Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2023 оны аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө 01:00 цагийн үед тус сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчид тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож зөрчил гаргажээ. Тодруулбал, иргэний цахим хуудаст бичсэн мэдээллээр, тухайн хүүхдүүд Хэнтий-Улаанбаатарын замд тээврийн хэрэгсэл барьж, машинуудын урд хөндлөн гарч бусад машины жолооч руу хараал хэлж, дунд хуруугаа гаргасан байна. Нэгэн жолооч тус аймгийн цагдаагийн газар гомдол гаргаж, иргэний гомдлын дагуу цагдаагийн байгууллага хүүхдүүдийг саатуулжээ.
Цагдаа нарыг саатуулахад 13-14 насны таван хүүхэд Камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байжээ.
Хэнтий аймгийн цагдаагийн газар тус зөрчлийн хэргийг шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүү 13 настай Б нь хөгжим сонсоно гээд түлхүүрийг авч гарч хөдөлгөөнд оролцжээ.
Хүүхдүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.
Иймд эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн осол гарахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.