УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Хууль зүй, сайдаасаа чөлөөлөгдөж, хотын дарга болж буй анхны хүн Х.Нямбаатар болж байна. Өмнө нь Д.Сумъяабазар сул гишүүнээсээ чөлөөлөгдөж, хотын дарга болж байсан түүхтэй. Энэхүү томилгоог та юу гэж харж байна вэ?
-Миний бие 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа олон асуудлыг хөнддөг байсан. Эргээд харахад миний зөв байсан нь харагдаж байна. Тухайлбал, орон нутгийн өөрөө удирдах ёсны талаар олон удаа дуугарч байсан. Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд орон нутаг болон нутгийн өөрөө удирдах ёс, төрийн удирдлагын хослосон зарчим барина гэдэг Үндсэн хуулийн агуулгыг бүхэлд нь үгүйсгэж, шууд босоо удирдлагаар нам төвтэй төрийн тогтолцоо руу орж байна. Ер нь 1990 оны цагаан морин жилийн хувьсгал чинь дарангуйллаас салсан гэхээс илүүтэй нам төвтэй төрийн тогтолцоог халж, төр төвтэй олон намын тогтолцоотой ийм л тогтолцоо руу оръё гэж хувьсгал хийсэн ухаантай шүү дээ. Гэтэл юу тойргийнхондоо халуун сав дээрээс нь цагаан сарын хэвийн боов тарааж тойглодог төрийн систем рүү орлоо. Тэгээд бэлэг өгдөг авлигачин нь муухай харагдах биш, өнөөх авлигачныг “Мөнгөнөөсөө хуваалцахгүй байх нь муухай гэдэг” сэтгэлгээнд орсноос болоод тэд дураараа аашлаад явж байна. Үүний нэг тод жишээг хотын даргын томилгоо юм.
Ийм байвал үүнээс хойш аравдугаар сард орон нутгийн сонгууль хийхээ больё оо. Ялсан нам нь Засаг даргаа тавиад яв л даа. Иргэдийн хурал ямар үүрэгтэй юм. Иргэдийн хурал чинь миний ойлгож байгаагаар бол тухайн орон нутгийн иргэдийн сонгосон төлөөллөөр дамжуулж Засаг даргаа гаргаж ирээд, Засгийн газарт танилцуулах ёстой. Гэтэл бүхнийг дээрээс, шууд томилж байгааг харахад харамсалтай л байна.
-Хотын дарга ч гэлтгүй, Ховд аймагт ч энэ тогтолцоо ажиглагдсан. Үүний гарц шийдэл нь юу байна?
-Ирэх 2024 онд дахиад МАН-ыг олонх болгож, төрийн эрхэнд гаргаад төгс коммунизм руу орох нэг хувилбар байна. Үгүй бол ямар нэг сөрөг хүчинг гаргаж, эрх баригчдын энэ эрээ цээргүй байдлыг нь хязгаарлаж, дур зоргоороо аашлахыг нь засах шаардлагатай. Дахиад л хэлье, ардчилсан Монгол Улс гэдэг чинь юу гэсэн үг юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт” байна гэж заасан. Тэгвэл засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх юм бол засаглалаа яаж байгуулах вэ гэхээр төлөөллөөрөө байгуулна гэж байгаа. Иргэд сонгосон төлөөллөөрөө дамжуулж засаглалыг авна гэж байгаа. Гэтэл тэр төлөөллийн ардчиллыг чинь үгүйсгэж байгаа ийм томилгооны засаглалыг болиулах хэрэгтэй. Гэтэл болиулъя гэхээр дахиад лҮндсэн хууль зөрчсөн гэнэ. Үндсэн хууль зөрчсөн гээд Цэц рүү явуулъя гэхээр Цэц нь бохирдчихсон. Нөгөө өгзөг барьдаг хүн чинь ҮХЦ-ийн гишүүнээр улирч ажиллах юм байна гэж би ойлгосон. Түүнийг ҮХЦ-ийн гишүүнээр улираахын тулд олон нийтийн дунд нээлттэй сонсгол явуулах, олон нийтэд харуулах дургүй байх шиг байна. Бас нэг өвөө тэтгэвэртээ гарах ёстой боловч сандал суудалдаа шигдсээр л байна.
Ийм дампуурсан Цэцтэй байгаа цагт Үндсэн хууль гэж байхгүй л гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль нь манаачгүй болчихоор хулгайч нар Үндсэн хуулийг өдөр болгон л хулгайлна шүү дээ. Тэд дуртай үедээ, хүссэн үедээ Үндсэн хуулиараа оролдож байна.Цаашид ямар эмгэнэлт, драмын жүжиг үргэлжлэхийг би таашгүй.
-Энэ намрын чуулганаар хэлэлцэх олон чухал хууль бий. Тэр дундаа хууль, шүүхийн байгууллагын эрх зүйн орчин, шинэчлэлтэй холбоотой асуудлууд багтсан. Сүүлийн үед бүхний буруутан нь хууль шүүхийн байгууллага болж хуюирчихаад байна. Хууль зүйн салбарын шинэчлэлийг юу гэж харж байна?
-Ер нь бол дэлхий дээр 100 хувийн нэр хүндтэй шүүгч гэж байдаггүй. Хамгийн сайндаа л 50 хувийн нэр хүндтэй байдаг. Яагаад гэвэл шүүгч шийдвэр гаргахдаа, эсвэл төрийн талд эсвэл иргэний талд л гаргадаг. Тухайлбал, эрүүгийн хэрэг дээр жишээ авах юм бол прокурорын шийдвэрийг зөвшөөрч, үгүй бол прокурорын шийдвэрийн талд гарна. Эсвэл өмгөөлөгчийн шийдвэрийг зөвшөөрч өмгөөлөгчийн талд гаргана. Шүүгч өөрийнхөө төлөө шийдвэр гаргана ойлголт байхгүй. Тиймээс шүүгчийг буруутгаад байгааг би ойлгодоггүй юм. Мэдээж, олон дотор ганц нэг болохгүй хүмүүс бий. Дандаа ариун цагаан хүн байхгүй. Наад зах нь боловсролгүй, мэдлэггүй, чадваргүй, хахуульчид гэх мэт янз бүрийн шүүгчид байгааг үгүйсгэхгүй. Айлын байранд бөөнөөрөө групп секс шиг юм хийчихсэн асуудал дуулдаж л байсан. Дээрээс нь янз бүрийн сонин сонин шийдвэр гаргадаг шүүгч нарыг сонсож л байсан. Дэлхий дээр төр гэж байгаа бол төр гурван зүйлээс бүрдэнэ. Хуулиа тогтооно, засаглалаа барина, шүүх засаглалаа хараат бус байлгана. Энэ гурвын нэг л байхгүй бол тусгаар улс байхгүй л гэсэн үг. Тусгаар төр гэж байхгүй. Тиймээс аливаа зүйлийг засахын тулд төрд ордог болохоос муулахын тулд төрд ордоггүй байх.
Шүүхийг муулаад байгаа хүмүүс чинь төрийн өндөр дээд албан тушаалтан буюу алдаа, завхрал байгаа бол түүнийг нь засах гэж байгаа хүмүүс нь шүүхээ шүүмжлээд байна. Харин жирийн иргэд шүүхийн шударга ёсны төлөө, иргэний үзэл бодлоо илэрхийлж байвал хамаагүй. Гэтэл 99,99 хувийн эрх мэдэлтэй мөртлөө “Надад хүч дутвал би Сүхбаатарын талбай дээр суулт хийнэ” гэж солиороод байгаа, галзуу хүмүүст алга ташиж байга хүмүүс нь илүү галзуу л гэж ойлгож байгаа. Тэр хүн галзуу юм ярьж болно, харин алга ташиж байгаа хүмүүс нь дэндүү галзуу байхгүй юу.
-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо. Та шинэ сайдаас ямар хүлээлттэй байна?
-Монгол Улсад 1995 оноос хойш энэ эрх зүйн шинэчлэл гэдэг ойлголт хүчээ авч, 2000 оноос Америкийн техник хамтын ажиллагааны шугамаар янз бүрийн төслүүд хэрэгжиж байсан. Үүнээс гарсан үр дүнг цаашаа авч явах ёстой. Шүүхийн шинэчлэл гурван зүйл дээр тогтдог. Нэгдүгээрт, эрх зүйн шинэчлэл буюу хууль тогтоомжоо боловсронгуй болгох, хоёрдугаарт, хүний нөөцөө сургах хэрэгтэй. Гуравдугаарт, техник тоног төхөөрөмж барилга байшингаа орчин үеийн болгох юм. Энэ гурван асуудал дээр л тогтож эрх зүйн шинэчлэл явагдах ёстой. Гэтэл өнөөдөр шүүхүүд шүүхийн хүрэлцээтэй байргүй болчихсон байна. Үүнээс үүдэн Хөгжлийн банкны шүүх хурлыг хийх гэж шүүх түрээсэнд нь төсвөө бараг дуусгасан. Бэлтэс Мөрөнгийн шүүх хурлыг хийх газар байхгүй учраас сургуулийн зааланд хийж байна. Өөрөөр хэлбэл, техник тоног төхөөрөмжийн хувьд нойл заачихсан. Дээрээс нь шулуухан хэлэхэд хүний нөөцийн боловсрол, чадвар их тааруу байна. Ганц сайн тал нь залуужсан байна. Харамсалтай нь, нөгөө л уншдаггүй, судалдаггүй хүмүүс нь хэвээрээ байна. Орчин үеийн юмыг сэтгээд ярих прокурор, шүүгчгүй болчхоод байна. Сүүлдээ олон нийт шуугиад байна, тэднээс айж байна гээд хүнийг цагдан хорих гээд дайраад байна. Хэлтэй хүн байдаг ч юм уу үгүй ч юм уу. Миний санаа зовж байна. Тиймээс эрх зүйн шинэчлэлээ хийхгүй бол олон асуудал санаа зовоож байна.
Тухайлбал, найман ишигний хэрэг шүүгчийг хоёр жилийн ял оноочихлоо гээд хараагаад шуураад байна. Монгол Улсын хуульд цагаан дээр харааар хулгай хийвэл хоёр жилийн ял оногдуулахаар заачихсан байна. Гэтэл өөр юу хүсээд байгааг ойлгохгүй байна.Шүүгч тэр хүнд ял өгөхгүй гэхээр чинь хулгай хийчихсэн нь үнэн байна. Тэгэхээр яах юм бэ. Эрх зүйгээ өөрчлөөд 5 хүүхэдтэй бол шоронд хийхгүй гэх юм уу. Сошиал шүүгч нар төрийн шүүхийнхээ толгой дээр гарчхаад байна шүү дээ.
-Салбарын сайд солигдохоход бодлого нь тасалдах зүйл анзаарагддаг уу?
-Хууль зүйн яамыг жаахан хатуу гараар барихгүй бол болохгүй. Цагдаа, цэрэг, гээд хүчний байгууллагатай тулж харьцдаг хүн нэг нялцгардуу хүн байвал төвөгтэй. Тэр талаасаа бол Х.Нямбаатар жаахан зоригтойдуу харагддаг юм. Би УИХ-ын гишүүн байхдаа Х.Нямбаатартай үзэж тардаг байсан. Миний зөв байсан гэдгийг цаг хугацаа харуулж байна л даа. Тухайлбал, хүүхдийн хүчирхийллийн асуудал 14 нас гэх заалтыг ил тод шүүмжлээд бараг зодоон, нүдээн болоод явж байсан. Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар сайд нь ниргэсэн хойно нь хашхирах гэгчээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг чангахан дуугаръя гэж байна. Өмнө нь Дорноговь аймагт Сэржмядаг гэх охин алга болчиход нь би “Б.Нямдорж гэж өвгөр өвгөн зайлаад өгөөч ээ ганц хүүхдийг олж чадахгүй камер тавьж чадахгүй тэгээд камерын төсөл дээр идэж уугаад явчихсан байна” гэж өчнөөн хэлсэн. Харамсалтай нь, хууль хяналтын байгууллагынхан өмөөрч хамгаалаад өнгөрсөн. Дараагийн шинэ сайдын хувьд үр дүнтэй ажиллах хугацаа алга. Х.Нямбаатарыг сайндаа ч хотын дарга болгоогүй. Харин нүүрсний хулгайг илчлэх гол хүн учраас түүнийг нь явуулчихаж байна. Өмнө нь нүүрсний сонсголын ажлын хэсгийг ахалж байсан нөхрийг хэл ам муутай болохоор нь дээрэлхээд сольсон. Гэтэл дараагийн хүнийг нь дэвшүүлэн зайлуулж байна. Тэгэхгүй бол энэ нүүрсний хулгай гэж аймаар юм байгаа. Тэрбумтан хүн гэр лүүгээ төмөр зам татчихсан байгаа шүү дээ. Нүүрсний гэх хэрэгтэй холбоотой Б.Ганхуягийн шүүх хуралд иргэний ажиглагчаар сууж байгаа хүний хувьд, тэр залуугийн ярих гээд байгаа зүйлийг нь яриулах ёстой. Хэлэх гээд байгаа зүйлийг нь хэлүүлж, хамгаалах ёстой юмыг нь хамгаалах ёстой. Буруу зөрүү юм хийсэн бол хариуцлагыг нь үүрүүлэх ёстой. Үнэндээ энэ хэрэг илрэх вий гэдгээс айсан хүн олон байна. Хорин их наядын асуудлыг хог дээр хаяж байсан автобусаар нам дарж байгаа байхгүй юу. Ардын намын энэ Засгийн газар нэг ч удаа бүтэн ажиллаж үзсэнгүй. Энэ парламент нэг ч удаа бүтэн байж үзсэнгүй. Монголын түүхэнд хэзээ ч ийм байгаагүй юм.
Огцорвол бөөнөөрөө огцордог байвал бөөнөөрөө байдаг. Онгорхой шүдтэй,салбархай чихтэй ийм Засгийн Газар амьдралдаа анх удаагаа л харж байна. Хөндлөнгөөс харахад 8 жилийн турш халуун сав, хэвийн боовтой л болсон иргэд маань л баяртай байгаа байх. Түүнээс биш жирийн иргэд үнийн өсөлт, өрийн дарамтад туйлдаж гүйцлээ.
Одоо нэг их хүлээлт үүсгээд нэмэргүй байх. Түүнд нь хүрч ажиллахгүй нь нэгэнт тодорхой боллоо.
Холбоотой мэдээ