М.Тулгат: Х.Нямбаатарыг шахаж, шаардаж ажиллана

Хуучирсан мэдээ: 2023.10.09-нд нийтлэгдсэн

М.Тулгат: Х.Нямбаатарыг шахаж, шаардаж ажиллана

М.Тулгат: Х.Нямбаатарыг шахаж, шаардаж ажиллана

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– Цаг үеийн асуудлаар ярилцлагаа эхэлье. Ногоон автобусны худалдан авалтын авлига, луйврын асуудал нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. Үүнээс болоод нийслэлийн удирдлагууд, Хотын асуудал эрхэлсэн сайд хариуцлага хүлээж огцорлоо.  Үүнээс болж нийслэлийн АН ч олон нийтийн шүүмжлэлд өртөж байна. Сөрөг хүчин яагаад ажлаа хийсэнгүй вэ, эрх баригчдад яагаад хяналт тавьсангүй вэ гэж?

-“Но”-той ногоон автобус зөвхөн нэг удаагийн худалдан авалт гэхээс илүү Тендерийн хуулиас гадуур худалдан авалт хийгдэж буй байдал, цаашилбал нийслэлд бугшсан  авлигын асуудлын нэг том илрэл байлаа. АН ямар байр суурьтай байсан гэхээр Тендерийн хуулиас гадуур явдаг зүйлийг бүгдийг гаргаж ирж, тухайн хуульд ямар өөрчлөлт оруулах  ёстой талаар дуугарч байсан.

Улсын нууц ҮАБЗ хамаатай асуудал гэдгээр юу ч хамаагүй нуудаг байдлыг зогсоох ёстой. Цаашид ч гэсэн энэ сэдвийг орхихгүй ажиллана.

Тиймээс энэ чиглэлээр ажлын хэсэг гарсан. Бид Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, төрийн аудитын газарт хандсан. Мөн УИХ дахь бүлгийн гишүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн. Ногоон автобусны хэрэг шуугиад л өнгөрөх асуудал биш юм. Д.Сумъяабазар улстөрч хүнийхээ хувьд ёс зүйн хариуцлага хүлээгээд огцорсныг зөв гэж бодож байгаа. Хэдийгээр худалдан авалтын асуудалд оролцоогүй гэж мэдэгдсэн ч тэр хүнд хамаатай асуудал мөн үү гэвэл мөн. Нийтийн тээвэр, түгжрэл нийслэлчүүдийн хамгийн тулгамдсан асуудал болон. Гэтэл асар том булхай, луйвар илэрчхээд байхад нийслэлийн Засаг дарга огцрохоос өөр аргагүй.  Бидний хувьд хариуцлага хүлээх ёстой гэсэн байр сууриас хандсан. Хэрэвзээ өөрсдөө огцрохгүй бол огцрох хүртэл суулт зарлахаар шийдсэн байсан. Харин Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёр хоёулаа хариуцлагаа хүлээсэн. Гэхдээ энэ асуудал ингээд намжиж болохгүй, бид хариуцлагын асуудлыг нэхнэ. Ялангуяа, хуудуутай, булхайтай худалдан авалтад АН тууштай ажиллана.

-Д.Сумъабазарын суудлд Хууль зүйн сайд Х.Нямбаатар томилогдохоор болж байна. Энэ томилгоог эсэргүүцэх нэгэн байхад дэмжих хүмүүс ч бий.  НИТХ-ын тэргүүлэгч гишүүний хувьд  та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газраас хотын шинэ даргаар Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг томилохоор болж байна. Энэ бол Үндсэн хуулийн үзэл санааг ноцтой зөрчсөн. Үндсэн хуулийн 61.2-т шат шатны засаг даргыг тухайн иргэдийн хурал, баг, хороо, дүүрэг, нийслэлийн хурлаас нэр дэвшүүлж дээд шатны засаг дарга, эсвэл Ерөнхий сайд батламжилж, томилно гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, нэр дэвших процесс нь ИТХ-ын хурлаас юм. НИТХ бол иргэдээ төлөөлж гарч ирсэн хүмүүс шүү дээ. Иргэд өөрсдөө сонгож буй гэсэн үг.

Улаанбаатарчууд хотын даргаа солимоор байна гэж ярьдаг. Одоо бол иргэд шууд сонгохгүйгээр өөрсдийн сонгосон төлөөлөгчөөр дамжуулж сонгодог. Гэтэл энэ удаад үл тоомсорлож "босоо" томилгоо хийж байна.

Энэ нь Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн. Манай Үндсэн хууль орон нутгийн бие даасан байдал, нутгийн өөрөө удирдах ёсыг чухалчилж авч үзсэн. Юм болгоныг төрөөс социализмын үе шиг дангаар захирах зарчмаар явна гэж байхгүй.Үүнийг хослуулсан уян хатан зохицуулалттай байдаг. Гэтэл энэ удаад дээрх зохицуулалтыг эвдэж байна. Ирэх Пүрэв гаригт НИТХ-ын хурлын тов гарсан байна лээ. НИТХ-д 45 төлөөлөгчөөс 34 нь МАН буюу үнэмлэхүй олон байгаа. Тэд намынхаа бодлого шийдвэрийг үг дуугүй дагадаг мануухай шиг харагдаж байна. Сөрөг хүчний гэхээр АН-ын 8, ХҮН намын гурван төлөөлөгч байгаа. Тэгэхээр, эрх баригчид хүч түрэх нь тодорхой. Нийслэлийн хурал бол нийслэлийн парламент шүү дээ. Нийслэлийн парламентын төлөөлөгч нар өөрсдийгөө доош нь чихэж, байр сууриа дордуулах нь харамсалтай зүйл. Бид цөөхүүлээ ч энэ дээр дугарах ёстой.

-Тэгээд та нарын дуу  хоолой нийгэмд яагаад "бүдэг" сонсогдоод байна вэ. Ер нь цаашдаа АН эрх баригчдад хяналт тавьж чадах уу? 

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл дээр дөрвөн жил АН засагласан. МАН-ынхан асуудалд хэт сүржигнэж ханддаг. Гэхдээ үр дүн гардаггүй. Д.Сумъяабазар хотын даргаар орж ирэхдээ Уул уурхайн сайд байж байгаад орж ирсэн. Ерөөсөө нийслэлийн удирдлага Уул уурхайн яам болчихсон байсан. Сүүлдээ манай хот “Эрдэнэс Баянмонгол” гээд уурхайтай болсон. Тэр уурхайн ашгаар хотоо хөгжүүлнэ гэж ярьдаг байсан. Гэтэл одоо Х.Нямбаатар сайд Хууль зүйн яамны баг хамт олноо авчраад Хууль зүйн яам болох юм уу. Нийслэлийн ажил, хотын даргын ажил их онцлогтой. Менежментийн ажил ихтэй, сайн менежер ажиллах учиртай. Ер нь МАН-ын улстөрчид PR  хийх, сүр далайхаас цаашгүй байдаг. Бидний тулгамдсан асуудлыг шийдээ, замаа засаад явах менежмент хэрэгтэй байна. Гал унтрааж, PR хийдээ сайн. Хариуцлага тооцно гэдэг ч үнэндээ тийм зүйл харагддаггүй. Бидний хувьд шахаж, шаардаж ажиллана. Улаанбаатар хот, хот суурин газрыг хөгжүүлэхэд конкепц хэрэгтэй.Тийм концепц шинэ хотын даргад байгаа юу.

Хууль зүйн сайд байсан хүн огцом хотод ороод ирэхээр санаа зовж байна.

"БИ НИЙСЛЭЛИЙН АН-ЫН ДАРГАД ӨРСӨЛДӨНӨ ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙНА"

-АН шинэ удирдлага, сонгуульд авч орох багаа сонгох болсон. Удахгүй нийслэлийн АН-ын даргын сунгаа явагдана та өрсөлдөх үү?

-Манай төлөөлөгч нар ганц тус бүрдээ ажлаа хийж байгаа. Хүн бүр микрофон бариад яриад байх албагүй. Энд тэнд чимээгүй ажлаа хийгээд явдаг зөндөө хүмүүс бий. Нийслэлийн АН-ын тухайд та бүхэн мэдэж буй. Төв нам маань даргагүй хоёр, гурван жил хуваагдсан. Одоо нам нэг даргатай болсон. Хоёр болсон даргыгаа яах вэ буюу шийдэх шатандаа явж байна. Ер нь удахгүй албан ёсоор сонгууль болоод нийслэлийн АН-ын даргыг тодруулах процесс явагдана. Сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ байр сууриа илэрхийлээд эхэлж байна.

Би дэвшинэ гэсэн бодолтой байна.

-Нийслэлийн сонгууль ямар байдлаар явагдах юм бол. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах хугацаа бий юу?

-Нэгдүгээрт, нийслэлийн намын хороонд 225 гишүүн байдаг. Эдгээр гишүүнээс санал өгч сонгууль явагдана. Хурлаа хийгээд заалнаас нэр дэвшээд сонгуулиа хийчхэж болно. Эсвэл урьдчилаад нэр дэвшигчдээ бүртгээд тодорхой сонгуулийн үйл явцын зардлыг гаргуулаад телевизээр мэтгэлцээн хийж, үүрүүд, анхан дунд шатаар яваад хэн нь хэн бэ гэдгийг харуулах байдлаар сонгуулийг зохион байгуулж болно. Тэр зохион байгуулалтын зүйл нь төв нам дунд суудлын хороо гэсэн байгууллагууд шийдвэрээ гаргах байх.

-НИТХ-ын төлөөлөгчийн хувьд асуухад хотын удирдлагууд солигдсоноор нийслэлийн бонд гацаанд орох уу? 

-Нийслэлийн бонд зарлагдах гэж байгаад хойшилчих шиг боллоо. Миний авсан мэдээллээр нийслэлийн бонд эрэлт муутай байна лээ. Арилжааны банкууд ч мөн оролцох сонирхол багатай. Хардлага төрж байгаа зүйл бол арилжааны банкаар дамжуулж авчхаад удахгүй Монголбанк түүнийг санхүүжүүлэх нь. Эцсийн дүндээ Монголбанк Засгийн газрын касс шиг ажиллах  нөхцөл байдал руу оруулах нь гэсэн хардлага байгаа. Монголбанкны журамд өөрчлөлт оруулсан байсан. Журмын гол өөрчлөлтийг бид гаргаж тавих ёстой. Яагаад бондод зориулж журмаа өөрчлөх ёстой вэ. Энэ бондод би эхнээсээ эсрэг байр суурьтай байсан. Нийслэлийн төсөв тасралтгүй өсч байгаа. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарцуулалтаа эргэж харах ёстой. Орон нутгийн бонд байж болно. Тэр бонд зам бүтээн байгуулалт эдийн засгийг тэлэх төслүүдэд зарцуулагдаж, эргээд татварын орлого өссөнөөр бондынхоо өрийг төлнө гэх байр сууринаас хандах ёстой. Гэтэл хагас кокс нүүрс болгон шатаах гэх мэт үр өгөөжгүй зүйлд зарцуулна гэдэг харамсалтай. Дээрээс нь 500 тэрбумын бонд 17.2 хувийн хүүтэй буюу жилийн 86 тэрбумын хүүтэй. Тиймээс  хариуцлагатай хандах ёстой. Өнөөдөр эрх барьж буй дарга нарт хариуцлага харагдахгүй байна. Мөн худалдан авалтын ноцтой асуудлууд гарлаа. Саяхан тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна лээ. Дахиад бодвол гаргаж ирэх байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж