Ногоон автобусны дуулиан ба "ногоорсон" томилгоо

Хуучирсан мэдээ: 2023.10.09-нд нийтлэгдсэн

Ногоон автобусны дуулиан ба "ногоорсон" томилгоо

Ногоон автобусны дуулиан ба "ногоорсон" томилгоо

Ногоон автобусны авлига, хулгай бол “хүрээний бузар”-ын нэгээхэн хэсэг. Хүрээний бузрыг ухвал далай цаашаа болохыг эндээс  харахад нэн ойлгомжтой байна. Энэ дуулианаас болж Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа, Ж.Сүхбаатар Хотын асуудал эрхэлсэн сайдын сэнтийнээсээ буусан.  Тиймээс нэг сая гаруй хүн амтай нийслэл хотыг  Х.Нямбаатарт хариуцуулахаар МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу түүний давхар дээлийг тайлсан билээ.  Х.Нямбаатарын тайлсан давхар дээлийг Б.Энхбаярт “нөмөргөсөн” агаад Ж.Сүхбаатарынхыг Б.Дэлгэрсайханд “бэлэглэсэн”.  Хэдийгээр нэг дээлээ тайлсан ч Ж.Сүхбаатар дахиад нэг дээл өмсөхөөр болсон нь Х.Нямбаатарын оронд хуулийн сайд болсон Б.Энхбаярын үлдээсэн байнгын хороог даргалах тухай.

Тэгвэл хотын экс мэр Д.Сумъяабазарын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт зөвлөхөөр болсноос харвал МАН-ын томилгоо жинхэнээсээ “ногоорчээ”. Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарыг ч өөр албан тушаал томилохоор яригдаж байгаа гэх мэдээлэл цацагдах болсон нь зорилготой сэвээ ч байж мэднэ. Монголд зохион байгуулалтгүй, зорилгогүй мэдээ, сэвээ гэж байхгүй болсон цаг.

Нэг бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй хуучин автобусыг нийтийн тээвэрт шахаж, дундаас нь авлига авсан, өгсөн байж болзошгүй асуудалд тэд нэр холбогдож, ёс зүйн хариуцлага хүлээсэн. Харин энэ хэрэгт хотын удирдлагууд холбоотой эсэхийг хууль, шүүх тогтооно. Атал дөнгөж мөрдөн, шалгах ажиллагаа эхлэж байхад хотын хуучин удирдлагуудад шинэ албан тушаал амлаад эхэлсэн нь МАН-ын авлигатай тэмцэх тэмцэл “нүглийн нүдийг гурилаар хуурахтай” яг адилхан байна.

Ж.Сүхбаатар ч, Д.Сумъяабазар ч огцрохдоо ногоон автобусны үзүүрт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг байгааг заасан. Харин Д.Амарбаясгалан хариу тайлбартаа  "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж ерөөсөө үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, холбооных нь тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан байна лээ. Миний сүүлд авсан мэдээллээр Дархан-Уул аймгаас гаралтай хүн юм шиг байсан. Дарханаас гаралтай улс төрчид дэмждэг гэсэн мэдээллийг саяхан авсан. Нарийн учрыг нь мэдэхгүй. Би автобусны тендер, зохион байгуулалтын үйл ажиллагаанд нэг ширхэг цэг тавьж ч оролцоогүй. Автобусны хэрэгт яаж ч хичээгээд намайг холбох гэсэн ямар ч сэжүүр гарч ирэхгүй ээ. Нийтийн тээврийн салбарыг би бодох нь битгий хэл санаархаж ч үзээгүй” гэх тайлбарыг хийсэн.

Эндээс дүгнэхэд хуучин автобус шахаж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутай албан тушаалтан алга. Эцэстээ нийслэлийн дунд шатны хэдэн дарга нараар туг тахиад хэргийн жинхэнэ эзэд нь ямбатайгаа үлдэх бололтой.

Зүй нь, ямбыг нь эдлэж байсны хувьд нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, Хотын асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар хоёр ялыг нь үүрэлцэхээс өөр аргагүй. Гэтэл тэд албан тушаал горилоод явж байгаа нь ард иргэдээ доромжилсон, басамжилсан үйлдэл биш гэж үү? Улс төр нь эрүүл, улстөрчид нь ёс зүйтэй улсад авлигын хэрэгт холбогдсон тэд шоронд ордоггүй юм аа гэхнээ ордонд суухгүй байлаа.

Б.ШАРХҮҮ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж