НЭМЭЛТ 11:20
АВИА КОМПАНИУД НИСЛЭГҮҮДЭЭ ЦУЦЛАВ
Израиль дайны байдалд шилжсэнтэй холбоотойгоор агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ цуцалжээ. Бямба гаригийн байдлаар Тель-Авив хотын ойролцоо орших Бэн Гурион олон улсын нисэх буудлын нислэгүүдийн 16 хувь нь цуцлагдаж, 23 хувь нь хойшиллоо.
Мөн Израиль руу чиглэсэн зарим нислэгийг дэлхийн бусад улс руу шилжүүлэв. Тухайлбал, "United Airlines"-ийн 954 дүгээр нислэг Баасан гаригт Сан Францискогоос хөөрсөн боловч Израильд буулгүй Грийнланд руу нисчээ. Нислэг буцаад Сан Франциског зорих төлөвтэй байна.
Германы "Lufthansa Group Airlines" компани Тель-Авиваас Франкфурт руу нислэгтэй байсан ч цуцалжээ. "Swiss Air", "Austrian Airlines", "Delta Air Lines", "American Airlines" болон "Turkish Airlines" компаниуд ч мөн нислэгээ цуцлав.
ИЗРАИЛЬ ДАЙНЫ БАЙДАЛД ШИЛЖИВ
Газын босогчид өчигдөр /2023.10.07/ Израилийн нутаг дэвсгэр рүү пуужингийн цохилт өгч, зэвсэгт этгээдүүдийг илгээв. Үүний дараа Изралийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдэл хийхдээ "Израилийн иргэд ээ, бид дайны байдалд байна. Цэргийн ажиллагаа биш, довтолгоо биш, дайны байдалд байна" гэжээ.
Пуужингийн довтолгооны улмаас дор хаяж нэг хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан гэж албаныхан мэдэгдлээ.
Газын зурвасыг удирддаг Палестины зэвсэгт хүчний Хамас хөдөлгөөн пуужингийн довтолгоог өдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн Израилийн эсрэг бүх нийтийн бослого гаргахыг уриалав. "Хэрэв танд буу байгаа бол түүнээ гарга. Одоо ашиглах цаг нь. Ачааны машин, сүхээ ч гарга. Өнөөдрөөс түүх эхэлж байна. Хамас бүлэглэл 5000 пуужингаар дайсны байрлалыг онилсон. Израиль руу хийсэн довтолгоо нь Аль-Аксаг гутаан доромжилсны хариу үйлдэл" гэж Хамасын цэргийн командлагч Мухаммед Аль-Дейф мэдэгдэв.
Израилийн эрх баригчид Газын зурвасын ойролцоо амьдардаг иргэдийг гэрээсээ гарахгүй байх, эсвэл хоргодох байранд орохыг зөвлөв.
Пуужингийн анхны цохилтоос хойш дор хаяж гурван цагийн турш агаарын довтолгооноос хамгаалах дохиолол дуугарчээ. Иерусалим дахь "CNN"-ийн сурвалжлах багууд ч пуужингийн сэрэмжлүүлгийн дохиог сонссон байна. Эхний ээлжин пуужингуудыг Бямба гаригийн өглөө 06:30 цагт харважээ.
Олон хүн шархдаж гэмтсэнтэй холбоотойгоор Тел-Авив хотод цус хандивлах тусгай аян зохион байгуулж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ