Афганистаны баруун хэсэг, Ираны хилийн ойролцоо Бямба гаригт 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр олон зуун хүн амь үрэгджээ. Газар хөдлөлтийн голомт Гератаас баруун хойд зүгт 40 км зайд байжээ.
Талибаны засгийн газар эхэндээ амиа алдагсдын тоо 2000 давсан байх магадлалтай гэж мэдэгдсэн ч сүүлд нь энэ тоонд шархадсан хүмүүс ч багтсан гэжээ. Харин "The Guardian" цахим хуудаснаа мэдээлснээр, 2060 хүн нас барж, 10 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Газар хөдлөлтийн улмаас Герат хотын ойролцоох 12 тосгон сүйрчээ. Нийт найман удаа афтершок болсон бөгөөд эхний чичиргээнээр л бүх байшин нурсан гэж Герат хотын оршин суугч ярив. Дор хаяж 465 байшин нурсан гэж мэдээлээд байна. Аврах багийнхан нуранги доороос хүмүүсийг гаргах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Эмнэлгийн хүрэлцээ муу байгаа тул НҮБ болон бусад байгууллагын тусламж шаардлагатай байгаа аж.
Герат нь Ираны хилээс зүүн тийш 120 км зайд оршдог бөгөөд Афганистаны соёлын нийслэлд тооцогддог. Энд ойролцоогоор 1.9 сая хүн амьдардаг.
Афганистан нь газар хөдлөлтөд байнга өртдөг. Ялангуяа Еврази ба Энэтхэгийн тектоник хавтангийн уулзварын ойролцоо оршдог Хиндукуш ууланд ойр ойр газар хөдөлдөг. Өнгөрсөн оны зургадугаар сард л гэхэд Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр 1000 гаруй хүн амиа алдаж байв.
Эх сурвалж: BBC, THE GUARDIAN
Холбоотой мэдээ