МАН-ын хүний нөөц шавхагсдан уу, төрийн албыг үзэмжээрээ хандаж самраад байна уу. Ямартай ч Монголын төрд ажиллах хүн олдохгүй боллоо. Бүр дарга хийж, тамга атгах хүн олдохоо байв. Бүр эсвэл төрийн мэргэшсэн албан хаагчид сайд нарын шахалтаар гарын үсэг зурж, аавын хаалга татахаас хаширлах болов уу.
Арга ядаад даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийг бас нэг түр орлон гүйцэтгэгчээр сольдог болоод удаж байна. Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өчигдөр (2023.10.05) тушаал тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнайг томилов. Түүнд ажлаа өгсөн Т.Бадрахбаяр мөн даргын албыг түр орлон гүйцэтгэгч байсан.
Энэ бол ганцхан томилгоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа газрууд бүгд түр орлон гүйцэтгэгч даргатай. Нийгмийн эмзэг сэдэв болоод байгаа хүүхэд хамааллын асуудал эрхэлдэг Гэр бүл, хүүхэд залуучуудын газар нь хүртэл түр орлон гүйцэтгэгч даргатай байх юм. Нийгмийн хамгааллын салбар ийнхүү самрагдсан нь тус яаманд дөрвөн жилийн хугацаанд дөрвөн сайд томилж, тогтворгүй байдал үүсгэсэнтэй холбоотой. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодохгүй нь гүйдлээ олохгүй. 2020 оноос хойш тус яамыг А.Ариунзаяа, Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан, Х.Булгантуяа гээд дөрөв дэх сайд нь удирдаж байна. Сайд нар нүд ирмэхийн зуур унаж, сайд хийж үзэх гэсэн хүн МАН зуу зуугаараа дараалал үүсгэх болсон. Харин яамны болон газрын дарга хийх хүн олдохгүйд хүрэв. Тухайлбал, Боомтын сайдаас бууриа сэлгэж нийгмийн хамгааллын салбарт сайдаар очсон Х.Булгантуяа төрийн албаны шалгалт өгч, даргын албандаа жинхлэхээр тэнцээд байсан Т.Бадрахбаярыг өөрийн хүн биш хэмээн нүд үзүүрлэж, Төрийн албан тухай хуулийг уландаа гишгэсэн. Сайд нар яаманд очих бүрдээ доод дарга нарынхаа томилгоог ташаалаараа шийдэж, салбараа яаж самардгийн бэлэн жишээ энэ ээ.
Д.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ