МАН-д мал л хэрэгтэй, хүүхэд хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2023.10.06-нд нийтлэгдсэн

МАН-д мал л хэрэгтэй, хүүхэд хэрэггүй

МАН-д мал л хэрэгтэй, хүүхэд хэрэггүй

БНХАУ-тай  хил залгаа Дорноговь аймгаас 12 настай охин алга болоод гурав хонов. Гэмт хэрэгтэн нь олдсон ч хохирогч одоог болтол сураггүй. Харамсалтай нь, эрх баригчид Ерөнхий сайдын ивээл дор “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулганыг Төрийн ордны их танхимд зохион байгуулсан шигээ сууцгааж байна.

Уг нь Монголын төрд энэ цаг мөчид малаас илүү хүн нь, тэр дундаа хүүхэд эрхэм байлтай. Гэвч үгүй аж.

МАН Засгийн эрхийг авснаас хойш мал аж ахуйн салбарт тэрбум, тэрбумаар нь хөрөнгө цацаж ирсэн. Төсвөөс зарцуулж буй хөрөнгийн хэмжээ ихэдсэн үү гэхээс багадаагүй. Зөвхөн энэ жил  5.5 сая үхрийг ээмэгжүүлэхэд зориулж, 13.5 тэрбум төгрөг зарцуулсан.

Дээр нь малчдад ноолуур, ноос, сүүний урамшуулал олгож,  жил бүр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгадаг. Нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгодог.  Тодруулж хэлбэл, малчид нэг кг ноолуураа 100 мянга давсан үнээр өгч байж, дээр нь үндэсний үйлдвэртээ тушаасан гэдгээр кг тус бүрт 20 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Харин ноосны тухайд 1 кг тутамд 1500-2000 төгрөгийн урамшуулал авдаг.  Тухайлбал, 2021 онд ноосны урамшуулалд зориулж 31  тэрбум төгрөгийг малчдад олгосон байдаг юм.

Гэтэл хүүхэд хамгаалалд зориулж, улсын төсөвт суулгадаг төсөв нь ердөө 8 тэрбум төгрөг.  Үхэр ээмэгжүүлэх мөнгө, ноос, ноолуур, сүүний урамшуулалд зарцуулж буй мөнгөнөөс нь даруй хэд дахин бага төсвийг хүүхдэд төсөвлөж байна гэж хэлж болно.

Хамгийн эмгэнэлтэй нь, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн тайлбарласнаар Монгол Улсын 330 гаруй сум бүрт малын асуудал хариуцсан таван хүн төрөөс цалин авч ажиллаж байхад хүүхэд хариуцсан нэг ч хүн байдаггүй.

Мөн УИХ-аас 2023 онд баталж өгсөн 8 тэрбум төгрөгийг 18 хүртэлх насны 1.3 сая хүүхэддээ хуваахаар 15 мянган төгрөг л ногддог.

Ноолуурын урамшуулалд 20 мянган төгрөг төсөвлөдөг хэрнээ хүүхдэд 15 мянган төгрөг төсөвлөдөг гэхээр хүүхдээ малаас ч дорд үзэж буйн илрэл.

Covid-19 цар тахлын үеэр сүр дуулиан зарлан, Хүүхдийн төлөө сан байгуулж, хандив цуглуулж хэдэн арван тэрбум төгрөг цугларсан  ч өнөөдөр тэрхүү фондын мөнгөнөөс хэд нь хүүхдэд зарцуулагдсан, хэдэн төгрөгийн үлдэгдэл байгаа вэ гэдэг ч тодорхойгүй болсон.

2018 онд Замын-Үүд сумаас найман настай Д.Сэржмядаг охин сураггүй болж, камержуулалтын асуудал хөндөгдөж байсан ч өнөөдөр ч төр эл асуудлаа ярьсаар л сууна.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягийн тайлбарласнаар Дорноговь аймагт камер суурилуулсан ч ажилладаг нь ховор. Хоёр жил тутамд камерыг шинэчилж, засварлах ёстой ч төсөвт шаардлагатай хөрөнгө нь суудаггүйгээс зөвхөн Дорноговь аймгаар хязгаарлахгүй бусад аймаг, нийслэл Улаанбаатар хотод ч энэ асуудал хүндхэн байна.

Уг нь камер байнгын ажиллагаатай байвал гэмт хэрэг 80 хувиар буурсан сайн үзүүлэлт бий.

Гэтэл төр хэрэгтэй зүйлдээ хөрөнгө тавьдаггүйн жишээ нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон камерууд гэрчлээд өгнө.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж