МАН-ын бүлгийн ээлжит хурлын талаар өнөөдөр /2023.10.09/ мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-МАН-ын бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Франц-Монгол Улсын хооронд ураны салбарт хамтран ажиллахтай холбоотой асуудлыг дэмжих тухай асуудал байсан. Маргааш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар гарын үсэг зурах ёслол болно. Тийм учраас МАН-ын бүлэг хамтран ажиллахыг дэмжсэн. Хоёрт, 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж, хуулийн дагуу УИХ-аар дөрвөн хэлэлцүүлгээр шийднэ. Манай бүлэг төсвийн төслийг хэлэлцэж, батлах ёстой гэж санал нэгдсэн.
Надаар ахлуулсан таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч байна.
Төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаж, батлах үүрэгтэй. Та бүхэн Б.Жавхлан сайдаас мэдээлэл аваарай. Гуравт, хүүхэд, гэр бүлийг хамгаалах, түүний эрх зүйн орчинг сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Баасан гаригт ХНХ-ын Х.Булгантуяа сайдын мэдээлэл сонссон. Олон нийтээс олон санал ирж, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 4-5 хуулийн төслийг санаачилсан байна. Энэ хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжиж байгаа. Онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байна.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Өнгөрсөн Баасан гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайдыг дуудаж, шуурхай үүрэг даалгавар өгсөн. Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгаж, багц хууль тогтоомжийн төслийг яаралтай боловсруулж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих үүргийг өгсөн. Холбогдох хуулийн төслийг урьдчилсан байдлаар УИХ дахь МАН болон АН-ын бүлэгт танилцууллаа.
Энэ багц хуулийн хүрээнд дөрвөн асуудлыг ярилаа. Нэгд, ялын бодлого чангалахтай холбоотой Эрүүгийн хуулийг өөрчлөлтийн төсөл, хоёрт, Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, гуравт, Гэр бүлийн шүүх байгуулах тухай хуулийг өргөн барих, дөрөвт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилнө. Бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох. Хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахгүй. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох.
Нэг зарчмын шинжтэй өөрчлөлтийг хийх саналыг оруулах гэж байна. Монголын эрх зүйн тогтолцоонд 1984 оны Эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй байсан бага насны хүүхэд гэдэг насны ангиллыг 14 байсныг 16 болгож өөрчлөх саналыг оруулж байна. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байна.
Тухайлбал, 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн ял байсныг 12-25 жил болж бүх насаар хорих ялтай болно. Мөн 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг одоогийн хуулиар 5-12 жил байгааг 12-25 жил болон бүх насаар хорих ял болгоно. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэрэгт 1-5 жил хорих ял байсныг 2-8 жил болгож, тэнсэн харгалзахгүй. Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 2-8 жил хорих байгааг 12-20 жил болон бүх насаар нь хорих ялтай болж чангарна. Хүчиндэх гэмт хэргийн тухайд ялгамжтай заалт оруулна. Хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулж, 2-8 жилийн ял оноож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй. Мөн 16 нас хүрээгүй хүүхдийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 нас хүрээгүй хүнийг хүчиндвэл 8-15 жил байгааг 12-25 жил болон бүх насаар нь хорих болно. Мөрдөн шалгах үйл ажиллагааны нууцыг задруулсан ялын бодлогыг чангаруулна. Ингэхдээ одоо байгаа хуулиар иргэн хүн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал хүлээн хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч, гүйцэтгэгч ажилтан, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны бүрэн эрхийн хүрээнд танилцан хадгалж байх үүрэгтэй этгээд задруулбал ялын бодлогыг чангатгана. Торгох ялыг авч, 6 сараар гурван жилийн хорих ялтай байгааг 1-5 жил хорих ял болгож нэмнэ. Тухайн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан төрийн албан хаагчийг нийтийн ажил хийх эрхийг насаар нь хасна. Зургаа дахь багц өөрчлөлтийн хүрээнд согтуу жолоочтой холбоотой асуудлыг Зөрчлийн хуульд зааснаар хоёр зүйл ангиар зөрчил байгаа.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа аливаа үйлийг гэмт хэрэгт тооцно. Цаашид зөрчил биш болно. Ямар хэмжээний согтууруулах ундаа хэрэглэснээс үл хамаарч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцно.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл хүнд хохирол учруулж, амь нас хохирсон гэмт хэрэг дээр нэмээд хөнгөн гэмтэл учруулсан хоёр үйлдэл зөрчил биш гэмт хэрэг болно. Монголд 30-33 мянган хүн согтуугаар тээврийн хэрэгсэл барьж байгаад зөрчлөөр торгуулсан дүн мэдээ байна. Монголд дунджаар нэг жилд 26 мянга орчим гэмт хэрэг бүртгэгддэг. Энэ тоо шууд хоёр дахин нэмэгдэнэ. Яагаад гэхээр зөрчилүүд бүгд гэмт хэрэг болно. Жилдээ 60 орчим гэмт хэрэг гардаг улс болох нь байна. Гэр бүлийн шүүхийг Улаанбаатарт байгуулна. Иргэний хэргийн шүүхээр одоо 80 гаруй мянган хэргийг шүүж байна. Эдгээр хэргийн 10 орчим хувь нь гэр бүлийн хэрэг байна. Энэ нь таван төрлийн маргаан дээр төвлөрч байна. Гэр бүлийн тухай хуулийг өргөн барина. Ялын бодлого чангарснаар гэмт хэрэг буурахгүй ээ. Гэмт хэргийн гаралт зөвхөн хуультай холбоотой байдаггүй. Гэр бүл салалтын улмаас хүүхдийг асран хамгаалах тухай хуулийн заалтыг нэмж, хариуцлагыг нэмэгдүүлнэ. Тухайн этгээдийн орлогын хэмжээнээс хамаарч, хүүхдийн тэтгэмжийг төлдөг, төлөхгүй бол хариуцлагыг чангатгана. Ийм дөрвөн багц асуудлыг танилцууллаа.
"ИРЭХ ЖИЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ ДНБ-ИЙ 2.8 ХУВЬ БОЛЖ БУУРНА"
Сангийн сайд Б.Жавхлан:
-Өнөөдөр 2024 оны төсвийг намынхаа бүлэгт танилцууллаа. Одоо Ардчилсан намын бүлэгт танилцуулна. Сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Бид сая ирэх жилийн төсвөө бэлтгэх явцдаа хүндрэл учруулж байсан урсгал зардал, хөрөнгө оруулалт гээд олон зүйлд төсвийн шинэчлэлийг шат дараатай хийж яваа. Өнгөрсөн хаврын чуулганы сүүлийн өдрүүдэд долдугаар сарын 7-нд хэд хэдэн төсвийн хууль, дагасан хуулиудад өөрчлөлт оруулж чадсан. Тухайлбал, зураг төсөвгүй хөрөнгө оруулалт, шинэ төслүүдийг эхлүүлээд орхичихдог асуудлыг бүрэн таслан зогсоосон. Аудит төсөв дээр ид хийгдэж байна.
Ирэх жилийн хөрөнгө оруулалтууд нарийн зохицуулалттай, тусгаж чадсан. Бид 21 хоногийн дотор 16 аймгаар явж, иргэдийн саналыг авч, зураг төсөл нь бэлэн болсон бүтээн байгуулалтыг төсөвт орууллаа. Шинэ хөрөнгө оруулалтууд багтаж байгаа. Ирэх жилийн шинэ төсөв хоёр, гурав хуваагдаад байгаа.
Жишээлбэл, Эрүүл мэндийн салбарт маш олон жил ярьсан, намын мөрийн хөтөлбөрт орсон Эс, эд, эрхтэн шилжүүлэх эмнэлгийг барууны стандартаар хоёр жил ТЭЗҮ-г бэлдэж, 140 тэрбум төгрөгийн өртөгтэй. Нийт 40 тэрбум төгрөгөөр эхлүүлж, гурван жилийн дараа төсөл амжилттай хэрэгжиж, үндэсний эмнэлэгтэй болно. Шинэлэг төсвийн шинэчлэлийг хийсэн. Мөн алдагдлын хувьд төсвийн тусгай шаардлагыг ханган ажиллаж байгаа. Бид 2020, 2021 онд 12.5 хувийн төсвийн алдагдал буюу 4.4 их наядын алдагдалтай байсан. Ирэх жилийн төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувь болж буурна. ДНБ өөрөө 60-74 рүү эдийн засаг тэлж байна. Гэхдээ тусгай шаардлагууд болох уур уурхайн бус эдийн засгийн өсөлт, сүүлийн 12 жилийн зардлын дундаж өсөлт, сүүлийн жилийн өсөлт гээд аль багаар нь буюу 22.5 хувь байгаа. Эрсдэлийн түвшинд бүрэн хангасан төсөв болж байгаа. Бид 2022 оны гүйцэтгэл дээр экспорт, импорт хоёулаа хоёр оронтой тоо руу орж, 12 тэрбум ам.долларын экспорт, 10 тэрбум ам.долларын импорттой байсан. Энэ онд 13 тэрбум ам.долларын экспорт хийх бол 2024 онд 15 тэрбум ам.долларт хүрч, нүүрс 60 сая тонноор төлөвлөсөн. Тэгвэл бид энэ жил 36 сая тонн нүүрс гаргая гэсэн бол долдугаар сарын 1-нд энэ хэмжээндээ хүрчихсэн. Одоо 50 сая тонн байсан бол 51 сая тонн болчихоод байна.
Холбоотой мэдээ