Хичээл, сургуулийн цаг эхэлснээс хойш золгүй байдлаар нас барсан, бусдын гарт амиа алдсан, автомашинд дайруулж нас барсан гээд бид харамсалтай мэдээллүүдийг сонссоор, дүжирсээр.
2023 оны эхний есөн сарын байдлаар 65 хүүхэд золгүй байдлаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Бид анзаарахгүй, өөрчлөхгүй, ямар нэг шийдэл, гарц гаргалгаа хайхгүй явсаар 66 болгов.
Харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүдийн араас бид зул өргөж, сошиал хуудастаа халагласаар, цаашид нэг ч гэсэн хүүхдийн амь нас золгүй байдлаар, бусдын гарт амь үрэгдэхгүй байх вэ гэдэгт томчууд бид, эцэг эхчүүд бид, төр нь юу хийх ёстой вэ гэдэгт одоо л анхаарлаа хандуулж, өөрчлөгдөх цаг болжээ. Аливаа зүйлсийн араас халаглаад суух биш нэг ч гэсэн хүүхдийг хамгаалж өөрчлөгдөхөд бидэнд юу хэрэгтэй вэ. Бид зул өргөж, харуусахаас өөрийг хийж чадахгүй гэж үү.
БОЛОВСРОЛ БА ХҮМҮҮЖИЛ
Бидний хамгийн их ярьдаг хэрнээ анзаардаггүй, ач холбогдол өгдөггүй зүйл бол боловсрол, түүнийг дагасан хүмүүжил. Боловсролыг тэгш, хүртээмжтэй хүүхэд бүрт олгох. Төрийнхөн бол үүнийг гурван ээлжийг халж, сургууль ашиглалтад оруулснаа тэгш хүртээмж гэж ойлгодог. Гэтэл гэрээсээ гараад хэдэн буудал автобус дамжиж, хэдэн км газар алхаж, харанхуй гудамжаар хичээлдээ очиж, түгжрэлд хамаг цагаа барж байгаа нийслэлд боловсролын хүртээмж тэгш бус байгаагийн жишээ. Угтаа бол хүүхдүүд нэг л ээлжээр хичээллэж, хичээлийн цаг дууссаны дараа өөрийгөө хөгжүүлэх, хүмүүжүүлэх гээд сургалт, хүмүүжлийн боловсрол эзэмших ёстой. Манай дарга нар өндөр хөгжилтэй олон оронд “зугаалж” үзсэн үүнийг мэдэх л учиртай.
Гэтэл бид өнөөдөр нэг ангид 60-уулаа сууж хичээл хийгээд, тараад л харанхуйтай уралдан гэртээ харих, ээж аав, асран хамгаалагч нь авах боломжгүй бол өөрөө гэртээ харин тийм л сонголтгүй сонголтыг хүүхдүүдэд олгож байна.
Захын хорооллоос өөрийнхөө ирээдүйн төлөө хэдэн буудал автобусаар зорчиж хотын төв рүү сургуульд сурах гэж ачаалал үүрч яваа тэр хүүхдүүдэд ердөө л тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших гэж тэмүүлж буй. Хамран сургах тойргийн сургуульдаа сур гэж манай төр загнадаг. Хамран сургах тойргийнх нь сургууль 60-уулаа сууж хичээл хийдэг, 60 хүүхдэд хичээл орж байгаа багшийн ачаалал, хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нь ямар байх вэ гэдгийг төсөөлөхөд ч хүндрэлтэй. Сургууль бол боловсрол олгохоос гадна хүмүүжил олгодог байгууллага. Бусдыг хүндэтгэх, дээрэлхэхгүй байх, зодохгүй байх, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх гээд хүмүүжлийн олон зүйлийг суралцах боломжтой. Гэхдээ сургуулийн хүртээмж хангалтгүй ийм цаг үед юун хүмүүжил.Тиймээс сургуулийн хүртээмжийг сайжруулах, тэгш боловсрол олгохыг төрөөс шаардаж, нэхдэг байхаас эхэлнэ.
ХАРИЛЦАА БА ХАРИУЦЛАГА
Ердөө дунд сургуулиас нь эхлээд бэлгийн боловсрол, гэр бүлийн боловсрол, хувь хүний хүмүүжил гээд ёс зүйн, ёс суртахууны хувьд бид хүүхдүүдээ бага балчираас нь эхлээд хүмүүжүүлэх учиртай. Хүн хэдэн насандаа гэр бүл зохиох, гэр бүл зохиохын тулд яах ёстой, хүүхэдтэй болвол ямар хариуцлага хүлээх гээд олон зүйлийг бага балчираас нь сургамаар юм шиг.
Ердөө олон эцэг эхчүүдийн хариуцлагагүй, хайнга, хүүхдээ үл хайхарснаас болоод гэмт хэргийн золиос, зам тээврийн осолд өртөх, хүчирхийлэлд өртөх, сэтгэл зүйн асуудалтай, зөв, хариуцлагатай хүн болж төлөвшиж чадахгүй тохиолдлууд улам бүр олширсоор байна.
Сошиал орчин хөгжсөнтэй холбоотойгоор бусдад хууртагдах, найз нөхдийн нөлөөллөөр уруу татагдах гээд энэ бүхэн бүгд эцэг эхийн хараа хяналтгүй байдал үл хайхрах хүчирхийллийн хэлбэр. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд өгөөд л найдаад орхичихдог нь олон. Гэтэл хүүхэд нь хичээлийн бус цагаар юу хийж байна, хаана хэнтэй нөхөрлөж байна вэ, сошиал хуудаст хэн нэгний золиос болчих вий, ямар хүмүүстэй харьцаж байна гээд байнгын хараа хяналттай байх ёстой. Тэгэхээр эцэг эх бүр хараа хяналтаа сайжруулж, хариуцлагатай эцэг, эх байхаас энэ бүхэн эхэлнэ.
ХУУЛЬ БАС ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЯНАЛТ
УИХ-аас гаргасан хууль тогтоомж өнөөдөр амьдрал дээр хэр зэрэг хэрэгжиж байгаа дээр хяналт тавьдаг хүн бараг л байхгүй гэхэд хилсдэхгүй. Өдөр бүр “үйлдвэрлэж” байгаа тэр олон хууль иргэдийн амьдралд, нийтийн эрх ашгийг хамгаалж, хүүхдийн асуудалд яаж нөлөөлж байгаа вэ гэдгийг хянаж, судалдаг тусгай бүтэцтэй болох ёстой.
Нэг үйлдэл, асуудал гарахад хуулиа чангал, цаазын ял сэргээ гэхээс илүү батлагдсан олон хуулийн аль нь амьдралд хэрэгжихгүй, аль нь сайн хэрэгжиж, үр дүнгээ өгч байгааг УИХ гэхэд ядаж жилдээ нэг удаа судалж, олон нийтэд тайлагнадаг байж болох уу.
Өнгөрсөн өдрүүдэд үүссэн хүүхдийн асуудлууд дээр гэхэд бага насны хүүхэд хүчирхийлсэн, хүн алсан байхад “сайн хүмүүжигч” нэрийн дор хугацаанаас нь өмнө суллачихдаг, түүнээс болж нэг бяцхан хүүхдийн амь нас эрсэдсэнд УИХ анхаарлаа хандуулж, хуулиа өөрчлөх шаардлага үүсч байна. Энэ бол ганцхан жишээ. Гэтэл УИХ жилд хэдэн хууль баталдаг вэ, түүний хэд нь бодит амьдрал дээр хэрэгжиж, үйлчилж байна вэ гэдэгтээ хяналт тавьдаг механизмтай болох ёстой. Хуулиа дагаад түүнийг хэрэгжүүлэгч нарт ч мөн хяналт тавьдаг, хариуцлага тооцдог тогтолцоог бий болгож, хариуцлага, хяналтаа сайжруулах учиртай, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ.
Энэ мэт бид асуудал бүрийн шалтгааныг олоод зөв шаардлагаа төрдөө тавьдаг, төр нь нэг ч гэсэн асуудлыг шийдэхийн тулд өөрчлөгдөх, өөрчлөлт хийх хүсэлт зоригтой байхаас эхлэх ёстой.. Ердөө нийгмийн олон субъект, нийгмийн бүх төлөөлөл зөвхөн хүүхдийн асуудалд анхаарч, хүүхдэд ээлтэй хот байгуулах, хүүхэд нэгт гэж бодоод өөрчлөх гээд, шинэчлэх гээд төр нь, иргэлд нь ч нэг шаардаад, хариуцлагаа ухамсарлаад, хариуцлага нэхэж эхлэх цаг. Бид дахин зул барихгүй, харуусахгүйн төлөө иргэд нь ч, төр нь ч гэсэн хөдлөх цаг!
Холбоотой мэдээ