Дорноговь аймгаас ор сураггүй алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Түүнийг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж буй Г.Гантулга гэгч өмнө нь бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр ял шийтгэл эдлэж байсан гэх мэдээлэл олон нийтийг бухимдуулж буй юм.
Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхэд зуурдаар амиа алдсан, авто машинд дайруулсан, алга болсон гэх сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл ар араасаа цацагдах болсон. Хичээлдээ явахаар гэрээсээ гарсан 13 настай охин гарцан дээр хурд хэтрүүлсэн жолоочид мөргүүлж амиа алдсан бол Дорнод аймагт долоон настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амиа үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тэрчлэн гурван хүүхэд ээжийнхээ хамт угаартаж нас барсан бол 5, 7 настай хүүхдүүд орон сууцны цонхоор унаж эрсэдлээ.
Тиймээс УИХ-ын даргын үүрэг чиглэлийн дагуу чуулганы хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын талаарх асуудлыг хэлэлцэж байгаа зорилго нь хүүхэд хамгаалах асуудал төрийн хяналтыг нэмэгдүүлэх, хүүхдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын зүйлчлэлийн чангатгах тухай.
Энэ талаар УИХ-ын даргын баримтлаж буй байр суурь нь “Монгол хүүхдүүд бусдад дээрэмдүүлж, гэр бүлийн болон бусад орчинд хүчирхийлүүлж, гэртээ угаартаж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Хүний наймааны ноцтой асуудлууд ч хөндөгдөж байна. Тиймээс хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрхийн эсрэг асуудалд Монголын төр зүгээр суух ёсгүй. Хүүхдийн зөрчлөөр ял авсан гэмт хэрэгтэнд уучлал, өршөөл үзүүлэхгүй байх эрх зүйн шинэчлэлийг хийх хэрэгтэй байна” гэх үг.
Монгол Улсад хүний наймаатай холбоотой 20 гаруй хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд хүрээгүй хүүхэд байна. Сүүлийн 30 жилийн турш эрэн сурвалжлагдаж байгаа 20 гаруй хүүхэд байгаа гэх.
Тамга тэмдгээ аваад ганц хонож буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр зарим хуулийн өөрчлөлтийг яаралтай батлах шаардлагатайг онцлоод "Засгийн газраас бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах Эрүүгийн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Бага насны хүүхдийг хүчиндсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй байх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдвэл торгодог байсныг хорих ялаар солих өөрчлөлт хийх хэрэгтэйг ч санууллаа. Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь эцэг, эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн зүгээс үйлдэгдэж байна. 2023 оны есөн сарын байдлаар хүүхдийн хамгааллын утсанд 78,300 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Төрийн өмчийн 72, төрийн бус өмчийн 22 сургууль автобустай байгаа нь хүүхэд сургууль, гэр хоёрын хооронд аюулгүй зорчиход тулгамдсан асуудал болж байна. Иймээс автобусны тоог нэмэх шаардлагатай. Төрийн өмчийн 650 сургуулиас 560 нь гаднаа камертай, огт камергүй 90 сургууль байна. Ерөнхий боловсролын 61 сургууль огт камергүй. Сургууль доторх аюулгүй байдлыг хангахаас гадна сургуульдаа очиж, ирэх зам харгуйн аюулгүй байдлыг хангах шаардлагатай” байгааг ч дуулгасан юм.
Гэхдээ хүүхдийн төлөө “За” ма гэж хий хоосон дуулахаас илүү хүүхдэд ээлтэй орчин хэзээ бүрдэх вэ гэдгийг эрхэм гишүүдээс асуумаар байна. Хэн нэгэн хүүхэд хүчирхийлүүлсний дараа нийгмээрээ хашгирдаг, эрх баригчид нь гэнэт сэрдэг нийгмийн төлөө биш хүүхдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж чаддаг нийгэмтэй болох нь бидний авах ёстой сургамж ба харах ёстой өнцөг юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ