"Монголд үзэл санааны баланс хэрэгтэй байна"

Хуучирсан мэдээ: 2023.10.06-нд нийтлэгдсэн

"Монголд үзэл санааны баланс хэрэгтэй байна"

"Монголд үзэл санааны баланс хэрэгтэй байна"

Либертари намаас Анхдугаар их хурлаа хийх болсон талаар өнөөдөр /2023.10.06/ мэдээлэл хийлээ.


Либертари намын үүсгэн байгуулагч, комедиан Д.Амартүвшин:

-Хуулиараа 45 хоногийн өмнө намынхаа Их хурлыг зарлаж, намынхаа даргаа, дүрмээ батлаад, 801 хүний гарын үсэг цуглуулаад Улсын дээд шүүхэд өргөдлөө өгч, албан ёсоор бүртгүүлнэ. Тэгэхэр манай албан ёсны үйл ажиллагаа 2023 оны аравдугаар сарын 10-наас эхэлнэ гэсэн үг. Манай  намд бүртгүүлсэн хүмүүсийг намын их хуралд идэвхтэй оролцохыг хүсье. Монголын улс төрийн намууд баруун, зүүний гэж дүрэм журам дээрээ бичсэн боловч амьдрал дээрээ бүгд зүүний намууд болсон байна. Гэтэл дэлхийн улс орнуудын улс төрийн нам нь баруун, зүүний бодлогоороо өрсөлддөг. Монголд баруун гэсэн намууд нь зүүний бодлого яриад яваад байдаг. Улс орны эдийн засаг сүйрэл, авлига, хээл хахуульд идэгддэг.

Монголд үзэл санааны баланс хэрэгтэй байна. Тийм учраас энэ намыг байгуулсан. Манай нам цэвэр барууны үзэл санааг бодлого, хөтөлбөрөө болгож байгаа юм.

Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана, цөөлнө гэж хэлэхээр хүмүүс төрийг тэр чигт нь үгүй хийх гэж байна хэмээн маш буруу ойлгодог. Либертари үзэлтнүүдийн хувьд төр гэдэг бол ард олныг дотоодын хулгайч, луйварчин, дээрэмчдээс хамгаалах "цагдаа", гадны халдагчдыг зогсоох "зэвсэгт хүчин", иргэд хоорондын маргааныг шийдэх "шүүх". Бид нар эдийн засаг дахь төрийн оролцоог буюу төрийн дарамт, шахалтыг авч хаях гэж хичээж байна. Эдийн засаг дахь төрийн оролцооны арга хэмжээнүүдэд "үнийн хяналт, квот, лиценз, татаас, хөнгөлөлттэй зээл, төрөөс албадан тогтоосон стандарт, янз бүрийн татварууд, гадаад валютын хяналт, мөнгө хэвлэлт" зэрэг орно. Бид эдгээрийг үгүй хийхийн төлөө зүтгэж байгаа юм.

"УЛС ТӨРИЙН НАМУУД ҮНЭТ ЗҮЙЛЭЭРЭЭ НЭГДЭХЭЭС ИЛҮҮ ГИШҮҮДИЙН ТООГООРОО ӨРСӨЛДДӨГ"

Либертари намын үүсгэн байгуулагчдын нэг Н.Хасар:

-Монголд үзэл санаа гэдэг зүйлд ач холбогдол өгдөггүй. Улс төрийн бүх нам нь зүүн төвийн үзэл баримтлалтай байдаг. Цаасан дээр баруун төвийн үзэл санаатай гэж байгаа ч хэрэгжүүлж байгаа бодлогоос харахад зүүний намууд болоод хувирчихсан. Энэ нь бид нэг үзэл санааны монопольчлол дор амьдарч байна. Засгийн газрын эрхийг авах нам байгуулахаас илүү үзэл санааны балансыг барьж, барууны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх нь гол зорилго.

Улс төрийн намууд үнэт зүйлээрээ нэгдэхээс илүү гишүүдийн тоогоороо хоорондоо өрсөлддөг. Монголд эрх ашгаараа нэгдсэн хүмүүс өөр хоорондоо ялгарахгүйгээр улс төрийн бодлого явуулж байна.

Ингэснээр улсын эдийн засаг хүндэрч байна. Бид үзэл санааны сөрөг хүчин байх шаардлагатай гэдэг үүднээс баруун жигүүрийн нам байгуулахаар хэлэлцэж тохирсон. Либертари намын нэн тэргүүний зорилго бол чөлөөт зах зээлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх. Тэрнээс биш сонгогдохын тулд, олонход таалагдахын тулд үзэл санаанаасаа ухрах юм бол энэ намыг байгуулсны хэрэг үгүй. Бид нар олонхын санаа бодлыг дагах бус, харин дагуулах ёстой. Ерөөс Монгол дахь намууд олонх юу хүснэ түүнийг нь дагуулж ярьдаг. Яг хамхуул мэт. Либертари Нам тэдэн шиг байж болохгүй. Дахин хэлье. Бидний зорилго болвоос үзэл санаа, зарчмаасаа алхам ч ухрахгүйгээр бага багаар ч хамаагүй тогтвортойгоор ахих.

Эрх чөлөөнд саад тотгор болсон бүхнийг улс төрийн тавцангаас авч хаяхын төлөө явна. Монгол Улсын өр 34 тэрбум ам.долларын хэмжээнд хүрсэн. Бүх салбарт үнэ чөлөөлж, мөнгөний нийлүүлэлтийг нэг төгрөгөөр ч нэмэх ёсгүй гэж бодож байна. Чөлөөт зах зээл бол хөгжилд хүрэх хамгийн зөв зам. Хөрөнгө чинээтэй хүмүүсийг баяжуулдаг систем гэхээсээ илүү энгийн иргэдийн итгэл үнэмшил байж ирсэн. Монголын Засгийн газар, төр эдийн засагт оролцож ирлээ. Төрийн өмчит компаниудын хөрөнгийн хэмжээ 2016 онд 15.9 их наяд төгрөг байсан бол долоон жилийн дараа 53.5 их наяд төгрөг болж нэмэгдсэн байна. Энэ бол зах зээлийн тэлэлт үүсэх маягаар улсын өрийг нэмж, инфляцид өртүүлж байна гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж