УИХ-аар өнгөрсөн Баасан гаригт /2023.10.06/ хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцэх үеэр хууль тогтоогчид хөлөө гэдсэндээ жийлцэв. УИХ-ын гишүүн П.Анужингийн тайлбарласнаар бол хүүхдийн асуудалд эрэгтэй гишүүд анхаарал хандуулж байсан удаагүй аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн П.Анужин “Энд нэг гажуудалтай ойлголт УИХ-ын гишүүд дунд яваад байна. Өөрийнхөө хэзээ ч анхаарал хандуулдаггүй байсан асуудлаа хэн нэгэн хэзээ ч ярьж байгаагүй мэтээр ойлгодгоо засмаар байна. УИХ -ын гишүүдийн амнаас хүртэл “анх удаа хүүхдийн асуудлыг УИХ-ын төвшинд ингэж ярьж байна гэж ярих. Юу ярьж байгаагаа ойлгож байна уу. УИХ-ын дэргэд мэргэжлийн байнгын хороодууд байдаг. Манай Байнгын хороон дээр хүүхэд хамгааллын асуудлууд, эх нярайн асуудлууд, хүүхдийн хүнс тэжээлийн асуудлууд, хүүхэд тамхинд донтсон асуудлууд, архины асуудлууд, эм тарианы асуудлууд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлууд долоо хоног бүр яригддаг. Бид энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллахад голдуу эмэгтэй гишүүд толгойлдог. Эрэгтэй гишүүд ийм асуудал яригдахаар Байнгын хороо, чуулганыхаа хуралдаа суудаггүй. Өнөөдрийн энэ чуулганы хуралдаанд оролцож байгаа шигээ. Хүүхдийн асуудлыг ярьж байхад хэчнээн эрэгтэй гишүүн сууж байна вэ, чуулганы хуралдаанд. Нийгэмд хүүхэд тойрсон нийгмийн чанартай асуудал гарахаар хэдэн эмэгтэйчүүдийг балбаад, тэр малгайн дор эрэгтэй гишүүд ард нь үлддэг. Тийм ч учраас та нар хүнийрхүү ханддаг. Хүнийрхүү ханддагийн том баталгаа бол улсын төсөв юм.
Бид үеийн үед хүүхдийн асуудал тойрч ярьж байсан. 2023 оны гуравдугаар сард Нийгмийн бодлогын байнгын хорооноос Засгийн газарт ажиллах чиглэлийн тогтоол өгсөн. Тэрхүү тогтоолын нэгдүгээрт Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг өргөн барих шаардлагатай гэсэн чиглэлийг өгсөн байсан. Одоо хэр нь хуулийн төсөл өргөн баригдаагүй байна. Байнгын хорооны төвшинд хуулийн төсөл дээр найман сар ажилласан байсан” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын ярьж байгаагаар бол УИХ-аар өнгөрсөн онд Хэмнэлтийн хуулийг батлах хүрээнд Хүүхэд хамгааллын байгууллагуудыг унах унаагүй болгожээ. Хүүхэд хамгааллын ажилтнууд эрсдэлтэй гэр бүлд байгаа хүүхдийн араас явах шаардлагатай болбол өөрсдөөсөө мөнгө гаргаж, такси барин явдаг байна. Дорноговь аймгийн Хүүхэд хөгжлийн газрынханд ч унах унаа байдаггүй. Хөдөө газар руу очих болбол бусдын унааг гуйж, бензин шатахууныг нь хийн явах шаардлагатай болдог. Иймээс Хэмнэлтийн хуульд хүүхдүүдийг багтааж, эрсдэлд оруулсны буруутан нь УИХ ч болж, шүүмжлэлийн бай болж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ