“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/-өөр томилогдсон Ж.Ганбатын хугацаа энэ сард дуусч буй аж. Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Ж.Ганбатын хугацааг зургаан сараар сунгаж шийдвэрлэсэн юм. Ингэснээр энэ оны аравдугаар сар гартал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ-өөр ажиллах үүрэг хүлээсэн. Анхны БЭТ-өөр ажиллуулах Засгийн газрын шийдвэр 2022 оны аравдугаар сард гарч байжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон БЭТ-ийн хугацаа дуусч буйтай холбоотойгоор тус компанийн захирлаар хэнийг томилох вэ гэдэг асуудал МАН-ын гишүүд дунд хөндөгдөх болжээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд гаргана гэсэн хүлээлттэй байна. Учир нь, хулгай нүүрлэсэн байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гүйцэтгэх захирал томилох бол өөрийн хүнээ санал болгох бололтой.
Одоогийн БЭТ Ж.Ганбатын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэг нутагтан. Гэхдээ Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн даргын алба давхар хашдаг. Иймээс түүнийг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилбол Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлөх асуудал үүсэх тул дахиад ч БЭТ-ээр нь үргэлжлүүлэн томилохыг үгүйсгэхгүй гэдэг асуудал хөндөгдөж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд өнөө жил 50 сая тонн нүүрс экспортод гаргах зорилго тавьсан. Одоогоор 46.7 сая тонн нүүрс экспортод гаргаад байгаа юм байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ