Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас аравдугаар сард хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхэд олгох мөнгөн тэтгэлэг, хүнсний тусламжийн хуваариа гаргажээ. Энэхүү хуваарьт тусгаснаар хүүхэд бүрт сар тутамд олгодог 100 мянган төгрөгийг аравдугаар сарын 19-нд олгох юм байна.
УИХ өнгөрсөн онд 2023 оны төсвийн хуулийг батлахдаа нийт хүүхдийн 91 хувьд буюу 1.1 сая гаруй хүүхдэд 100 мянган төгрөг олгохоор хуульчилсан юм. Гэвч хүүхдийг эцэг, эхийнх нь орлогоор ялгаварлаж болохгүй гэдэг шүүмжлэл өрнөж, мөн эл асуудал Үндсэн хуулийн Цэцэд очсоноор УИХ, Засгийн газар хүүхдийн мөнгөн тэтгэлгийг эргэн харснаар 2023 оны долдугаар сарын 1-ээс эхлэн бүх хүүхдэд олгодог болсон юм.