Монголын спортын салбарт допинг гэдэг хорт хавдар ургаж, сүүлийн жилүүдэд их зовиуртай явна. Дан ганц үндэсний бөхийн тамирчид ч биш буудлага, хүндийн өргөлт, чөлөөт бөх тэргүүтэй спортын тамирчид үүнтэй нэр холбогдож, шинжилгээнд бүдэрч буй.
Сүүлд л гэхэд Ханжоугийн Азийн наадмыг зорьсон хүндийн өргөлтийн тамирчин Б.Эрдэнэзулаас хориотой бодис илэрч, эрхийг нь түр түдгэлзүүлжээ. Энэ талаар Азийн олимпийн зөвлөлөөс албан ёсны мэдэгдэл гаргасан ч Монголын үндэсний олимпийн хороо чимээгүй сууна.
Нэг хэсэг хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярыг тамирчдадаа допинг зөвлөдөг, хэрэглүүлдэг гэх яриа гарсан. Харин гавьяат дасгалжуулагчийн зүгээс шавь нараа хорлох хүн биш гэдгээ хэлж, хэсэг бүлэг хүмүүс харлуулж байна гэж байв.
Түүний удирдлага дор хүчний бэлтгэл сургуулилалт хийдэг Э.Оюунболд арслан, Н.Жаргалбаяр заан тэргүүтэй бөхчүүд допингийн шинжилгээнд бүдэрч байсан билээ. Тэгвэл дахиад нэг тохиолдол нэмэгдэв.
Үүнээс гадна үндэсний бөхийн дасгалжуулагч Д.Батням, Биеийн тамир спортын улсын хорооны Анагаах ухааны албаны дарга М.Булган, ЦЕГ-ын Хүч спорт хорооны дасгалжуулагч Э.Мөнхдөл, бодибилдинг, фитнессээс төрөн гарсан гавьяат тамирчин Г.Дорж нарын гэрт нэгжлэг хийж, допингийн төрлийн бодис хураан авсан гэж буй. Монголын үндэсний бөхийн түүхэнд хамгийн олон удаа допингийн шинжилгээнд бүдэрсэн гэдэг Э.Оюунболд арслан бол Д.Батнямын шавь төдийгүй Хүч спорт хорооны харьяат. Ингээд үзэхээр Д.Батням болон Э.Мөнхдөл нарыг шалгах нь гарцаагүй асуудал.
Мөн бодибилдинг, фитнесийн дасгалжуулагчдыг хориотой эм бодис оруулж ирдэг, санал болгодог, зардаг тухай яриа хаа сайгүй л бий. Угтаа ганцаар тогтохгүй бодибилдинг, фитнесийн багш нарыг шалгах учиртай.
Эдгээр хүмүүс дундаас М.Булган эмч тун сонирхолтой хүн. Түүнийг бөхчүүд, тамирчдад допинг санал болгон шинжилгээ аргалах талаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг байж болзошгүй гэж хардлага бий. Цонх үе тааруулна гэх яриа байна. Цонх үед шинжилгээгээр допинг хэрэглэсэн байсан ч илрэхгүй. Өөрөөр хэлбэл, цонх үе нь таарвал допингтой бөх ч шинжилгээнд бүдрэхгүй. Гагцхүү энэ үеийг тааруулах л чухал.
Бөхчүүдийг мэдлэггүй, мэдээлэлгүй учраас допингт бүдэрч байна гэдэг. Эмчилгээний зориулалтаар, бэртлийн үед өвчин намдаах гэж эм уусан боловч бүдэрчихлээ гэж ярих нь элбэг. Гэтэл ихэнхээс нь анаболик стеройд илэрсэн байдаг.
Үүнийг гудамжин дахь эмийн сангаас бүү хэл авах битгий хэл улсын хилээр ч оруулах нь хууль бус. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон эмийн жагсаалтын бүх цаг үед хориотой эм бэлдмэл. Ингээд үзэхээр бөхчүүд мэдлэггүй, мэдээлэлгүй бус дэндүү их мэдлэгтэй, мэдээлэлтэй байж болох юм. Ямар тариаг, ямар үед, хэзээ хийвэл наадмын орой шинжилгээг аргалах вэ гэдэг дэндүү сайн мэддэг гэсэн үг. Бөөрөө бөндийтөл бөөцийл гэдэг үг бий. Монголд допингийн сорьцыг шээсээр авдаг тул допинг хэрэглэсэн бөхчүүд янз бүрийн эм бэлдмэл хэрэглэн бөөрөө хамгаалдаг гэх. Наадмын өмнө галд гарахдаа бөөр дэмжих бэлдмэлийг хайрцаг хайрцгаар нь орныхоо доогуур хураачихдаг гэж олон жил галын сорилго барилдаан үзсэн хүмүүс ярих аж.
Спортын төв ордонд суудаг эмч нар нь зөвлөөд дотор нь бэлтгэл хийлгэдэг багш нар нь зуучлаад тамирчид нь хэрэглэдэг үү? Дээрх тохиолдлыг харахад тийм л гэх дүгнэлтэд хүрэх шиг. Монголын спортын салбарын хорт хавдрын гол цөм нь спортын төв ордон дотор байсныг хэн мэдэх вэ дээ. Бага багаар тайлагдсаар байна.
Холбоотой мэдээ