“Хүн гээч мөнгөний боол
Үнэнээс урвагч
Худлын гэрч” хэмээн өгүүлэх Дархшагай. Тэрбээр өөр өөртөө ч итгэхгүй, худал хуурмаг энэ амьдралд үхэхийг хүснэ. Гэвч үхэл хүртэл үнэнд тооцогдохоо больчихсон гэдгийг түүний дагавар ах Ивээлт нотолно.
Тэд хоёул тэрбумтаны хүүхдүүд. Амьдралыг өндөр барилгын цонхоор тольдож, өнгө мөнгөөр бүхнийг шийдэж ирсэн хүмүүс. Энэ айл таван хүүхэдтэй. Тэдний хоёр нь эхийнх нь дагавар хүүхдүүд, гурав нь эцэг нэгтэй, эх ондоотой. Айлын хоёр том нь Ивээлт, Дархшагай. Эв түнжин муутай, байнга хоорондоо тэрсэлдэнэ. Дархшагай хүчирхийлэгч, хар тамхинд донтогч бас гэмт хэрэгтэн. Харин Ивээлт сайхан сэтгэлтэй, хүнд өвчтэй, амьдралаас гэрэл гэгээ хайгч нэгэн. Хэдий хоёр өөр ертөнц хэдий ч хоёул энэ нийгмээс, амьдралаас үнэнийг хайх аж.
“Үнэн юм гэж байж л таараа
Өчүүхэн төдий хэлтэрхий ч үлдсэн байж таараа
Би нотолно, үхлээрээ өөрөө нотолно
Би үхэж нотолъё” гэж Ивээлт хэлдэг ч хайртай хүнээсээ хагацаж, өөрөө хэнд ч хэрэггүй амьдын сүг болж үлдэнэ. Түүний хайрын түүхийг жаргалтай төгсөхийг хүсэвч энэ бол бодит үнэн. Ийнхүү “Эмоци” продакшны уран бүтээлчид 10 жилийнхээ ойн баяраараа анх удаа эмгэнэлт драмын жүжгийг хүргэж буй нь энэ. “Хошин урлагийнхан” гэх тодотголтой уран бүтээлчдийг энэ удаа огт таньсангүй. Уран бүтээлчид өнөөгийн нийгмийг үнэн төрхийг, эрх мэдэлтэй эрхтэн дархтанг, энгийн амьдралтай ард түмний амьдралыг ямар ч нэмэлт хачиргүйгээр “Нэгэн зуны цэцэг” жүжгээрээ дэлгэжээ.
Энэ жүжгийн эсрэг дүрүүд их хүчтэй, тун чадварлаг байлаа. Жүжигчин Г.Нарансолонго хойд эх Оюут, жүжигчин Г.Эзэнмөнх ууган хүү Дархшагайгийн дүрд тоглож, үзэгчдийг гайхашруулсан гэж хэлж болно. Тэд үзэгчдийн төсөөлөөгүй дүрийг бүтээж, олон зүйлийг бодогдуулж чадлаа. Хэн ч энэ дэлхий дээр хязгааргүй жаргалтай амьдраад үхэх боломжгүй. Харин хэсэгхэн жаргалаа хэмжээгүй мэдрээд амьдрах боломжтой гэдгийг ойлгуулна.
Цэцгийн мандалд чимэглэлийн зорилгоор ашигладаг нэг наст энхэлгэн цэцэг. Жүжгийн гол дүрийн бүсгүйн нэр Энхэлгэн.
Тэрбээр хар багаасаа эгчтэй амьдарч, цэцэг зарж амьдралаа залгуулдаг үзэсгэлэнт бүсгүй. Тэр нэр шигээ богино настай ч амьдралынхаа сүүлийн мөчид хайр дурлалтай учирч, Ивээлтэд эрхтний донор болно гэдгээ яахан мэдэх билээ. Энэ жүжгийн зохиолчоор Тодко Самсон нэрээр танигдсан зохиолч Т.Мягмартогтох ажилласан бол найруулагчаар Ч.Найдандорж, хөгжмийн зохиолчоор гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших нар гар нийлэн ажилласан байна. Тайз засалт, дуу шум шинэлэг байж, үзэгчдийг жүжиг рүү оруулж, мэдрүүлж чадлаа.
Холбоотой мэдээ