"Израилийн дайны бүсэд байгаа монгол эмэгтэйтэй холбогдсон"

Хуучирсан мэдээ: 2023.10.09-нд нийтлэгдсэн

"Израилийн дайны бүсэд байгаа монгол эмэгтэйтэй холбогдсон"

"Израилийн дайны бүсэд байгаа монгол эмэгтэйтэй холбогдсон"

НЭМЭЛТ 12:20 ЦАГ.

Гадаад харилцааны яамны консулын газрын дарга ар гэрийнхэн нь холбоо тасраад гурван цаг болсон гэх монгол эмэгтэйтэй холбогдсон бөгөөд тухайн иргэн унтаж байгаад сэрлээ. Хорогдох байранд аюулгүй байгаа гэх мэдээллийг эхний ээлжид авлаа.

Мөн монгол дахь гэр бүлийнхэнтэй нь холбогдсон гэлээ.


12:00 ЦАГ.

Палестины Хамас бүлэглэл өнгөрсөн Бямба гаригийн 06:30 цагийн үед Израилийн нутаг дэвсгэр рүү пуужин харваж дайн өдүүлсэн. Үүнээс шалтгаалж, тус улс дахь монгол иргэдэд Гадаад харилцааны яамнаас анхааруулга, сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд яаралтай нөхцөл байдалд сэрэмжтэй байхыг холбогдож мэдээлж байгаа гэсэн юм.

Гэвч бодит нөхцөл байдал дээр дайны бүсэд байгаа монгол иргэдтэй ЭСЯ-наас холбогдоогүй бөгөөд, монгол дахь гэрийнхэн нь холбогдох хүсэлт өгсөн ч хариу арга хэмжээ авахгүй байгааг эх сурвалжууд хэлж байна.

Тодруулбал, Израилийн Тель-Авив хот дахь Хаганагийн замын хорогдох байранд нэгэн монгол эмэгтэй байгаа бөгөөд яаралтай тусламж шаардлагатай байгаа, нутаг буцах хүсэлтээ байгаа талаараа гэр бүлийнхэн, найзууддаа хэлж ГХЯ-нд хандсан ч хариу өгөөгүй байна. Тухайн эмэгтэйтэй гэр бүлийнхэн нь гурван цагийн өмнө холбоо тасарсан гэв. Бид бусдын хувийн мэдээллийг хүндэтгэж нэрийг нь бүтэн бичээгүй болно.

Монгол эмэгтэйн нөхцөл байдал сүүлийн цагуудад ямар байсан талаар холбогдсон эх сурвалжуудаас тодруулахад "Хорогдох байранд М 50 гаруй цаг болж байгаа. Нөхцөл байдал хүнд байгаа талаар бидэнд тогтмол хэлж, мэдээлэл солилцож байсан. Сүүлийн гурван цаг ямар ч холбоо тогтоож чадаагүй.

Түүний хувьд Израильд очоод хагас жил болж байгаа. Дайн үүссэн учир өнгөрсөн Ням гаригт Монгол руу буцах нислэгийн тийз захиалсан байсан. Гэвч агаарын хилээ хааснаас болж буцах нислэг нь цуцлагдсан.

Гадаад харилцааны яамнаас өчигдөр /2023.10.08/ сэрэмжлүүлэг мэдээ гаргасан даруйд ар гэрийнхэн нь яаралтай холбогдох дугаар руу залгаж, монгол иргэдээ хэзээ татаж авах талаар асуусан. Бидний зүгээс  хаяг, байршил, холбогдох дугаарыг нь ГХЯ, ЭСЯ-нд өгсөн.

 ГХЯ монгол иргэнээ дайны бүсээс яаралтай татаж авахыг хүсч байна.

Сүүлд холбогдоход тухайн хотод нь монгол хүн байдаггүй байх. Нэг ч монгол иргэнтэй таараагүй. Польш иргэдээ татсан. Непалын 20 иргэн байснаас 13 нь алагдсан. Үлдсэн хүмүүсээ татаж авах талаар холбогдож байгаа гэж хэлсэн. Хилийн чанадад дайны бүсэд байгаа иргэддээ ГХЯ анхаарал тавихыг хүсч байна. Мөн яаралтай нөхцөл байдлыг тодруулж, татаж авах арга хэмжээ авна уу" гэлээ.

ГХЯ: ЦАГИЙН ЗӨРҮҮ, ТОГ ЦАХИЛГААНААС ШАЛТГААЛЖ ХОЛБОО ТОГТООХОД ХҮНДРЭЛ УЧИРСАН

Бид дээрх иргэний мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамтай холбогдож тодруулахад "Консулын газраас дайны нөхцөл үүссэн даруйд монгол иргэдтэйгээ холбогдож ажиллаж байна. Тухайн иргэнтэй холбоо тогтоохоор ажиллаж байгаа.

Хорогдох байранд байгаа тухайн иргэний тухайд тог цахилгаанаас шалтгаалж түр холбоо тасарсан байж болзошгүй.

Гадаад харилцааны яамнаас яаралтай тусламж үзүүлж, холбогдох тусламж мэдээллийг үзүүлэхээр бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Консулын газраас мөн шуурхай нөхцөлд иргэдтэй холбогдохоор ажиллаж байгаа.

Израиль болон Палестинд үүсээд байгаа нөхцөл байдалд ГХЯ-наас санаа зовниж байгаа бөгөөд эрдэнэт хүний амь нас олноор үрэгдэж байгаад гүнээ харамсч байна. Энэ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж, цаашид таамаглашгүй үр дагаварт хүрэх эрсдэлтэй. Иймд талууд яриа хэлэлцээ, дипломат үйл ажиллагаа болон сайн санааны үндсэн дээр даруй гал зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь нэн чухал байна.

Израиль улсад одоогийн байдлаар манай улсын 200 гаруй иргэн байгаа бөгөөд монгол иргэдтэйгээ Анкарад суугаа ЭСЯ-наас холбоотой ажиллаж байна. Одоогоор үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас манай улсын хохирсон иргэн байхгүй болно.

Тус улсад онц байдал зарлаж нийтийн тээвэр, дэлгүүр, албан байгууллагууд ажиллахгүй, энгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа. Аюулгүй байдлын үүднээс томоохон авиакомпаниуд нислэгүүдээ цуцалж, хойшлуулж байна. Иймд тус улсад оршин суугаа иргэддээ оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, Израилийн талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Улс орнууд ч иргэдээ татан авах боломжгүй, аюулгүй байдлын сэрэмжлүүлэг өгч ажиллаж байгаа болно" гэх хариултыг өглөө.

Тухайн сураггүй болсон гэх монгол иргэнтэй холбоо тогтоосон эсэх талаар мэдээллийг бид дахин тодруулж мэдээлэх болно. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж