АНУ-ын эдийн засаг таамагласнаас 2 дахин сайн үнэлэгдэв

Хуучирсан мэдээ: 2023.10.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын эдийн засаг таамагласнаас 2 дахин сайн үнэлэгдэв

АНУ-ын эдийн засаг таамагласнаас 2 дахин сайн үнэлэгдэв

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд есдүгээр сард 334 мянган ажлын байр шинээр нэмэгджээ. Энэ нь "Bloomberg"-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчдын тооцоолж байснаас даруй хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Судалгаанд 170 мянган эдийн засагч оролцсон. Түүнчлэн он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Эндээс АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал төсөөлснөөс хавьгүй илүү байна гэж дүгнэв. 

Энэ оны хоёрдугаар улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 2.1 хувьтай гарсан. Тэгвэл энэ улиралд 4.9 хувь хүртэл өснө гэсэн таамаглалыг эдийн засагчид дэвшүүлж байна. Мөн АНУ-ын айл өрхүүдийн хуримтлалын хэмжээ мөн таамаглаж байснаас өндөр байгааг судалгаагаар ил болгожээ. Энэ нь хэрэглээний зарцуулалтыг илүү их дэмжинэ гэсэн хүлээлтийг үүсгэж байна.

Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн нэрлэснээр дөрвөлсөн аюул АНУ-ын эдийн засагт байсаар байна. Үүнд, газрын тосны өндөр үнэ, автомашины салбарын ажилчдын ажил хаялт, зээлийн хүүгийн өсөлт, оюутны зээлийн хөтөлбөр гэсэн дөрвөн хүчин зүйл багтах юм.

АНУ-ын хөдөлмөрийн зах зээл уналтад ороход холливудын ажил хаялт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хөдөлмөрийн статистикийн товчооноос мэдээлснээр кино урлагийн салбарын ажлын байрны тоо наймдугаар сард 17 мянгаар буурчээ. "SAG-AFTRA" буюу дэлхий даяарх 160 мянга орчим жүжигчин, хөтлөгч, дуу бичлэгийн уран бүтээлчид болон бусад хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийг төлөөлдөг холбоо нь Кино үйлдвэрлэгчдийн холбоотой гэрээ хэлэлцээр хийж чадаагүйн улмаас долдугаар сарын 14-нд ажил хаялт зарласан. Кино үйлдвэрлэгчдийн холбоо нь "Warner Bros", "Disney", "Netflix", "Amazon", "Apple", "NBCUniversal", "Paramount", "Sony" зэрэг томоохон студиудын нэрийн өмнөөс гэрээ хэлэлцээр хийдэг. 

Ажилгүйдлийн түвшин 3.7 хувьтай гарна гэж таамаглаж байсан бол 3.8 хувьтай байв. Харин цалингийн тухайд тэгтлээ өндөр өсөлт үзүүлсэнгүй. Тодруулбал, цагийн дундаж цалин 0.2 хувиар, сарын дундаж цалин 4.2 хувиар өсчээ.

Тэгвэл АНУ-ын эдийн засаг энэ байдлаар тогтвортой байгаа нь зарим хөрөнгө оруулагчдад таалагдахгүй байна. Тодруулбал, тогтвортой эдийн засаг нь Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ өндөр байлгах, инфляцийг улам хөөргөдөхөд хүргэж болзошгүй гэж үзэж байна.

Шинэ ажлын байрыг салбараар нь авч үзвэл асаргааны 96 мянган шинэ ажлын байр, засгийн газрын 73 мянга, эрүүл мэндийн 41 мянга, шинжлэх ухаан, технологи гэх мэт илүү мэргэжлийн чиглэлийн 29 мянган ажлын байр шинээр нэмэгджээ. Үйлчилгээтэй холбоотой салбарууд ажлын байрны өсөлтөд голлох хувь нэмрийг оруулсан байна. Тодруулбал, 334 мянган шинэ ажлын байрны 234 мянга нь үйлчилгээний ажлын байр байна. Харин бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажлын байр ердөө 29 мянгаар нэмэгджээ. Мөн 334 мянган шинэ ажлын байрны 263 мянга нь хувийн хэвшлийнхэн аж.

Үндсэндээ есдүгээр сарын тайланг зах зээл, эдийн засгийн нэн эгзэгтэй үед таарлаа гэж үзэж байна. Холбооны нөөцийн сан хатуу бодлого баримталж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас хувьцааны ханш унасан. Төв банк өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш бодлогын хүүгээ 5.25 нэгж хувиар өсгөж, инфляцийг барих оролдлого хийсэн. Бодлого боловсруулагчид сүүлийн үед инфляцид санаа зовж буйгаа мэдэгдсээр байна. Он дуусахаас өмнө хүүгийн хэмжээг дахин өсгөх нь нээлттэй боловч ханш хэсэг хугацаанд өндөр байх нь гарцаагүй болов .

2021-2022 оны АНУ-ын инфляцийн өсөлтөд цалин нөлөөлсөн гэж зарим шинжээч үздэг. Холбооны нөөцийн сангийн албаны хүмүүс үүнийг шууд үгүйсгэдэггүй ч сүүлийн үед нэгээхэн чухал хүчин зүйл болж байгааг хэлсэн юм.

Эх сурвалж: YAHOO FINANCE, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж