Барс зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй зургаан жил болж байгаа талаар хохирогчийн ээж, өмгөөлөгч нар өнөөдөр /2023.10.09/ мэдээлэл хийлээ.
Хохирогчийн ээж Х.ЭНХТУЯА:
-Хүү минь 2017 оны гуравдугаар сард Барс зах дээр бусдын гарт хорлогдож амиа алдсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хэргийг шийдвэрлэж өгсөнгүй. Шүүх, прокурор, цагдаа нар авлига авч, мөнгөний асуудал үүссэн учраас өнөөг хүртэл шийдэгдсэнгүй. Ар гэрийнхнийх нь зүгээс маш их гомдолтой байна.
27-хон настай байхдаа хүү маань өөд болсон. Хэт их авлигажсан улс төр, хууль цагдаагийн байгууллага над шиг олон эхийн нулимсыг гаргадаг байх.
Бидний хувьд хүүг минь хөнөөсөн хэрэгтэнд тохирох ялыг өгч, хууль хяналтын байгууллага арга хэмжээ авч өгөхийг хүсч байна.
ХЭРГИЙН НОТЛОХ БАРИМТ ХАНГАЛТГҮЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ЦАГААТГАЖ, ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН
Хохирогчийн талын өмгөөлөгч А.ЭНХБУУРЬ:
-2017 оны гуравдугаар сарын 14-нд Барс зах дээр хохирогчийн ганц хүү бусдад зодуулж нас барсан. Хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан мөрдөгч авлига авч, улмаар прокурор хэрэгсэхгүй болгож, шүүхээс цагаатгасан байдаг. Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Г.Батсайхан гэгч нь хэргийг анх шалгаж байсан. Гэвч өргөсөн тангаргаа зөрчин хэргийг будилаантуулах эх үүсвэр болсон. Үүнээс үүдэн хяналтын прокурор тухайн хүн амины хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Улсын ерөнхий прокурорт хүртэл гомдол гаргаад энэ хэргийг дахин шалгаж, мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч хэргийн нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр цагаатгаж, хэрэгсэхгүй болгосон. Улмаар давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд Шүүхээс хэргийг мөн цагаатгасан.
Ингэж цагаатгах явцад буюу 2018 оны сүүлээр ахлах мөрдөн байцаагч Г.Батсайхан гэгч нь авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан нь илэрч, шалгагдаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагчийн авлига, албан тушаалын тусдаа хэрэг шалгагдаад 2021 онд шийдэгдэж, дөрвөн жилийн хорих ял авсан. Гэвч энэ хэргийг дахин давж заалдаж, хөөн хэлэлцэх хугацаа хожих маягаар мөрдөн байцаалтад буцаасны дараа буюу ноднин дахин Баянгол дүүргийн шүүхээр шийтгэгдэж, торгуулийн ялаар ял нь өөрчлөгдсөн байдаг.