УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталснаар Монгол Улс нүүрснээс гадна төмрийн хүдрийн баяжмалыг Монголын хөрөнгийн биржээр арилжаалдаг болсон. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 15-нд төмрийн хүдрийн баяжмалыг анх биржээр арилжаалсан. Нийт 113,400 тонн төмрийн баяжмал арилжаалаад байгаа юм. Ингэхдээ эхний арилжаагаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын 65 хувийн агууламжтай 72,000 тонн төмрийн баяжмал болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 58 хувийн агууламжтай 6,800 тонн төмрийн баяжмалыг амжилттай арилжиж, арилжааны дүнд худалдагчаас санал болгосон үнэ 10-50 хүртэл хувиар өссөн.
Тэгвэл энэхүү анхны арилжааны нийлүүлэлт аравдугаар сарын 4-ний өдрөөс эхэлж, аравдугаар сарын 5-нд “Монголросцветмет” ТӨҮГ-ын худалдсан эхний 100 вагон төмрийн баяжмал Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн терминалаас БНХАУ-ын Эрээн боомт руу төмөр замын тээвэрлэлтэд гарчээ. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн эхний 50 вагон бүтээгдэхүүний ачилт өчигдрөөс /2023.10.07/ эхэлсэн байна.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын төмрийн баяжмалын ачилт хийгдэх үед МХБ-ийн итгэмжлэгдсэн шинжилгээний лаборатори стандартын дагуу авсан дээжээс чанарын шинжилгээг хийж, гүний гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийн ажиллагааг хийсэн бөгөөд МХБ-ийн холбогдох төлөөлөл байлцаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.
Холбоотой мэдээ