Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi алтан цом"-ын барилдааны хоёрдугаар улирлын нэгдүгээр шатны барилдааны тав дахь өдөр Улаанбаатар хотын нэгдүгээр баг Дорноговь аймгийн багууд учраа тааран барилдсанаас Дорноговь аймгийн баг 14-11-ээр эхний тойргийн ялалтаа авлаа.
Дорноговь аймгийн багт улсын начин Х.Оргилболд /4/, аймгийн хурц арслан Б.Баатархүү /1/, аймгийн арслан М.Бямбадорж /1/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Түвшинтулга /2/, аймгийн арслан Б.Батсайхан /3/, аймгийн арслан Х.Очирхуяг /3/, нар нийт 14 даваа авсан бол Улаанбаатар хотын нэгдүгээр багт улсын харцага А.Цацабшир /1/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх /2/ аймгийн арслан П.Өсөхбаатар /3/, аймгийн арслан Б.Тайван /2/, аймгийн арслан С.Цогтбаатар /3/, нар нийт 11 даваа авчээ. Улаанбаатар хотын нэгдүгээр баг сэлгээний бөхгүй барилджээ.
Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг таван сая төгрөг, хожигдсон баг нэг сая төгрөгийн шагнал гардав.
Өнөөдрийн барилдаанд Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан М.Бямбадорж, Улаанбаатар хотын 1-р багийн дасгалжуулагчаар аймгийн заан Б.Тожил нар ажилласан юм. Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын багаас барилдсан А.Цацабшир харцага нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул бөгөөд олон жил нутгийн нэрийг өндөрт гарган барилдаж байсан билээ. Харин энэ удаад нутгийнхаа эсрэг барилдаж, дийлджээ.
Ийнхүү Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi алтан цом"-ын барилдааны хоёрдугаар улирлын нэгдүгээр шатны барилдаанууд амжилттай явагдаж өндөрлөлөө. Арванхоёрдугаар сард хоёрдугаар шатны барилдаанууд үргэлжлэх гэнэ.
Холбоотой мэдээ