж, мэргэжилтэнгээ бэлтгэх шаардлагатай байгаа" гэж байв.

Дүүжин тээврийн хоёр шугамын төслийг 2027 он хүртэл хэрэгжүүлнэ. Эхний шугамыг 2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй.

БАТЛАН ДААЛТЫН 500 САЯ АМ.ДОЛЛАР ДЭЭР ГАЦСАН LRT ТӨСӨЛ 

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх гол төслүүдийн нэг нь LRT. Харин энэ оны улсын төсөвт LRT төсөлтэй холбоотой хөрөнгө мөнгө суугаагүй болохыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Энэ талаар 2022 оны аравдугаар сард, Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "УИХ болон Засгийн газрын хоёр тогтоолоор LRT барих бодлогын дэмжлэг нь батлагдчихсан. Гацаад байсан асуудал дээр хэлэхэд, төслийг хэрэгжүүлэхэд 500 сая ам.долларын батлан даалт гаргахыг хүссэн. Харин уг батлан даалтыг гаргах эсэхэд ажлын хэсэг гарч ажилласан ч одоогоор зогсчихсон байгаа.

Хотын удирдлагуудын хувьд, заавал батлан даалт гаргахгүйгээр хуулийн хүрээнд өөрсдийн зүгээс хийж болох ямар боломж байгааг эрэлхийлж, удахгүй эхлүүлэхээр ажиллаж байгаа. Тодруулбал, уг төсөл дээр батлан даалт гарахгүй тул нийслэл дангаараа бүх хариуцлагыг хүлээн ажиллаж байна.

ТЭЗҮ нь батлагдчихсан LRT-ын техникийн зураг төслийн тендер нь зарлагдчихсан" гэх мэдээллийг өгч байв.

Энэ мэт дурдаад эргэн сануулбал, улс, нийслэлийн төсөвт санхүү дээрээ гацдаг, тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан цөөнгүй ажил бий. Гэвч бодит ажил хэрэг болсон нь тун цөөн. Хамгийн энгийн жишээ нь автобусны худалдан авалт. Олон тэрбумаар авсан автобуснуудыг нь олон нийт хэрэглээнд нэвтрүүлэхээс татгалзсан. Энэ мэт нэрнээс цаашгүй, түгжрэл бууруулах нийтийн тээврийн салбарын ажлууд олон байгаа бөгөөд хэзээнээс хэрэгжих нь л анхаарал татаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж