Иргэд шатахуун түгээх станцуудад АИ-92 бензин олгохгүй, дууссан талаар мэдээллийг цахим хуудаст бичиж байна. Шатахууны нөөц тасалдсан эсэх талаар, клонкууд бензин яагаад хязгаарлалттай олгож байгаа талаар сурвалжиллаа.
ГИШҮҮНЧЛЭЛИЙН КАРТТАЙ ЖОЛООЧДОД 20-30 МЯНГАД БЕНЗИН ОЛГОНО
Хотын төвийн болон захын хороололд байрладаг бүх ШТС бензин хязгаарлалттай олгож байна. Тухайлбал, "Сод Монгол" шатахуун түгээх станц гишүүнчлэлийн карттай жолоочид бензин олгож байгаа бөгөөд төвийн салбаруудад АИ-92 байхгүй, зөвхөн АИ-95 бензинийг 30 мянган төгрөгөнд хязгаарлалттай олгож байлаа. Мөн "Петровис"-ийн зарим салбарууд / хүмүүсийн хэлж заншсанаар нисэх, гандан/ АИ-92 дууссан гэх шалтгаанаар олгохгүй байгаа гэв. Борлуулагчдын хэлж байгаагаар зарим салбарт түгээлтээс шалтгаалж, бензин эрт дуусч байгаа, ямар ч тасалдал үүсээгүй. Бусад салбарууд хэвийн олгож байгаа гэсэн юм.
"Цайз", "Офицер", Баянзүрх дүүрэг, зүүн дөрвөн зам, сансар, 100 айл, зунжин, нисэхийн зам дахь ШТС-аар амралтын өдрүүдэд очиход 20 мянгаас дээш дүнд бензин олгохгүй,гишүүнчлэлийн карттай бол зөвхөн АИ-95 30 мянган төгрөгт өгнө гэх хариултыг өглөө.
Төвийн зарим ШТС-ын увьд өдрийн цагаар хэвийн олгож байгаа бөгөөд орой түгээлт эрт дуусч, шатахуун хязгаартай олгож байгааг мөн онцолсон юм.
Иргэдийн зүгээс хязгаарлалттай олгож байгаа клонкуудыг хэсч бензин авч байгаа бөгөөд, цаашид үнэ нэмж, хомсдол үүсч магадгүй учраас бензинээ чадахаараа нөөцөлж байгаагаа хэлж байлаа.
БЕНЗИН ТАСАЛДАЖ, ҮНЭ ӨСНӨ ГЭДЭГ ТАШАА МЭДЭЭЛЭЛ
АМГТГ-аас өгсөн мэдээллээр “Долоо хоног тутамд шатахууны нөөцийн мэдээллийг импортлогчдоос авч нэгтгэн хүргэдэг.
АИ-92 нөөц багассан асуудал байхгүй. Бүх газар хэвийн олгож байгаа. Тухайн өдрийн түгээлтээс шалтгаалж, ШТС-ын нөөц эрт дуусах асуудал бол үүсч байгааг үгүйсгэхгүй.
Улсын хэмжээнд 2023 оны аравдугаар дугаар сарын 3-ны байдлаар нийт 131,221 тонн шатахууны үлдэгдэлтэй байна. Үүнээс А-80 автобензин 4,579 тонн, АИ-92 автобензин 39,922 тонн, АИ-95 автобензин 2,648 тонн, дизель түлш 81,195 тонн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 27 хоног, АИ-92 автобензин 32 хоног, АИ-95 автобензин 20 хоног, Дизель түлш 32 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Ачааллаас шалтгаалж 1-2 хоног шатахуун удаашралтай ирж болно. Түүнээс нөөцийн үлдэгдлийн хувьд асуудалгүй, хэвийн байгаа.
Манайд нийт 60 аж ахуй нэгж нөөцийн мэдээлэл ирүүлдэг. Үүнээс 40 гаруй нь шатахууны нөөц бүрдүүлэх бүртгэлтэй. Тэдгээр аж ахуй нэгжүүдээс нөөц хомсдсон гэх мэдээлэл огт ирээгүй” гэсэн юм.
ИМПОРТЛОГЧИД: СТАНЦУУДАД ТҮГЭЭЖ БАЙГАА БЕНЗИН ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙГАА УЧРААС ЭРТ ДУУСАХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА
АИ-92 автобензиний ачилт хязгаарлагдан багасч, өнгөрсөн Баасан гаригаас /2023.10.06/ энэ төрлийн бензиний нөөц хангалтгүй болж эхэлсэн талаар иргэд хэлсэн. Үүний улмаас шатахуун түгээх станцууд бензинээ хязгаарлаж, иргэдэд худалдаалахгүй байгааг иргэд хэлж байгаа юм. Тиймээс шатахуун импортлогч “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол”, “МТ” зэрэг компанитай холбогдож нөөцийн мэдээллийг авлаа.
Тухайн компаниудын хэлж байгаагаар "Нөөц тасалдал үүсээгүй. Төвийн болон ачаалал ихтэй салбарт түгээлтээс шалтгаалж бензин эрт дуусах тохиолдол гарч байна.
Өнөөдрийн байдлаар бүх ШТС АИ-92 хэвийн олгож байна” гэлээ.
Бид албаныхны өгсөн мэдээлэл үнэн эсэх, клонкууд АИ-92, АИ-95 хязгаарлалтгүй олгож байгаа эсэхийг тодруулахаар төвийн болон зуслангийн бүс, нисэх, яармагийн клонкуудаар ороход өнгөрсөн Пүрэв гаригийн оройноос шатахуун хязгаарлалттай олгож эхэлсэн гэдгийг жолооч, борлуулагчид хэлж байлаа.
Холбоотой мэдээ