“Нүүрсний” хэргийн яллагдагч нар шүүхийн танхимыг жүжгийн тайз болгох уу?

“Нүүрсний” хэргийн яллагдагч нар шүүхийн танхимыг жүжгийн тайз болгох уу?

“Нүүрсний” хэргийн яллагдагч нар шүүхийн танхимыг жүжгийн тайз болгох уу?

Монголд өрнөж буй дуулиан шуугиант үйл явдлууд дараа, дараачийнхаа сенсацад дарагдаж, зарим нь мартагддаг хэвшил тогтох нь. “Хөгжлийн банк”-ны, “Нүүрсний” гэх зэрэг дуулиан хөвөрч байгаад араас нь С.Батдөлийн үндэслэлгүй хөрөнгөжиж олон тэрбумыг гэртээ хадгалсан, Боловсролын зээлийн сангийн, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат автомашинаараа иргэдийг хөөж дайрахыг завдсан гэх мэтчилэн дуулиан өнгөрсөн өвөл, хавар, зун өрнөсөн ч өдгөө “Допинг”-ийн, “Ногоон автобус”-ны гэх сенсацад дарагдахад ойрхон болов. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, нууцад хамааруулсан нэрээр “Нүүрсний”, “Ногоон автобус”-ны гэх хэргийг ард түмний хараанаас хэрхэвч холуур өнгөрөөж болохгүй. Тиймээс “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгаж, өдгөө шүүхэд шилжсэн ч хэлэлцэн шийдвэрлээгүй байгаа нэгэн хэргийн эргэн тойронд өрнөж буй үйл явцыг уншигчдадаа хүргэе.

УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, түүний дүү Т.Түвшинбаатар, шадар туслах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдож байсан И.Даваадорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг, тус компанийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, “Лаки лайф” ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр, “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг, “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд, Говийн IX ноён хутагт Данзанлувсантүдэв буюу иргэн О.Угтахбаяр гэсэн 11 хүний гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дэнслэхээр болоод буй.

Өнгөрсөн сарын 20-нд товлосон хурлыг өмгөөлөгч нараас шалтгаалж бүтэн сар гаруйн хугацаагаар хойшлуулж, аравдугаар сарын 30-нд хийхээр товлосон билээ.

Дээрх шүүхэд есдүгээр сард болсон урьдчилсан хэлэлцүүлгийн болон гэм бурууг дэнслэх хурлын үеэр хэд хэдэн гэрчийг оролцуулах шаардлагатай хэмээн нэрсийн жагсаалт гарган өмгөөлөгч нар хэлж байсан бичлэг зарим цахим хуудсанд хадгалагдаж буй. Тэдгээр гэрчийн зарим нь шүүхэд үнэн, зөв мэдүүлэг өгөх нь эргэлзээтэй, яллагдагч нартай ойрын харилцаатай хүмүүс ч байх юм. Тиймдээ ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хуучин удирдлага шүүх танхимыг жүжгийн тайз болгож, өөрсдийгөө энхийн цагаан тагтаа байсан дүр үзүүлэн ард түмнийг хуурах гэж байна гэсэн хардлага олон хүний дунд бий болов. Түүгээр ч зогсохгүй тус компанид ажиллагсдын дунд “Б.Ганхуягийг шүүх цагаатгаж, түүний багт ажиллаж байсан хүмүүс буцаж ажилдаа орж ирэн удирдлагыг гартаа авна” гэх яриа ч гарах болж. Шүүхийн үйл ажиллагааг зориуд удаашруулж, сонгууль хүргээд уснаас хуурай гарах оролдлого хийж байна гэж үзэх хүн ч цөөнгүй бий.

Б.ГАНХУЯГ ШҮҮХЭД ОЧИЖ ХАВТАСТ ХЭРЭГТЭЙГЭЭ ТАНИЛЦАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд есдүгээр сарын 20-нд болсон хурлын үеэр Б.Ганхуягийг эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгч нар нь тавьж байсан. Харин тэрбээр өөрөө “Хавтаст хэрэгтэй танилцаж чадаагүй, тиймээс бүрэн гүйцэд танилцах боломжоор хангаж өгөөч” гэсэн билээ. Шүүх бүрэлдэхүүн Б.Ганхуягийг батлан даалтад гаргахаас татгалзаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлж буй. Гэхдээ хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангаж шийдвэрлэсэн. Түүнийх нь дагуу сүүлийн хоёр өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас дуудан авчруулж хэргийг нь уншуулж байгаа юм билээ. Уг нь аливаа хэргийн яллагдагчийг хэргийг шүүх, прокурорт шилжүүлэхээс өмнө танилцуулж гарын үсэг зуруулдаг. Б.Ганхуягийн хувьд ч хавтаст хэрэгтэйгээ танилцсан атлаа дахин унших боломжоор хангах хүсэлт гаргасан нь хачирхал төрүүлж байгаа юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн байранд цагдан хоригдож буй яллагдагчийг хавтаст хэрэгтэй нь танилцуулах тусгайлсан өрөө байдаггүй. Шүүх хурлын танхим ч жижиг, нарийн бичиг, шүүгчийн туслахуудад ч өрөө хүрэлцдэггүй байртай. Ийм нөхцөлд эрүүгийн хэргийн яллагдагчийг хавтаст хэрэгтэй танилцуулахын тулд шүүхийн түр саатуулах өрөөнд цагдаа, телекамерын хяналт дор авчирч суулгаж буй аж. Магадгүй ингэж харуул хамгаалалт сайтай, хяналттай өрөөнд суулгахгүй бол ойрын хүмүүстэйгээ уулзан хэргийн ул мөрийг баллах, шүүхэд худал мэдүүлэг өгүүлэх зэргээр шүүн таслан ажиллагаанд саад учруулж ч болзошгүй юм.

М БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ ЮУНЫ УЧИР ГЭРЧЭЭР ДУУДАВ

“М Си Эс холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалттай М банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд гүйцэтгэх захирал Л.Соронзонболдыг Т.Аюурсайханы өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гэрчээр дуудах хүсэлтийн дагуу шүүх хуралд оролцуулахаар болоод буй. МАН-ын дэргэдэх “Шинэчлэлийн хороо”-ны гишүүн түүнийг Т.Аюурсайханд багагүй хэмжээний мөнгө өгсөнтэй нь холбоотойгоор дуудсан бололтой. Харин ямар учраас хэдий хэмжээний мөнгө өгсөн гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад ил болох биз. Ер нь гэрчээр дуудагдсан хүмүүсийн дунд Т.Аюурсайханы толгойлдог “МАН-ын шинэчлэлийн хороонд харьяалалтай нэг бус хүн бий. Тухайлбал, “Нүүрсний” гэх өөр нэг хэрэгт шалгуулж буй Х.Нурлат гэрчээр дуудагдсан. Дээрх хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан түүнийг шүүгдэгч, мөнөөх “Шинэчлэлийн хороо”-ны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалын өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхэд ирүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, МАН-ын дэргэдэх “Шинэчлэлийн хороо”-гоор ашиг сонирхол нэгддэг хүмүүсийг гэрчээр дуудаад байна.

Түүнчлэн Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилох үед өндөр албан тушаал хашиж байсан гурван ч хүнийг Т.Аюурсайханы өмгөөлөгч гэрчээр ирүүлэх хүсэлт гаргаж. ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд 2016-2018 онд эл компанийн ТУЗ-ийн даргаар ажилласан У.Бямбасүрэн, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Ганхүү, Ц.Түмэнцогт нар гэрч болох нь.

Т.Аюурсайханы өмгөөлөгчийн дуудсан гэрчүүдийн дунд туслах, жолооч нь байсан Г.Саранхүү, Э.Энхбаатар нар багтсан бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэлд нь тайлбар өгөх хүмүүс гэнэ. Тэднээс гадна УИХ-ын гишүүн нэг гишүүнээс Т.Аюурсайханд их хэмжээний мөнгө өгсөн талаар нь гэрчийн мэдүүлэг сонсохоор дууджээ.

НУУЦАД ХАМААРУУЛЖ 20 ТЭРБУМЫГ НЭГ КОМПАНИ РУУ ШИЛЖҮҮЛЭХ ОРОЛДЛОГЫГ ХЭН ХИЙСЭН БЭ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж байсан нэг бус хүнийг Б.Отгонжаргалын өмгөөлөгч гэрчээр дуудсан. Тухайлбал, “Лаки лайф” ХХК-д давуу байдал олгож, тендерт шалгаруулсан үнэлгээний хорооны гишүүдийн нэрс тэдний дунд бий. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Б.Баярцэцэг, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайхан, Б.Ууганжаргал нар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгнө. 8.9 тэрбум төгрөгөөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайн ажилчдын хотхон барих тендерийн үнэлгээний хороонд энд нэр дурдсан хүмүүс ажилласан бөгөөд Б.Отгонжаргал нь “Лаки лайф” компанид давуу байдал бий болгож, тендер шалгаруулалтын нөхцөлд өөрчлөлт оруулсан хэмээн буруутгагдаж байгаа. “Лаки лайф”-ын захирал Г.Гантөмөр үүний дараа Т.Аюурсайханы туслах И.Даваадоржид хахууль өгсөн гэх хэрэгт холбогдоод буй юм. Мэдээж тендерийн үнэлгээний хорооны ганц гишүүн “Лаки лайф”-т зориулж нөхцөл, шаардлагыг өөрчилнө гэж байхгүй. Тиймээс эл үнэлгээний хорооны гишүүн болох дээр дурдсан хүмүүсийн оролцоо бий биз. Гэрчээр дуудагдсан Д.Уужимсанаа, Х.Батсайхан, Б.Ууганжаргал нар Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай ойр дотно харилцаатай, тэдний үгнээс гардаггүй хүмүүс гэгддэг. Х.Батсайханы хувьд Б.Ганхуягаас Монголын оюутны холбооны тамгыг хүлээн авч залгамжлан сууж байсан нэгэн.

“Нүүрсний” гэх хэрэг өнгөрсөн оны аравдугаар сараас олны анхааралд орж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тухайн сарын 26-нд Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилж байсан билээ. Гэтэл үүний өмнөх өдөр нэгэн компанитай шууд гэрээ байгуулж, 20.9 тэрбум төгрөг шилжүүлэхээр дээр нэр дурдсан албан тушаалтнуудын нэг хэсэг нь гарын үсэг зурж баталгаажуулсан төдийгүй түүнийгээ нууцад хамааруулчихсан байсан гэдэг.

Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат 2022 оны арваннэгдүгээр сарын 2-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Нэг компанитай шууд гэрээ байгуулсан байсан. Улмаар урьдчилгаа 20 тэрбумын гүйлгээ хийхээр оруулж ирсэн. Барьцаагүй, баталгаагүй, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг эрсдэлд оруулах гүйлгээ байсан учраас дөрвөн газрын дарга, ерөнхий нягтлан бодогчийг шалгуулахаар АТГ-д өгсөн. Төрийн өмч эрсдэлд орох ёсгүй” хэмээж байсан билээ. Тухайн компани нь “Элгэн” хэмээх гадаад худалдаа, аялал жуулчлал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, гэрээгээр өрөмдлөг хийх зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байсан гэдэг.

Г.РАВЖАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ПАРТИЗАН 2023-10-09 139.5.217.139

ХУЛГАЙЧ КОММУНИСТУУДЫГ ШОРОНГИЙН МУХАРТ ХАЯД ҮҮРД МАРТ

Avatar

Нэргүй 2023-10-09 202.9.46.206

МАН өнгөрсөн амьдрал болсон

Avatar

Зочин 2023-10-09 66.181.181.92

Нүүрсний, ХБ-ны луйвар зэрэг муу муухай бүхнийг санаачлан хөгжүүлэгч АН-ынхан яагаад бөгчихваа. Баттулга. Адьяасүрэн….гэж цолыг нь дуудаад байсан нам жим болвоо көөркий. Өөр маш олон АНчид байх ёстойсон

Avatar

Нэргүй 2023-10-09 103.10.21.9

Эх Оронч бус ийм чөтгөр шүгэлсэн шуналт хүмүүс улс эх орныг самарч байгаа нь харамсалтай юм.

Avatar

Нэргүй 2023-10-09 202.9.46.133

МАН , хулгайч, Аюурсайханаараа туг тахиж жинхэнэ хулгайчидаа хамгаалаад үлдлээдээ.

Avatar

Ирлл 2023-10-09 59.153.112.218

МАН-д итгэх аргагүй болсон хуучны МАН-ын үнэрч байхгүй тэр чигээрээ хулгайч хүчиндэгч а******н муу бүхэн шүгэлсэн нам болсон

Avatar

Ахрр 2023-10-09 59.153.112.218

Оюутны холбооны хэд оюутан байх үеэс луйвар хулгайд мэргэшсэн жинхэнэ лал арууд даа оюутны виза картаар луйвар эхэлж билээ

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.160.102

МАН бузар булайгийн үүр уурхай болжээ!!!!… Ирэх сонгуулиар АН д саналаа өгч МАНгаруудыг бүр мөсөн шорондд нь явуулнаа

Avatar

Нэргүй 2023-10-09 103.57.95.50

гайгүй газар хи ч гээч дээ хурлаа муухай ноорсон газар хиых юиаа захиргааны шүүх дээр хийгээч дээр

Avatar

Нэргүй 2023-10-09 202.21.121.42

Яана аа. Манай хутагтыг хутаагтын амьдралаар нь амьдруулаач ээ. Яагаад ахуй амьдралтай зууралдуулаад байгаа юм бэ? Энэ байдлаараа дараагийн гэгээн дүр нь гэгээн байхаа болих нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж