БОАЖЯ-наас цаг үеийн болон онцлох асуудлаар олон нийт, хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлэл өгдөг ээлжит “Хэвлэлийн бага хурал” боллоо. Хурлаар дараах асуудлаар мэдээлэл өгөв.
- УУЛ УУРХАЙН УЛМААС ЭВДРЭЛД ОРСОН ГАЗРУУДЫН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР: БОАЖЯ-аас 2020 онд зохион байгуулсан улсын хэмжээний эвдэрсэн газрын тооллогын дүнгээр нийт 30790 га талбай эвдрэлд орсон тоо судалгааны дүн гарсан бөгөөд үүнээс 28940 га талбай нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж хариуцах эзэн холбогдогч нь тодорхойгүй олон жил нөхөн сэргээлт хийгдээгүй 8000 га талбайг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай байгаа нь тодорхой болсон.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д заасан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилтыг тусгаж 2020 оноос хойш жил бүр 2000 га-аас доошгүй эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээх томоохон сорилт бүхий зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангахаар “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах салбар дундын ажлын хэсгийг байгуулж, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Нөхөн сэргээлтийг эрчимжүүлж ажилласаны дүнд сүүлийн жилүүдэд буюу 2020, 2021, 2022 онд нийт 6285 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2086 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газраас 2023 онд уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон 4000 га хүртэлх талбайд нөхөн сэргээлт хийлгэх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд тодорхой үр дүн гарсаар байна. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон “Оюу толгой” ХХК-тай 2022 онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий нэртэй газарт хариуцлагагүй бичил уул уурхай, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд оруулсан байсан 398.7 га талбайд “Оюу толгой” ХХК-иар техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж хүлээн авч Ялбагийн голын голдрилыг бүрэн сэргээсэн байна.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2021 онд хамтран баталсан "Нөхөн сэргээлтийн хөтөлбөр"-ийн хүрээнд 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ёстой бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт эвдэрч орхигдсон Харганатын ам, Гозонгийн ам, Өвөрзалаат, Угтаал гол, Могой гол-1, Могой гол-2, Цамхаг гол, Нарийн ам гэх 8 байршилд нийт 1229 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн ба 10 дугаар сарын 01-ний байдлаар ажлын явц 64 хувьтай буюу нийт 780 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг гүйцэтгэсэн.
- МАЗААЛАЙ БААВГАЙГ ХАМГААЛАХ, ТОО ТОЛГОЙН НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР: Монгол орны нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн мазаалай баавгай нь Алтайн өвөр говийн Цагаан богд, Баруун Тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархац нутгийнхаа тэн хагасаас бага нутаг Сэгс Цагаан Богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас Ингэс хавиар байршин нутаглаж байна.Шар хулс, Цагаан тохой, Цагаан бургас, Өлзий билгэх, Хөшөөт зэрэг булаг шандын ойролцоох хад бартаат намхан уулсаар гүйдэлтэй. Зүүнээ Тост уул, баруунаа Майхан булаг, Хар хайрхан, хойшоо Эдрэнгийн нуруу хүртэл тохиолдлоор үзэгдэнэ. Тархац нутаг нь 1960-аад оныхоос 5 дахин хумигдаж багассан.
Мазаалай баавгайг 1967 оноос хойш судалж эхлэх үед тоо толгой 20-35 орчим байсан.
Дэлхийн байгаль хамгаалах холбоо /IUCN/-ны олон улсын үнэлгээгээр устаж байгаа ангилалд ордог.
Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/- I хавсралтад орсон.
1953 онд – Хуулиар агнахыг хориглосон.
1975 онд – Говийн их дархан цаазат газрыг байгуулан хамгаалалтанд авсан.
1987, 1997, 2013 онуудад – Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн.
1991 онд – Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/ 1 дүгээр хавсралтанд бүртгэгдсэн.
2005 онд – Говийн баавгай төсөл хэрэгжиж эхэлсэн.
2012- Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэн ховор амьтны жагсаалтад оруулсан.
2018-2021 онуудад БНХАУ-ын Буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “ Монгол Улсын Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл” ийг хэрэгжүүлж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/466 дугаар тушаалаар 2024 оныг “Мазаалай баавгай хамгаалах жил” болгон зарлах тухай зарласан.
Говин баавгай төслийн судалгаагаар 2017 онд автомат камер болон генотипийн судалгаагаар 22-31 бодгаль байна гэж доктор Л.Амгалан, доктор Т.Одбаяр нар тогтоосон. 2009, 2013, 2017 онуудад нийт 2660 ширхэг генетикийн дээж цуглуулснаас:
- 2009 онд 23 бодгаль
- 2013 онд 28 бодгаль,
- 2017 онд 31 бодгаль байна гэж тогтоосон ба 13 полиморфизм микросателлит локи ашиглан тогтоосон.
БНХАУ-ын Буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд Генетикийн дээж, автомат камерийн дата мэдээллийг ашиглан 52 бодгаль гэж Монгол Улсын болон БНХАУ-ын эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны үр дүнд тогтоосон.
- 2019 онд 25 бодгаль
- 2020 онд 36 бодгаль
- 2021 онд 34 бодгаль
- 2022 онд 52 бодгаль байна гэж тооцсон.
Мазаалай хамгааллын чиглэлээр 42 уст цэг, 28 тэжээлийн сав, шилжилт хийдэг 54 цэгт нийт 124 автомат камер байрлуулсан.
– Алтайн Өвөр говьд зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 30 тонн ус хуримтлуулах хөв байгуулж, гурван худаг дээр нарны өргүүр суурилуулах ажлыг хийсэн.
– БНХАУ-ын судлаачидтай хамтран хийсэн судалгааны хугацаанд 902833 мэдээлэл цуглуулсанаас 361133 мазаалай баавгайн фото зураг болон видео бичлэг байлаа.
– Бодгаль бүрийг харьцуулан ялгах боломжтой 216679 зурганд боловсруулалт хийсэн.
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж буй Мазаалай хамгаалах үндэсний зөвлөгөөнийг 2022 онд зохион байгуулсан.
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 09 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж
-Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах
-Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох
-Жил бүрийн 02 дугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох
-Олон Улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол улсад зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн .
- ХУШ МОДНЫ САМРЫН НӨӨЦИЙН АШИГЛАЛТ: Монгол орны айн сангийн байгалийн ойн талбайн 5.1 хувь /612.7 мян.га/-ийг, нөөцийн 8.9 хувь /111.2 сая.м3/-ийг хушин ой эзэлдэг/.
Ойн тухай хуулийн 38.6-д “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааг зохицуулсан журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасныг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалаар “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг батлуулан мөрдөж байна.
Тус журмын 2.4-т “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтооно.” гэж заасны дагуу БОАЖС-ын 2023.09.25-ны өдрийн А/518 дугаар тушаалаар хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоогоод байна.
Энэхүү тушаалаар 5 аймгийн /Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Хэтий, Сэлэнгэ/ 10 сумын ойн сангаас үйлдвэрлэлийн зориулалтаар 2831420 кг, 4 аймгийн 11 сумын ойн сангаас ахуйн зориулалтаар 877444 кг, 6 УТХГ-ын ойн сангаас 292357 кг ахуйн зориулалтаар түүж бэлтгэх шийдвэр гарсан.
Хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхдээ Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдааны журмаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
- ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2020 онд Тэрбум мод Үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлэх зарлиг гаргасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2021 оны 350 дугаар тогтоолоор хэрэгжүүлэх арга хэмжээг баталсан байдаг.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8 хувийг ойн сан эзэлдэг ба үүнийг 8.6 хувьд хүргэж, цөлжилт газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулж, ойн сангийн хүлэмжийн хийн шингээлтийг 11 хувиар нэмэгдүүлэх зорилготой.
“Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш 20.6 сая мод тарьсан бөгөөд одоогийн байдлаар 90 хувийн ургалттай байна. Мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулан 320 орчим байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдэн 3200 хүн энэ салбарт байнгын ажлын байртай боллоо. 2023 онд ойг нөхөн сэргээх, ойжуулах арга хэмжээний зардалд 14 тэрбум төгрөгийн төсөв баталсан ба үүнээс 128 га талбайд ойжуулалт, 80 га талбайд ойн зурвас байгуулах, 25 га талбайд говь хээрийн бүсийг ойжуулах, 15 га талбайд уст цэг, баян бүрд хамгаалах нөхөн сэргээх ажил, 800 га талбайд байгалийн сэргэлт ургалтыг дэмжих ажил, мөн “нэг сая бургас тарих” хөдөлгөөний эхлүүлж эх ургамлын плантаци, үрийн байнгын болон түр талбай байгуулах, мод сөөгийн нөөц бүрдүүлэх ажлууд хийгдэж байна.
Ойн нөхөн сэргээлт, тарьсан модоо бүртгүүлэх terbummod.mn сайт болон аппликейшнийг ашиглалтад оруулж, 21 аймаг, уул уурхайн 22 аж ахуйн нэгжийн ойг нөхөн сэргээх төслийг бүртгэж, таригдсан модны байршил, мэдээллийн бүртгэсэн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд уул, уурхайн 21 аж ахуйн нэгжүүд 608,5 сая мод, 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 680 сая, банк, санхүүгийн байгууллагууд 88 сая мод тарих амлалт өгч, ажлаа амжилттай эхлүүллээ. Мод шинээр тарьж ургуулахаас гадна одоо байгаа ойн санг хөнөөлт шавжаас хамгаалах нь нэн чухал байна.
Иймээс “Цэвэр ой” төслийг “Рио Тинто Монгол” компанитай хамтран хэрэгжүүлж, 3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг хязгаарлах, тэмцлийн болон судалгааны ажилд 100000 га талбайд агаараас дэмжлэг үзүүлэн хөнөөлт шавж устгах ажлыг өрнүүлж байна.
- ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ ХХК-ИЙН ХIX, XXI ТАЛБАЙД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР: Петрочайна Дачин Тамсаг ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй химийн бодис ашигласан байх нөхцөл байдал тогтоогдсон, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлдэггүй, аюултай хог хаягдлын хуримтлал үүсгэсэн нөхцөл байдал тогтоосон.
- Дээрх нөхцөл байдалд үндэслэн талбай тус бүр дээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн нийт 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
- “Петрочайна дачин тамсаг” ХХК нь олон жил хуримтлагдсан, ашиглалтын хугацаа дууссан химийн бодис, сав баглаа боодол, аюултай хог хаягдлыг устгах, тээвэрлүүлэх талаар Элемент ХХК-тай гэрээ байгуулан 2022.09.23-2022.10.23-ны өдрийг хүртэлх хугацаанд 20 удаагийн ачилтаар 577 тн химийн бодис, сав баглаа боодлын хаягдлыг холбогдох газарт шилжүүлж, 339,58 тн аюултай хог хаягдлыг устгалд оруулсан байна.
- Петрочайна дачин тамсаг ХХК нь “12 нэр төрлийн химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан байж болзошгүй, газрын тосоор бохирдсон 4000 м3 орчим шороог байгаль орчинд ил задгай хаясан гэх асуудлыг шалгуулахаар Экологийн Цагдаагийн албанд 2022 оны долдугаар сарын 18-ны өдрийн 06-01/1540 дугаартай албан бичгээр шилжүүлж, тус газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, АЙМГИЙН БОАЖГ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ОРОЛЦУУЛЖ, САЛБАРЫН УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН БАТАЛСАН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН 01/03 ДУГААРТАЙ УДИРДАМЖИЙН ДАГУУ ДОРНОД АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ ХХК-ИЙН XIX, XXI ТАЛБАЙД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТААР АВСАН АРГА ХЭМЖЭЭ
- Петрочайна дачин тамсаг” ХХК нь ус ашигласны төлбөртэй холбогдуулан 2021 онд 1,881,095,392 төгрөг, 2022 онд 1,484,492,096 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын байдлаар 286 276 992 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн боловч ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй ус ашигласан зөрчил илэрсэн.
- Энэ зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгүүдийг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн 5000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
- Петрочайна дачин тамсаг ХХК-ийн ХIX талбайд N 460 53’ 43.1”, E 1160 10’ 05.4’’ координатын цэгт зөвшөөрөлгүй худаг гаргасан /малчны худаг гэх тайлбар гаргасан/ байсныг газар дээр нь худгийг 205221, 205246 дугаартай лацуудаар битүүмжилсэн.
- Монгол Улсын засгийн газрын 2022 оны 416 дугаар тогтоолоор газрын доорх усны төлбөрийн хэмжээ нэмэгдсэн байхад 2023 оны 1-3 сард ашигласан усаа хуучин тарифаар тооцож төлсөн байна. 19 талбай дээр 214 сая 707 мянга 744 (214.707.744) төгрөг, 21-р талбай дээр 92 сая 490 мянга 528 (92.490.528) төгрөгийг дахин тооцож нийт 307 сая төгрөгийг төгрөгийг төлүүлсэн байна.
- Петрочайна дачин тамсаг ХХК-ийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарсан цэвэршүүлсэн бохир усыг “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус Ерөнхий шаардлага MNS4943:2015 стандарт”-ын Хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээтэй харьцуулахад Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ) 3.6-4 дахин их, умбуур бодис 33 дахин их, Исэлдэх чанар (ПИЧ ) 4.5-4.7 дахин их ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус нь стандартын шаардлага хангаагүй, хог хаягдлыг ангилан ялгадаггүй, туслан гүйцэтгэгч компаниуд нь хог хаягдлыг тогтоосон цэгт хаядаггүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ аваагүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн.
- Энэ зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.13 дугаар зүйлийн 16.8 дэх хэсгийг үндэслэн 30000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, Зөрчлийн үр дагавар арилгахыг даалгасан.
- Петрочайна дачин тамсаг ХХК нь “Химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл”-ийн жагсаалтад ороогүй нэр бүр бүхий химийн бодисуудыг ашигласан байж болзошгүй асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны удирдлага болгон Эрүүгийн тухай хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газарт танилцуулан харьяалал тогтоолгож, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанд шилжүүлсэн болно.
- Тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй зөрчилд Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Холбоотой мэдээ