Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт олон улсад

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт олон улсад

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт олон улсад

Аливаа хүчирхийлэл нь зөвхөн бие махбодийн хор хөнөөлөөр тодорхойлогдохгүй. Японд хүүхдийн хүчирхийллийг бие махбодийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл, хүйсийн хүчирхийлэл, сэтгэл зүйн хүчирхийлэл гэж дөрөв ангилж байна. Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2000 онд анх баталжээ.

Үүнээс өмнө Хүүхдийн халамжийн тухай хууль, Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг өөр нэршилтэй байсан. 2000 оных нь хүүхдийн хүчирхийллийн талаар тодорхой дурдсан анхны хууль бөгөөд олон жилийн турш цөөнгүй удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. 

ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛСЭН БОЛ 48 ЦАГИЙН ДОТОР ХАРИУ ӨГДӨГ

Японы хувьд иргэн хүн хүүхдийн хүчирхийллийн талаар холбогдох байгууллагад мэдээлсний дараа зохих үнэлгээг хийж, 48 цагийн дотор хариу өгдөг. Ингэхдээ хүүхдийн гэрт очих, гэр бүлд нь үнэлгээ хийх, сургууль, эмнэлэг зэрэг газраас мэдээлэл цуглуулах зэргээр хариу арга хэмжээ нь ямар ч байж болно. 

Тус улсад 2022 оны санхүүгийн жилд хүүхдийн хүчирхийллийн 219,170 тохиолдол бүртгэгджээ. Эндээс 74 хүүхэд нь хүчирхийллийн улмаас нас барсан. 

Хүүхэд, гэр бүлийн агентлагийн есдүгээр сард гаргасан тайланг харахад улсын хэмжээнд хүүхдийн зөвлөгөө өгөх төвүүдэд хандсан тохиолдлын тоо 1990 оноос хойш дээд цэгтээ тулжээ. Ангиллаар нь авч үзвэл, хэл амаар заналхийлсэн, гэр бүлийн хүчирхийллийн гэрч болсон зэрэг сэтгэл зүйн хүчирхийлэл нийт тохиолдлын 60 хувийг эзэлж байна. Харин бие махбодийн хүчирхийлэл 51 мянга, бэлгийн хүчирхийлэл 2451 тус тус бүртгэгджээ. 

Хүүхдийн хүчирхийллийг мэдсэн бол хүн бүр холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Тэр дундаа, хүүхэдтэй холбоотой ажил мэргэжил эрхэлдэг халамжийн ажилтнууд, сургуулийн ажилтнууд, эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, хуульчид хамгийн түрүүнд мэдээлэх үүрэгтэй. 

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ АНХААРЧ ЭХЛЭХЭД ЭМЧ НАР ГОЛЛОХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН

Гэвч энэ мэргэжлийн хүмүүс мэдээлэхгүй байлаа гээд ямар нэг үр дагавар байдаггүй аж. Харин АНУ-д эрх бүхий албан тушаалтнууд хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй бол эрүүгийн хариуцлага хүлээдэг. 

Америкийн хүүхэд хамгааллын түүхийн гурван үед хуваадаг. Эхнийх нь 1875 он хүртэлх хугацааг хамардаг бол хоёр дахь эрин үед нь 1962 он хүртэлх хугацаа хамаарна. Харин гурав дахь эрин үе нь 1962 оноос хойшихийг хэлнэ. 

1960-аад оноос америкчууд хүүхдийн хүчирхийллийн талаар дуу хоолойгоо өргөх нь огцом нэмэгдсэн. Үүнд эмч нар голлох үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. 

МАЛАЙЗАД ХҮҮХДЭД ХАЙХРАМЖГҮЙ ХАНДСАН ГЭМТ ХЭРЭГТ 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООДОГ

Малайз улсад нэгэн асрагч эмэгтэй гурван настай охинд хайхрамжгүй хандаж, амь насанд нь аюул учруулсан хэрэг энэ оны гуравдугаар сард гарсан. Нур Хузайма нэртэй эмэгтэйг 2001 онд батлагдсан Хүүхдийн тухай хуулийн зүйл ангиар буруутгажээ. Хуульд зааснаар хүүхдэд хайхрамжгүй хандсан хүчирхийллийн тохиолдод 50 мянган ренгитийн торгууль төлөх, эс бол 20 жилийн хорих ялаар шийтгүүлдэг аж. Асрагч эмэгтэй хүүхдийг сайн харж хандаагүйн улмаас гуравдугаар сарын 21-нд хүүхэд унадаг дугуйнд хавчуулагдан бэртэл авч, улмаар долоо хоногийн дараа нас баржээ.

Улсын прокуророос энэ хэргийг батлан даалтад үл хамаарах гэмт хэрэг гэж үзжээ. 

Мөн Малайз улсад ой 10 сартай хүүхдийн шээснээс амфетамин, метамфетамин гэх бодис илэрсэн тул ээжийг нь баривчилсан хэрэг энэ оны долдугаар сард гарсан. Хүүхэд орой унтахынхаа өмнө зогсолтгүй уйлж, улмаар биеэ хянах чадваргүй болсон тул ээж нь эмнэлэгт ханджээ. Хүүхдийн шээснээс хар тамхины төрлийн бодис илэрснээр ээжид нь мөн шинжилгээ хийж, метамфетамин илрүүлсэн. Энэ тохиолдолд дээрхтэй адил 50 мянган ренгитийн торгууль төлөх, эс бол 20 жилийн хорих ялаар шийтгүүлдэг. 

БНСУ-Д ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ГЭР БҮЛИЙН ДОТООД АСУУДАЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА

Өмнөд Солонгост хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх дорвитой арга хэмжээ дутмаг байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Хүчирхийллийг гэр бүлийн дотоод асуудал гэсэн хандлагаасаа нэн тэргүүнд салах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ хандлага аажмаар өөрчлөгдөж байгаа хэдий ч нийгмийн олонх хүүхдийн хүчирхийллийг гэр бүлийн асуудал гэж ойлгосоор байгааг "Korea Herald" хуудас хөндөж байжээ.

Хүүхдийн хүчирхийллийн тухай мэдээллийн тоо жил бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, 2015 онд 11,700, 2019 онд 30 мянган тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлын 7.8 хувь нь нярай хүүхэд аж. 

"2000-аад онд гэр бүлийн хүчирхийллийг хосуудын хоорондын асуудал гэж үзээд цагдаа оролцдоггүй байсан. Одоо маш их өөрчлөгдсөн. Үүнд засгийн газар, нийгэм тэр аяараа оролцох ёстой. Төрөөс хүүхдийн хүчирхийлэлд чиглэсэн том бодлого алга. Хүчирхийллийн томоохон хэрэг гарч байж л хуульд бага зэрэг өөрчлөлт орсон" гэж Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургуулийн нийгмийн хамгааллын профессор Жун Жэ Хун хэлж байжээ. 

Тус улсад хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хоргодох байранд очих боловч 72 цагийн дараа эргээд эцэг эхдээ очдог аж. Төр үүнд хөндлөнгөөс оролцож, шинэ эхлэлийг тавихад нь туслах ёстой гэж үзэж байна.

Солонгост хүүхдийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн албан хаагчид 2-3 жил тутамд ээлжлэн солигддог тул мэргэшүүлэхэд хүндрэлтэй байдаг. Гэтэл Герман улсад хүүхдийн халамжийн асуудал эрхэлсэн албан тушаалтнууд тэтгэврийн нас хүртлээ нэг салбартаа ажиллаж байна. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад тогтвортой санхүүжилт шаардлагатай. "Гэтэл үүнийг нэгдсэн төсвөөс бус сугалааны орлогоос бүрдүүлж байна" гэж 2019 онд албаны хүн хэлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-09 43.242.242.59

Иргэдийн хүмүүжил ёс суртахууныг сайжруулж байж хүчирхийлэл буурна.Юм болгонд төр засгаа буруутгаж болохгүй

Avatar

Нэргүй 2023-10-09 202.21.108.12

секс сурталчилсан сайтуудаа хаа за

Avatar

Нэргүй 2023-10-09 202.21.108.12

Төр засаг хамаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж