УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор маргааш /2023.10.10/ Covid-19 цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсохоор болжээ.
Тус байнгын хороо нь аравдугаар сарын 23, 24-нд дээрх сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах юм. Иймээс эхэлж, ажлын хэсгийн мэдээллийг сонсох юм байна.
Дэлхий дахинд Covid-19 цар тахал 2019 оны өвлөөс эхлэн дэгдэж, 2021 оныг дуустал үргэлжилсэн гэж хэлж болно.
Монгол Улсын хувьд дээрх цар тахалтай тэмцэхэд нийт 6 их наяд орчим төгрөг зарцуулсан гэж үздэг. Энэ үеэр өндөр дүнтэй “шахаа”-нууд ихээр хийгдсэн гэдэг хардлага ч дагадаг. Иймээс сонсгол нь Covid-19 цар тахлаар эрх баригчид хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан, зарцуулалт шударга байж чадсан уу, цавчаа орсон уу гээд эргэлзээтэй олон асуудалд хариулт өгөх юм.
Ерөнхий хяналтын сонсголыг 2023 оны аравдугаар сарын 23, 24-ний өдрийн 10:00 цагт Төрийн ордны “Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцохыг урьж байна. Оролцохыг хүсэгчдийг энэ сарын 9-11-ны хооронд бүртгэх аж.
Тэрчлэн нүүрсний сонсголыг ирэх арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөж байгаагаа Х.Нямбаатар өмнө нь мэдээлж байсан билээ. УИХ-ын даргын зүгээс нүүрсний сонсголыг яаралтай зохион байгуулахыг өнгөрсөн хавар үүрэгдсэн байдаг. Харин нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдаж, 461 дүгээр ангид есөн сарын турш хоригдож байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н экс захирал Б.Ганхуягийн ар гэрийн зүгээс нүүрсний сонсголыг нээлттэй зохион байгуулахыг шаардсан гэх мэдээлэл цацагдсан. Үүний өмнө УИХ-аас Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан агаад сонсголыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахлан зохион байгуулсан билээ. Энэ удаад ч нүүрсний сонсголын явуулах даалгавартайгаар Б.Энхбаярыг Х.Нямбаатарын суудалд очсон гэх мэдээлэл ч байгаа юм.
Г.ХОРОЛ