Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"МИНИЙ ТУЛААН ОДОО Л ЭХЭЛЖ БАЙНА"
АН-ын гишүүн Ц.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд та шинэ, содон үзэгдэл байлаа. Нэрээ дэвшүүлэхээс эхлээд нэрээ татах хүртэл олон нийтийн сүлжээнд, сунгааны гол дүр байж чадсан. Нөгөө талаар таны энэхүү "үйлдэл" улс төрийн нэг тохиролцооны хүрээнд өрнөсөн гэсэн хардлага ч байсан. Таны тайлбарыг бол уншсан. Гэхдээ манай уншигчдад өөрийн амаараа тайлбарласан нь дээр байх?
-Б.Жаргаланг дэмжихийн тулд нэрээ татсан биш. Ер нь сонгуульд нэрээ дэвшүүлэх болсон нөхцөл байдлын талаар яръя. Одоогийн явж ирсэн тогтолцоо мандатын эрхийг багцалж авч лоббиддог зарчмаар явдаг юм байна. Улс төрийн лобби гэдэг зүйл байлгүй яах вэ. Тэр нь ямарваа нэг сонгуульд очоод, өөрийгөө таниулаад, тайлбарлаад, ямар зорилгоор дэвшиж байгаа юм бол, юу хийх үү гэхчлэн өөрийгөө сонгох хүмүүст бололцоог олгодог. Хамгийн тохирсон нэр дэвшигч мөн гэдгээ нотлохын тулд лобби хийж болно. Гэтэл лобби нь өнөөдрийг хүртэл хуйвалдааны зарчмаар, мөнгө тараалт эсвэл тухайн эрхэлж байсан албан тушаалын давуу байдлаа ашиглаж, илүү мэдээллийг өгч өөрийгөө таниулдаг, бусдын бололцоог хаадаг байдалтай явсаар байгаад ерөнхий гажуудсан систем рүү орчхож. Нөгөө талдаа бүлгэрхэх үзэгдэл байна. Манай бүлгээс ийм хүн гарахын тулд юугаа ч хамаагүй тавьж байгаад гарна гэдэг зорилготой. Эцсийн бүлэгтээ гаргаж ирсэн лидер нь буруу замаар яваад ирэхээр тэр чигээрээ бүлгийнх нь нэр хүнд нь унадаг. Эсвэл дотоод асуудлаа гадагшаа гаргахгүй дарсаар байгаад бугшдаг. Нөгөө бидний эрх чөлөөт, хувь хүний үнэ цэнийн тухай ярьж тунхаглаж явдаг намын үзэл биш, эрх ашгийн хуваагдлын нам болж, эцэстээ зөрчил үүсээд нам алга болохоо шахлаа. Энэ ганцхан АН-ын асуудал биш.
-АН-ын асуудал биш юм бол тэгээд хэний асуудал юм бэ?
-Яагаад гэвэл АН-ыг дагаад манай нийгэм дэх ардчилал маш эмзэг, эрсдэлтэй байдалд хүрсэн.
Тиймээс би ардчиллыг ямар нэгэн байдлаар нухчин даруулахаас өмнө өөрийн чадлаар хувь нэмрээ оруулахаар орж ирсэн.
Нэгэнт бий болсон бугшмал бүтцийг хараад биеэр мэдрээд үзье гээд АН-д орсон. Эцсээ хүртэл тэмцэлдээд яваад байсны учир ерөөсөө энэ юмыг нь эвдэх гээд байгаа шүү дээ. Яагаад гэвэл энэ асуудал ганцхан энэ удаагийн эмэгтэйчүүдийн сонгуулийн асуудал биш. Цаашдаа намын дотоод сонгуулийнхаа системээр өөрийн удирдлага бүтцээр манлайлагчдыг тавина. Тэгэхээр ийм хуйвалдааны байдлаар манай, танай хүн гээд хүмүүсийнхээ зодоон болгоод тавих хэрэггүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"МОНГОЛ УЛС ПУТИНЫ ЭДИЙН ЗАСАГТАЙ ОРОН БОЛЖ ХУВИРЛАА"
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн сонгуулийн жилийн төсөв, Монголбанкны 2024 оны мөнгөний бодлогын эргэн тойронд эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр 2024 онд төсвийн зардлыг 2023 оныхоос долоо их наяд төгрөг буюу 35 орчим хувиар нэмж буйгаа мэдээлсэн. Төсвийн зарлагыг ирэх 2024 онд 27.4 их наяд төгрөг байхаар тооцсон бөгөөд орлогыг 25.3 их наяд төгрөг гэж төлөвлөжээ. Энэ тооцооллоор Засгийн газар ирэх онд 2.1 их наяд төгрөгийн алдагдал үйлдвэрлэнэ гэсэн үг. Эдийн засагч С.Дэмбэрэлийн хувьд төсвийн алдагдал энэ хэмжээнээс давна. Төсвийн шинэчлэл харагдахгүй байгааг тайлбарлалаа.
-Ирэх оны төсөв, мөнгөний бодлогын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Тухайлбал, Засгийн газраас төсвийн зардлыг түүхэн байгаагүйгээр өсгөж, 27.4 их наяд төгрөгт хүргэжээ. Ирэх 2024 онд УИХ, орон нутгийн ээлжит сонгуультай. Төсвийн зардлыг огцом нэмэгдүүлэх нь эдийн засгийн нөхцөл байдалдаа хэр зохимжтой юм бол?
-Шинэчлэлийн шинжтэй зүйл харагдахгүй байгаа. УИХ-аас жил бүрийн намар ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг батлан гаргадаг. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. 2024 оны төсөв олон жилийн алдаа дутагдлаа давтаж байна. Сонгуулийн өмнөх жил болон сонгуулийн жил төсвийн зардал өсдөг. 2000 оноос хойш төсвийн орлого, зардлын зөрүү алдагдлыг харж байхад, сонгууль дагасан төсвийн бодлого явж ирсэн. Монгол Улсын сонгуулийн тойргийн хуваарилалт буюу мажоритар тогтолцоо эдийн засагт ингэж нөлөөлдөг.
УИХ-ын гишүүд 2023, 2024 онд төсвийн зардлыг тойргууддаа хуваарилуулж, ажил хийсэн болж харагдахыг оролдоно. Хэвшмэл болчихсон ойлголт. Иймэрхүү сонгуулийн цикль оршил сөрсөн биш дагасан төсвийн бодлого яваад байгаа.
Төсвийн зардлыг дагаад алдагдал өсөж байгаа нь төсвийн давамгай байдлын ойлголт. Цаана нь Засгийн газрын өр нэмэгдэж байгаа. Төсвийн алдагдлыг хаадаг эх үүсвэрүүд нь мөгнө хэвлэх, өр зээл тавих байдаг. Засгийн газрын өр ирэх онд өснө гэсэн үг. Нөгөө талаар өнгөрсөн жилүүдэд төсвийн алдагдал нэмэгдэх тусам мөнгөний бодлогын хараат бус байдал алдагдаж ирсэн. Мөнгө бодлогын бие даасан байдалд нөлөөлдөг. Төсвийн давамгай байдал гэж үүнийг хэлдэг.
-Тэгэхээр ирэх онд төсөв их хэмжээгээр тэлсэн тохиолдолд Монголбанк мөнгөний бие даасан бодлогоо хэрэгжүүлэх боломж хумигдана гэсэн үг үү?
-Мөнгөний бодлого хариуцсан төрийн байгууллагууд бодлогоо хэрэгжүүлэхээс илүүтэй төсвийн алдагдлыг санхүүлэхэд анхаарч эхэлдэг. Засгийн газрын гадаад өр өснө. Эдийн засагт мөнгө нийлүүлэх шаардлага тулгарна. Мөнгөний бодлогын хувьд инфляц 10 хувьтай байна. Хүнсний инфляц 16 хувьтай байгаа. Монголд хүнсний инфляцид хөтлөгдсөн үнийн өсөлт яваад байна. Хүнсний инфляци өнгөрсөн жилүүдэд тогтвортой буураагүй. 2022 оны бүх сар, 2023 оны эхний найман сарын байдлаар инфляци 2 оронтой тооноос буусангүй.
Инфляци ийм өндөртэй улсад төсвийг алдагдалтай баталж, мөнгөний бодлогын бие даасан байдалд сөргөөр нөлөөлдөг байдал олон жил явж ирлээ.
Төсвийн алдагдлыг зөвхөн 2.1 их наяд төгрөгөөр хэмжих боломжгүй. Алдалдал бол орлого, зарлагын зөрүү. Дээр нь Засгийн газрын 2023 оны байдлаарх болон 2024 онд нэмж авахаар төлөвлөж байгаа гадаад өрийн төгрөгөөр илэрхийлэгдэх өөрчлөлт нэмэгдэнэ. Үүнийг олон улсын жишигт “төсвийн арга мэх” гэж нэрлэдэг. Төсөв дээр шинэчлэл хийсэн гэдэг зүйл харагдахгүй байгаа. Хэвшмэл байдлаар сонгуулийн цикльд тааруулан алдагдалтай баталдаг явдал арилаагүй байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ШАТАХУУНЫ ҮЛДЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ ХАМААГҮЙ ЗАРЛАХ БОЛОМЖГҮЙ"
Уул уурхайн сайд Ж.Ганбаатартай ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төсөөлөл дээр 60 сая тонн нүүрс экспортлоно хэмээн тусгасан байна. Тийм боломж байгаа гэж харж байна уу?
-Энэ оны эхний есөн сарын байдлаар бараг л 50 сая тонн нүүрс экспортлочихоод байна. Долоо хоногтоо 1.2-1.5 сая тонн нүүрс экспортолж байна. Энэ онд 36 сая тонн нүүрс экспортлоно гэж төлөвлөөд 50 саяд хүргэчихээд байна. Цаана нь 10,11,12 сар байна. Өөрөөр хэлбэл, дахиад нэг улирал байна. Уул уурхайн салбарт 100,120 сая тонн нүүрс экспортлох нөөц боломж бий. Хамгийн гол нь хил гааль болоод худалдан авч байгаа талын квот гэх юм уу худалдан авагч талын бодлого нөлөөлөхгүй бол хангалттай хэмжээгээр гаргаж болно. Гэсэн хэдий ч аливаа ажлын эрсдлийг тооцоолж, урагшаагаа харж л төлөвлөнө.
Энэ онд нүүрсний экспорт хамгийн багадаа 55 сая тоннд хүрэх нь байна.
Тиймээс дараа жил 60 сая тоннд хүргэх боломжтой гэж харж байна. Гэхдээ Уул уурхайн яамнаас төсвийн төсөөллийн тоог оруулдаггүй шүү дээ. Уул уурхайн яамнаас ойролцоогоор 46 сая тонн байх тооцоог олон талын судалгааг харж өгсөн. Хэдий тийм боловч салбарын сайдын хувьд 60 сая тоннд хүргэх хангалттай боломжтой л гэж харж байна. Бид байгаа бүх боломжоо ашиглах л ёстой.
-Хил гааль болоод тээвэр ложистикийн хувьд ямар ахиц дэвшил гарна гэж тооцоолж байна?
-Энэ асуудлыг тээврийн сайд болон Боомтын сайдаас л асуух нь зүйтэй байх.
-Тээвэр ложистикийн асуудлаа тооцоолохгүйгээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тооцоолол гаргасан гэж ойлгож болох уу. Салбар хоорондын уялдаа холбоогоо хэрхэн хангав?
-Мэдээж хамтдаа бодож байж л гаргана шүү дээ. Түүнээс биш нэг хүн шууд оруулаад тавьчихгүй. Уул уурхайн яамнаас нүүрсний экспорт дээр олон зүйлийг харгалзаж үзээд 46 сая тонн байх тооцооллыг гаргаж өгсөн юм л даа. Гэхдээ нэгэнт хамтын шийдвэр гарч байгаа учраас 60 сая гэдэг тооныхоо араас бүгд явна шүү дээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"БИ МӨРӨӨДЛӨӨРӨӨ АМЬДАРЧ БАЙНА"
Морин хуурч Б.Номуундэлгэрийг хөгжмийн хүрээнийхэн нь Ноби нэрээр нь андахгүй. Үндэсний хөгжмийн урлагийг орчин цагийн хөгжмийн урлагтай хослуулдаг тэрбээр өөрийн сургалтыг байгуулж, олон бяцхан шавь нартай болжээ. Түүнтэй сүүлд уулзахад өөрийн бие даасан уран бүтээлээ эхлүүлээд тун завгүй явсан. Харин энэ удаа морин хуурын багш болсон байв. Хүн өөрийн хийхийг хүссэн зүйлээ бүтээж, тэмүүлж амьдрах шиг сайхан зүйл үгүй. Тэр амьдралынхаа энэ цаг мөчийг "мөрөөдлийн үе" хэмээн нэрлэж. Морин хуурч бүсгүй үндэсний өв соёлоо хойч үе болсон хүүхдүүдэд зааж, авьяаслаг бяцхан шавь нараараа бахархаж явдгаа ярьсан юм.
-Анх бүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй охин хэрхэн морин хуурч болсон тухайгаа ярихгүй юу?
–Би хотынхоо Бага тойрогт өссөн хүүхэд. Намайг гурван настай байхад ээж минь вальс эргэхийг зааж өгч байлаа. Манай ээж урлагт их хайртай хүн. Би ч гэсэн багаасаа бүжиглэх дуртай. Бүр бүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Цэцэрлэгээсээ эхлээд л арван жилийн сургуульд сурч байхдаа бүжгийн дугуйланд суралцсан. Тэгээд наймдугаар ангиа төгсөөд Соёлын дээд сургуульд орж суралцсан. Анх морин хуур гэдэг хөгжмийг огт мэдэхгүй хүүхэд очиж байлаа.
Ээж минь бараг албан хүчээр “Миний охиноос ямар хөгжмийн ангид орох вэ” гэж асуухаар морин хуурын ангид л орно гээд байгаарай гэж хэлж өгсөн.
Манай ээж өөрөө ёочин тоглодог байсан учраас тэр хөгжим дээр нь ая тоглож сураад л шалгалт өгч тэнцэж, морин хуурын ангид орж байсан юм. Одоо энэ сонголтондоо хэзээ ч харамсдаггүй. Тэндээ гурван жил суралцаад Соёл урлагийн их сургуульд морин хуур хөгжимчнөөр дөрвөн жил суралцаж төгссөн.
–Соёлын дээд сургуульд суралцаж байх хугацаандаа “Жонон” хамтлагт хөгжимчнөөр орсон бил үү?
-Тэгсэн. Соёлын дээд сургуульдаа суралцаад жил гаруй хугацаа өнгөрч байхад “Жонон” хамтлагаас надад санал тавьсан юм. Тухайн үед би 17-хон настай байлаа. Урлаг гэж юу байдгийг тэгэхэд л мэдэрч эхэлсэн. Хамтлаг маань намайг маш сайн хүмүүжүүлж, их зүйлд сургасан.
Хамтлаг маань тухайн үедээ ардын хөгжмийн гэхээсээ илүү бөмбөр, базз гитартай хөнгөн, шинэлэг уран бүтээл тоглодог байсан. Энд тэнд тоглолтод оролцоно.
Хамтлагийнхнаа одоо ч хайрлаж, хүндэлж явдаг. Сая Үндэсний их баяр наадмаар манай "Жонон" хамтлагийнхан хөгжмийн найруулга дээр ажилласан. Би өөрийн шавь нартайгаа морин хуур тоглож, хамтран ажилласан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ