Амиа бод, амьдралаа бод…

Хуучирсан мэдээ: 2023.10.09-нд нийтлэгдсэн

Амиа бод, амьдралаа бод…

Амиа бод, амьдралаа бод…

Нэгэн цэцэрлэгийн багш нар баяраа тэмдэглэн суугаа бичлэг шуугиан тарив. Цалингаа нэмэхийг шаардаж, шаардлагатай бол ажил хаялт хийхээ зарлаад байсан багш нарыг байлагсад цамнаж байна. Асуудлыг асуудлаар дардаг технологийн золиос болсон багш нарын цалин лөөлөө болов. Жаахан өөрөөр бодвол багш ч хүн. Хүн л юм хойно баяраа тэмдэглэж таараа. Тэмдэглэхээ цэцэрлэгийн багачуудынхаа ширээ, сандалыг ашигласан. Үүнийхээ төлөө хараалгуулж байна. Тэд хүүхдийн хоолноос хумслаагүй нь ойлгомжтой. Цэцэрлэгийнх нь байр нурж унах шахсан нь ч тэднээс хамааралгүй болов уу?

Өөр нэгэн жишээ. Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн төлбөрт “Грандхаан айриш паб”-д 6 сая гаран төгрөг зарцуулсныг бас л амралтын өдрөөр шуугив. Хотын захиргааны Хангарьд орноос эхлээд дүүргүүдийн тамгын газрын дүнхийсэн том том барилгууд байсаар атал түгжрэлээр далимдуулан төсвийн мөнгөөс айриш папад зарцуулсан шалтгааныг төрийг шимэгчид гэхээс өөр тайлбар олдохгүй л болов уу? Үүнтэй харьцуулбал багш нар хийсэн үйлдэл бараг ариун явдал. Хэдийгээр хичээлийн танхимдаа тийм зүйл хийсэн ч гэлээ төсөл хэрэгжүүлэгчид шиг зориулалтын газарт ороод төсвийн мөнгөнөөр тансаглаагүй.

Иймэрхүү байдлаар асуудалд хандаж ирсэний гайгаар боловсролын салбар, ер нь бүхий л салбарт дампуурал нүүрэлчихлээ. Хүүхдийн аюулгүй байдлыг тойрсон маргаан энэ өдрүүдэд л эрчээ авлаа. Бидний хүүхэд сурч, боловсрохдоо хүртэл аюултай, эрсдэлд орсоор байна.

Өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн ялыг чангатгах тухай УИХ дахь бүлгийн хэмжээнд ярьж байгаа ч үнэндээ энэ нь асуудлыг шийдэх нь юу л бол. Байнгын тордож, тойглож, салхи оруулж, шинэчилж, онцгойлон анхаарах ёстой салбар боловч боловсролын салбарыг орхигдуулсаар ирсний гор одоо гарч байна.

Боловсролыг мөнгө олох бизнес болгоод удсаны, түүнд ямар ч хяналт, шалгуур байгаагүйн нотолгоог сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны дипломд хийсэн шалгалт бэлхэнээ харуулсан. Боловсролын байгууллагын “59 мянган дипломыг шалгахад 724 диплом зөрчилтэй болох нь тогтоогдсон бол 2000 нь сэжигтэй байна” гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэж л байсан. Үүнтэй зэрэгцээд 200 мянган төрийн албан хаагчийн асуудал боссон бөгөөд Төрийн албаны зөвлөл холбогдох байгууллагатай хамтран асуудлыг мухарлахыг сайд анхааруулсан ч одоо хэр нь таг чиг.

Хуурамч димломны балгаар ажлаа мэдэхгүй, онол практик ч байхгүй нөхдүүд албан тушаалд томилогдон иргэдийн амьдралыг самарч, түүнээс үүдэн нийгэмд ямар их хор хохирол чимээгүй учруулж буйг тооцох боломжгүй.

Гэтэл Монголд Ерөнхий сайдын намтартаа дурдсан МУИС-ийг ижилхэн онд, ижил мэргэжлээр төгссөн гэдгийг ангийнхан нь үгүйсгэсэн бөгөөд “Тийм хүүхэд байгаагүй” тухай жиргэсэн нь олныг мэл гайхашруулж, цэл хөхрүүлсэн. Гэвч бид хэсэг шуугиад мартсан, мартагнуулсан ч юм уу?!

Сургууль, цэцэрлэгийн захирлаас эхлээд үйлчлэгчийг хүртэл улстөржсөн томилгоо хийж, асуудлын учир шалтгааныг олох бус танил тал, найзан дундаа шийдэж ирсний балаг байнга гардаг ч бид дараагийн сенсаациар дахиад мартдаг. Түүний тод илрэл нь Орос III сургуулийн жишээ болж л байсан. Бас л мартсан. Төрийн албан хаагчийн хэд нь хуурамч дипломтой байгааг төсөөлөхөд бэрх. Хамгийн аюултай нь хэд нь эзэмшээгүй мэргэжлээ эзэмшсэн, мэдээгүй мэдлэгээ мэдсэн гэж төрийн албыг сүйдлэж байгааг бодохуйяа бэрх.

Дээр нь Боловсролын зээлийн сан гэгчээр өөрсдийнхөө хүүхдийн төлбөрийг хэрхэн төсвөөс төлүүлж байсан хөгийн баримтууд байж л байна. Энэ тоолонд эрх баригчид биднийг яаж хуурдаг вэ гэхээр сайдаас нь огцруулсан болоод байнгын хорооны дарга, гишүүнээсээ буувал маш их хэмжээний мөнгө эргэлддэг үйлдвэрийн дарга болох жишээтэй. Наанаа хариуцлага тооцоод байгаа мэт боловч цаанаа шагнаад байдаг.

Төрийн оролцоо аль ч салбарт их байх тусам шийдэгдэхгүй төдийгүй улам л хүнд байдалд ордог жишээг энэ салбар харуулаад байх шиг. Л.Энх-Амгалан сайдын хэлээд байгаа үнэн. Багш нарын цалинг 1000 ам.доллар болгох боломж ч байхгүй. Учир нь, Монголын татвар төлөгчид өнөөдөр тэгтлээ баяжаагүй төдийгүй тэдний ачаа хөнгөдөөгүй. Хэрэв багш нарын цалинг нэмэх бол татварын мөнгөнөөс л гаргах бөгөөд 3 саяд хүргэнэ гээд татвараа дахиад нэмбэл Монгол Улс дампуурна. Асуудал үүнд л байна.

Тиймээс багш нар өөрсдийн асуудлаа шийдвэрлэе гэвэл бусдыг бодолгүй амиа бодоод хувийн салбарт шилжих эсвэл мэргэжлээ солих хэрэгтэй. Тийм бага мөнгөөр бусдын хүүхдийн төлөө хариуцлага хүлээх үүрэг хүлээх ямар ч шалтгаан байхгүй. Хэдий болтол өөрийгөө, амьдралаа золиосолж төрийг царайчлах билээ.

“Асуудлыг шийдэж өг” гэх тусам асуудал томорсоор, түүгээр далимдуулан төрөөс баяжигсад гарч ирэх төдийгүй боломжийг хулгайлсаар л байх болно. Тиймээс амиа бод. Амьдралаа бод, багш нар аа. Дургүй ламыг дарж байж сахил хүртээв гэгчээр боловсролын салбарт заавал ажиллах ял танд байхгүй.

Боловсролыг нэгэнт үнэгүйдүүлчихсэн, түүнээс илүү нам бараадвал томилогдохгүй, сонгогдохгүй албан тушаал байхгүй болсон болохоор өөд татах боловсролтой хүн ч төрд ховор. Тиймээс амиа бод.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж