Чуулган: Хүчирхийлэл үйлдэгчид өршөөл үзүүлэхгүй байх хуулийг батлая

LiveЧуулган: Хүчирхийлэл үйлдэгчид өршөөл үзүүлэхгүй байх хуулийг батлая

Чуулган: Хүчирхийлэл үйлдэгчид өршөөл үзүүлэхгүй байх хуулийг батлая

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


 

10 : 12
2023-10-6

Хүүхдийг зодсон этгээдийн ялыг чангаруулах хэрэгтэй

Хүүхэд хамгааллын асуудлаарх мэдээллийг сонсч байна.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:

-Монгол Улсын хүн ам 3.5 сая болж өмнөх оноос 1.4 хувиар өсч, нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 хувь буюу 1.3 сая хүүхэд байна. 

Монгол Улсад 2022 оны байдлаар 941.5 мянган өрх бүртгэгдэж, өмнөх оныхтой харьцуулахад 2.3 хувиар өсчээ. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 65 мянга 90 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн нь амаржсан эх өмнөх оныхоос 8.5 хувиар, хүүхдийн тоо 8.1 хувиар тус тус буурсан байна.  

Энэ хичээлийн жилд 1413 цэцэрлэгт 266024 хүүхэд, төрийн болон хувийн өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 746405 хүүхэд суралцаж байна. 

Бүтэн өнчин 2911, хагас өнчин 36363, үрчлэгдсэн хүүхэд  1478 байна. 

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344 хүүхэд буюу нийт хүүхдийн 35.4 хувь байна. 

Хүнсний эрхийн бичигт 76063 хүүхэд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгож байна. 

Өнгөрсөн хугацаанд хууль, эрхзүйн шинэчлэлийн хүрээнд гарсан ахиц дэвшил цөөнгүй байна. Салбар бүр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр анхаарч ажиллах шинэ хандлага, хамтын ажиллагаа бий болсныг энд дурдах нь зүйтэй. 

Хүүхэд, гэр бүлийн салбарт мөрдөгддөг 50 гаруй дүрэм журам, стандартыг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг үе шаттайгаар нэмэгдүүлсэн. 2016 онд хууль дөнгөж батлагдаж, хүүхдийн эрхийг хамгаалах тусгайлсан агентлагтай болсны дараагаар анх 356 сая төгрөгний төсөвтэйгөөр эхлүүлж байсан энэ хүүхэд хамгааллын үйлчилгээ өнөөдөр 8 тэрбум төгрөгний төсөвтэй, 21 аймаг, есөн дүүрэгт салбартай бүтэц болж ажиллаж байна. Хүүхдийн 108 төвийн үйлчилгээг өргөжүүлж, төрийн үйлчилгээний бүтэц болгож, программын гуравдугаар шатны шинэчлэлтийг хийж, утас, чат, мессежээр дуудлага, мэдээлэл хүлээн авч байна. 

2017 оноос хүчирхийллийн хохирогчид аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг тав дахин нэмэгдүүлж, 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. 

Улсын хэмжээнд 737 хамтарсан багт нийтдээ 608 гишүүн ажиллаж байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулж, 30 хорооны 514 гишүүн холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Хүүхэд, гэр бүлийн салбарт хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий улсын байцаагчийг бэлтгэж, 36 албан хаагч давхар чиг үүрэгтэй ажиллаж байна. Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагыг магадлан итгэмжилж, 2018 оноос хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлж эхэлсэн. 2018 онд 42, 2019 онд 20, 2020 онд 8, 2021 онд 35, 2022 онд 18 төрийн бус байгууллага хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэл авсан байна. 21 аймаг, 9 дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагуудтай 2021 онд 782.5 сая төгрөг, 2022 онд 822.4 сая төгрөгийн гэрээ байгуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлсэн. 

Хүүхэд хамгааллын үйлчилгээний шинэчлэлтийг хийж, тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч тулгамдсан зарим асуудлууд байсаар байна. Нийгэмд гарч байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс үйлдэгдсэн гэмт хэргүүд байна.

Хүүхдийн тусламжийн утсанд 2022 онд 117 мянган дуудлага мэдээлэл, 2023 оны есдүгээр сарын байдлаар 78310 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Мөн 2023 оны есдүгээр сарын байдлаар хүүхэд хамгааллын 10966 дуудлагыг шийдвэрлэлт  61.5 хувьтай байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд зорилтот дуудлага 67 хувьд хүрч, иргэд олон нийт, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуй нэгж, ажилтнууд, айл өрх, хөршүүдийн зүгээс хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх зөвлөгөө авах төрлийн дуудлага сүүлийн жилүүдэд өсч байгаа нь Хүүхэд хамгааллын тухай хууль, 108 утсыг иргэд олон нийт мэддэг болсны илэрхийлэл юм. 108 утсанд ирсэн дуудлага мэдээллийг орон нутгийн хүүхэд хамгааллын төв, хэлтсүүдэд мэдээлж, хэрэг шийдвэрлэлт 2021 онд 65.5 хувь, 2022 онд 79 хувь, 2023 оны есдүгээр сарын байдлаар 61.5 хувьтай байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад 36 орчим хувиар өсчээ. Гэхдээ үүнийг нэмж сайжруулах шаардлагатай. 

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2018-2023 оны хооронд 19231 хүн үйлчлүүлсний 67.7 хувийг хүүхэд, үлдсэн хувийг насанд хүрэгчид эзэлж байна. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээллээр 2022 онд эрсдэлт нөхцөлд амьдарч буй 14207 хүүхэд, 2023 онд 8081 хүүхдийг илрүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлсэн байна. Цагдаагийн ерөнхий газраас 2023 оны наймдугаар сарын статистик мэдээллээр насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг 756, гэмт хэрэгт 932 хүүхэд холбогдон шалгагдаж байна.

Цахим орчинд хүүхэд хамгааллыг сайжруулах хэрэгцээ шаардлага байна. Үүнд салбар бүр анхаарч ажиллах шаардлагатай. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны тайланд хүн амын 99.7 хувь нь гар утасны хэрэглэгч, интернэт ашиглалт 61 хувь, сошиал медиа хэрэглэгч 78.7 хувь, кибер аюулгүй байдлын индекс 46.5 хувьтай байна гэж заасан байна. ITU Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид хүүхдийн өдөрт интернэтэд зарцуулах хугацааг 120 минутаас ихгүй байлгахыг зөвлөдөг. Гэвч 13-18 насны хүүхдийн нийгмийн сүлжээ ашиглахад зарцуулж байгаа дундаж цаг 231 минут байна. Ялангуяа эцэг, эхчүүд хүүхдээ саатуулах зорилгоор гар утас өгч, хэрэглүүлдэг бөгөөд энэ нь интернэт, сошиал медиа эрт хэрэглэж эхлэх суурь шалтгаан болж, зүй бус мэдээ, мэдээллийг авах боломжийг бүрдүүлж байгааг анхаарах хэрэгтэй байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос www.ekids.mn вебсайтыг ажиллуулж, олон нийт хүүхэд залуучуудад зориулсан цахим орчны ёс зүйтэй хэрэглээ, цахим орчинд хэрхэн аюулгүй харилцах талаарх 135 видео шторк, 275 постер, 251 нийтлэл, мэдээллийг байршуулсан байгаа. Тус хороо нь 645 домейн нэрийн хандалтыг бас хязгаарласан. 2023 онд 477 контентийг зүй бус агуулгатай гэж үзэн Фейсбүүкээс устгуулсан байна. Цахим орчны зохисгүй, хүүхдэд сөрөг нөлөөтэй болон хууль зөрчсөн байж болзошгүй контенттэй холбоотой гомдлыг хүлээн авч холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлж, хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох, тогтоогдсон нөхцөлд шийдвэрийн дагуу тухайн контентыг устгах, хязгаарлах талаар арга хэмжээг авчээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамгаалал, хөгжлийг дэмжих асуудлыг хойш тавилгүй шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Улсын хэмжээнд байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11818 хүүхэд байна. Монгол Улсын хэмжээнд 21 байгууллагын 30 асрамж халамжийг төв үйлчилгээ үзүүлж, 18 хүртэлх насны 974 хүүхэд, 19-21 насны 86 залуус үйлчилгээ авч байна. Нийт хүүхдийн 8.1 хувь нь буюу 86 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд 130 хүүхэд, хүүхдийн асрах төвд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 19-34 насны хүмүүс өнөөг хүртэл хүүхдүүдтэй хамт амьдрах тохиолдол бас байна. 

Боловсрол шинжлэх ухааны мэдээллээр, 2022-2023 оны хичээлийн  жилд хөгжлийн бэрхшээлтэй 7171 хүүхэд ЕБС-д хамрагдан сурч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг таван аймагт барьж, өнгөрсөн есдүгээр сард нээлээ. Одоо гурван аймаг, нийслэл Улаанбаатар хотод шинээр байгуулахаар төсвийг шийдвэрлэн ажлыг эхлүүлээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг бид боловсруулсан. Мөн энэ намар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барихаар бэлдээд байгаа. 

Хүүхдийн хөгжил оролцоог дэмжсэн орчинг бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх  шаардлагатай байна. Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмж бага, 5-18 насны нийт хүүхдийн 12 хувь нь л хөгжлийн үйлчилгээнд хамрагдаж байна. Улсын хэмжээнд ЕБС-ийн дэргэд 532 дотуур байранд 35077 хүүхэд амьдарч байгаа. Ерөнхий боловсролд дотроо спорт заалгүй 201 сургууль, урлагийн заалгүй 466 сургууль байна. Орон нутгийн дотуур байрны ариун цэврийн асуудлыг сайжруулахаар УИХ-ын гишүүд санаачлан төсөв санхүүжилтийг шийдсэн нь өнөөдөр хэрэгжилт бас 50-60 хувьтай байх шиг байна. 

2022 онд Улсын хэмжээнд 135 сургууль буюу 20.7 хувь нь хүүхэд тээвэрлэх автобустай, 515 сургууль огт автобусгүй байсан бол энэ жил 292 сургууль автобустай болж хоёр дахин нэмэгдсэн. Үүнээс Улаанбаатар хотод  төрийн өмчийн 72 сургууль, төрийн бус өмчийн 22 сургууль автобустай байгаа нь хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Төрийн өмчийн 650 сургууль гаднаа камертай бол огт камергүй 90 сургууль байгаа бөгөөд дотор камертай 589 сургууль, огт камергүй 61 сургууль байна. Бид сургууль доторх аюулгүй байдлыг хангахаас гадна сургууль руу хүүхэд ирж, очих зам харгуйн аюулгүй байдлыг давхар хангах зайлшгүй шаардлагатай байна. 

Засгийн газрын шийдвэрээр 2022 оноос цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж чадсан нь бага насны хүүхдийн хөгжих, хараа хяналттай байх, эцэг эх ажлаа хийх боломжийг бүрдүүлж чадсан. 

Дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн эрх ашиг зөрчигдөх, амиа хорлох зэрэг нөхцөл байдал үүссээр байна. Иймд Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бэлдэн УИХ-д өргөн барихаар бэлдсэн. Уг хуулийн төсөлд боловсролын салбарын хүүхэд хамгааллыг нэмэгдүүлж, боловсролын сургалтын бүх байгууллага, сүм хийд, дотуур байрын орчинд хүүхдийг хамгаалах, мөн сургуулийн орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, сургууль дээр гарсан хүүхэд хамгааллын кейсийн мөрөөр сургуулийн хүүхэд хамгааллын баг ажиллах процесийг тодорхой зааж өгсөн. УИХ-ын 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ЕБС тухай хуульд хүүхдийн эрх хамгааллын үйлчилгээг сайжруулах талаар дараах зохицуулалтыг тусгасан байгаа. Үүнд,

1. суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, дэмжлэг үзүүлэх, өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн хямрал гутрал тогтворгүй байдлыг даван туулахад чиглэсэн сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх,

2. сургууль, дотуур байрны орчинд дасан зохицох, суралцах хөгжих төлөвшихөд дэмжлэг үзүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаатай болгох,

3.сургуульд суурилсан эрүүл мэндийн хяналт, тандалтын тогтолцоог бий болгох, суралцагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим бүртгэлийн санг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг шинжилгээ оношилгоонд тодорхой насны давтамжтай хамруулах,

4. дотуур байранд амьдарч байгаа суралцагчид хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны болон авъяасыг дэмжих хөтөлбөрийг тусгайлан хэрэгжүүлэх зардлыг хувьсах зардлаас санхүүжүүлэх, 

5. багш, ажилтан, суралцагчийн эцэг, эхийн үүрэг оролцоог мөн хуульчилж тусгасан. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нөхцөл байдалд дүн шинжилгээ, Хүүхдийн хөгжлийн бодлого, хууль эрхзүйн орчинд судалгаа хийж, хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний зураглалыг БШУЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамран боловсруулсан. Цаашдын хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг тодорхойлж, эрхзүйн орчинд тусгах, хөгжлийн үйлчилгээний стандарт, зардлын норм норвативыг батлан мөрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлчилгээг гэрээлэн гүйцэлдүүлэх зэрэг чиглэлд анхаарч ажиллах болно. 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулсан. Засгийн газрын 2021 оны журам батлах тухай 172-р тогтоолын хавсралтаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг баталж, сангийн удирдлагыг ХНХЯ хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зохион байгуулна гэж оруулсан байсан. Хүүхдийн төлөө санд үүнээс хойш нийтдээ 2023 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 12.8 тэрбум төгрөгний орлого төвлөрсөн.  2023 оны долдугаар сарын 1-нээс зарцуулах эрхийг төсвийн тодотголоор нээж өгсөн. Өмнө нь гарсан шийдвэрүүд нь олон улсын, тив, дэлхийн соёл спортын уралдаан тэмцээн наадамд амжилт гаргасан хүүхдүүдэд 2021 онд 15 хүүхдэд 25 сая төгрөг, 2022 онд 117 хүүхдэд 249.4 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд 23.3 сая төгрөг, нийт 121 хүүхдэд 272.7 сая төгрөгийн шагнал урамшуулал олгох шийдвэр гаргасны 191 сая төгрөг нь 2023 онд олгогдсон болно. 

Хүүхдийн замын хөдөлгөөний танин мэдэхүйн талбай төсөл өмнө нь шалгарсан байсан. Энэ бол 443.4 сая төгрөгний төсөл. Үүнийг дэмжих шийдвэр өмнө нь гарсан байсныг 2023 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. 

Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилт анх 2016 онд энэ хууль батлагдаж, 356 сая төгрөгөөр эхэлж байсан. Ингээд жил бүр нэмэгдэж, 2021 оноос тогтмол 8 тэрбум төгрөг төсөвлөн хэрэгжүүлж байна. Хүүхэд хамгааллын төрөл хэлбэрийг хуулиар оновчтой тодорхойлоогүй, үйлчилгээнд суурилсан зардлын төлөвлөлт, тарифгүй, хяналт тодорхойгүй байсан зэрэг нь иргэд олон нийтийн зүгээс энэхүү зардлын талаар мэдээ мэдээлэл, зөв буруу, ташаа ойлголт бас байгаад байх шиг байна. 2022 оны төсвийн тухай хуулийг дагалдан Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ХНХ-ийн сайдын 2021 оны тушаал, Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам, ХНХ-ийн болон Сангийн сайдын 2022 оны тушаалуудаар хүүхэд хамгаалах үйлчилгээний санхүүжилтийн аргачлал, зардлын нормативыг баталж мөрдүүлж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, төрөл, хэлбэр үйлчилгээнд суурилсан санхүүжилтийг холбогдох аргачлал, нормативын дагуу олгох боломжтой болсон.

Зардлын төлөвлөлтийг авч үзэхэд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зардалд 2022 онд 3.9 тэрбум төгрөг, 2023 онд 5.7 тэрбум төгрөг, шуурхай тусламж үйлчилгээний зардалд 2022 онд 467 сая төгрөг, 2023 онд 348 сая төгрөг, урьдчилан сэргийлэх зардалд 2022 онд 3.1 тэрбум төгрөг, 2023 онд 1.8 тэрбум төгрөг хуваарилсан байна. 

Үүнээс үзэхэд хүүхэд хамгааллын цэгүүд, түр хамгаалах байрууд гэх мэтчилэн хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зардал нийт төсвийн 50 орчим хувийг эзэлжээ. Зардлын зарцуулалтад аудит хийхэд холбогдох хууль журмыг мөрдөөгүй, гүйцэтгэлд суурилсан зардлын төлөвлөлт хийгдээгүй, санхүүгийн сахилга бат сул зэрэг хэд хэдэн зөрчил гарсан. Цаашид холбогдох хууль журмыг мөрдүүлэх, хариуцлага тооцох, алдаа зөрчлийг арилгуулахад онцгой анхаарч ажиллана. 

2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, 14.3 тэрбум төгрөгийг тусгасан. 

Хуульд ажил олгогч нь ажил, амралтын хуваарийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан хөтөлбөр хэрэглэх зэргээр ажилтны ажил-амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, дотоод журам зэрэгт тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлнэ гэсэн чухал заалт тусч, ХНХЯ-аас холбогдох журам, зохицуулалтыг нь баталсан. 2023 оны байдлаар 563 байгууллага эцэг эхийн зөвлөл байгуулж, 61 байгууллага цэцэрлэг, 512 байгууллага хүүхдийн өрөөтэй болсон байна. 

Үндэсний их баяр наадмын тухай хуулиар хурдан морь унах хүүхдийн насыг 8 болгож, хүүхдийн эрхийг хамгаалах эрхзүйн зохицуулалтыг хийлээ. 2023 онд нийтдээ 352 уралдаанд 11031 хүүхэд морь унаж уралдсанаас 211 хүүхэд мориноос унасан байна. 

Хүүхэд хамгааллын мэдээллийн санг хөгжүүлж байна. Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх салбар дундын нөлөөллийн ажлыг явуулж байна. Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад ахмад настны оролцоог хангаж, 198 хүүхэд хамгаалагчийг нийслэлийн 152 хороог 21 аймагт ажиллуулсан. 

Гэр бүлийн тухай хуулийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, цахимаар олон нийтээс санал авч байна. Уг хуулийг батлагдсаны дараа Хүүхэд хамгааллын хуулийг уялдуулан найруулж, өргөн барина. 

2023 оны төсвийн жилд хүүхэд харах үйлчилгээний зардлыг 1.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар сайдын багцад батлагдсан. Ирэх онд хүүхэд харах үйлчилгээний зардал мөн тусгагдсан. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Орон нутагт анхан шатанд хүүхэд хамгааллын ямар асуудал байдгийг хэлье. Хүүхэд хамгааллын асуудал бол зөвхөн эмэгтэй гишүүд, хэдэн төрийн бус байгууллагын ажил биш. Энэ бол эцэг эх болоод бүх секторын анхаарч байж үр дүнд хүрнэ. Эхний ээлжинд бол эцэг, эхийн хараа хяналтын асуудлыг тодотгож гаргаж ирмээр байна. Монголчуудын 90 хэдэн хувь нь гар утас ашиглаж байгаа хэр нь тэдний хэд нь хүүхдийнхээ байршил болон бусад мэдээллийг гар утсан дээрээ авч чадаж байна вэ? Ямар контент үзэж байгааг харж байна уу? Хүүхдийн хүчирхийллийн 77 хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байна гэж байна. Энэний үндэс бол ердөө л архидалт байдаг. Архидалтын эсрэг томоохон арга хэмжээ авах шаардлагатай. 

Сургуулийн орчинд хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын асуудлаар сургалтаас гадна нийгмийн ажилтны оролцоо, орон тоог нэмээд явбал хяналт тавих боломж бүрдэнэ. Эцэг эхийн зөвлөлүүд зөвхөн спортын тэмцээн зохиохоо болиод үр хүүхдийнхээ хичээл, хүмүүжилд анхаарах талаас нь ажлуудыг хийдэг баймаар байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Хүүхэд хамгаалахад чиглэсэн хууль эрхзүйн орчин хангалттай байна гэж ярилаа. Тэгвэл яагаад энэ хуулиуд хэрэгжихгүй байна вэ? Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгаалалтай холбоотой хөрөнгө санхүү 2022 онд 8 тэрбум болж нэмэгдсэн гэсэн хэр нь яагаад үр дүн гарахгүй байна вэ? Хүчирхийлэл үйлдэгчдийн ихэнх нь эрчүүд байдаг. Гэр бүлийн асуудалд эр хүнд чиглэсэн бодлого, хөвгүүдийг сурган хүмүүжүүлэх хэрэгтэй байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:

-Төсөв санхүүжилт нь нэмэгдээд байгаа хэр нь яагаад үр дүн гарахгүй байна вэ гэж олон нийт ч асууж байна. 2016 онд анх ерөнхий газар байгуулагдаж байсан. Үүнээс хойш 21 аймаг, есөн дүүрэгт нэгжтэй болсон. Нэгжийн тоо 5 дахин нэмэгдсэн. 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээнд 2018-2023 оны хооронд нийтдээ 19 мянга орчим хүн үйлчлүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор л зардлууд нэмэгдээд байгаа юм. Нийгэмд ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэмт хэргийн тоо өсч байгаад хамгийн түрүүнд хүүхдүүд хохирогч болж байна. Асуудлыг үүсгээд байгаа гол хүчин зүйлүүдтэйгээ тэмцэж чадахгүй бол энэ төсвийг нэмээд нэмээд хэцүү. Хүүхдийн хүчирхийлэлгүй улс гэж байдаггүй. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Хүүхдээ хамгаалж чадахгүй улс орон өөр юугаа хамгаална гээд үндэсний аюулгүй байдал ярих билээ? Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль нь 1999 онд батлагдсан. Эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх талаар Гэр бүлийн тухай хуульд маш тодорхой заалтууд ороод явж байгаа. Хүүхдийг зодож гэмтээсэн, хүнд гэмтэл учруулсан этгээдүүдийн ялын бодлогыг чангаруулах хэрэгтэй. Хууль байхад хэрэгжилтэд алдаа гардаг гэж байна. Бидний баталсан хүүхдийн эрхийн байцаагч нар бол хүүхдийн төлөө шүгэл үлээж байх ёстой. Хэрэг гарахаас нь өмнө очоод энд хүүхдийн эрх зөрчигдөх гээд байна шүү. Хуулиндаа хүүхдийн эрхийн байцаагчийг төрийн албан хаагч байхаар заачихсан байна. Тэгэхээр төрийн албан хаагч юу гэж шүгэл үлээх вэ дээ? Энэ хүмүүс хаана байна, тэдний дуу хоолойг яагаад хориод байна вэ? Сургууль, цэцэрлэгийн барилгуудын газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг төсвөөс мөнгө гаргаад шалгах хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээний тоо цөөрсөн үү?

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Хүүхэд харах үйлчилгээний хуулиа эргэж харах цаг болсон байна. Энэ үйлчилгээнд хэнийг хамруулах, хэн байх, төсөв мөнгө нь юу байхыг боловсруулах хэрэгтэй. Өнгөрсөн удаагийн чуулганаар бид цэцэрлэгт хүүхэд хамрагдах насыг 3-5 байсныг 2-5 болгосон. Өсвөр насны хүүхдийн цогц хөтөлбөрийг боловсруулахад ХНХЯ, Эрүүл мэндийн яам, БШУЯ-ын уялдаа холбоо, хамтын ажиллагаа хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй 11800 хүүхдийн асуудлыг энд мартаж болохгүй. Тэдний 60 хувь нь ямар нэгэн байдлаар сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг авч, үлдсэн хувь нь хүнд хэлбэрийн бэрхшээлтэй байна. Хүүхэд харах үйлчилгээг улам боловсронгуй болгосноор тэдэнд тусламж, дэмжлэг үзүүлж чадна гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн байдал хэрээс хэтэрч байна. Цагдаагийн байгууллагын мэдээллээс харахад 2023 оны эхний хагас жилд 960 гэмт хэрэгт 990 хүүхэд хохирсон байна. 374 нь гэмтсэн, гурав нь нас барсан. Хагас жилийн хугацаанд 251 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Сэтгэл сэрдхийлгэсэн гэмт хэрэг гарахаар бүгд сэвээд, хэсэг яриад мартдаг. Х.Булгантуяа сайд бол ерөнхий мэдээлэл хийлээ. Одоо бид нарийн асуудлуудыг ярих ёстой. Англи улсад хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтэнд цахим бугуйвч зүүлгээд тодорхой радиуст барьж, хянадаг. АНУ-д бол хүчирхийлэл үйлдэгчийн жагсаалт, мэдээллийг зурагтай нь олон нийтийн телевизээр мэдээлдэг. Зарим улсад хүүхэд хүчирхийлэгчийг химийн аргаар хөнгөлдөг. Хуулийн байгууллагынхан энэ мэт арга замуудыг судалсан уу, авах боломжтой юу, хэзээ авах вэ? 13 эмэгтэй гишүүн улсын хэмжээнд камержуулалт хийх төсвийг судалж, ирэх оны төсөвт суулгана. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлдэггүй, магадлангаар оруулдаггүй байх, бүх насаар нь хорьдог байх хуулийн хатуу заалтаа хийе. Хуучин бүх насаар нь хорих ялын дээд хэмжээ 25 байсан нь одоо 20 жил болгочихсон. Хэрэв энэ 12 настай охины хэрэгт сэжиглэгдэж байгаа хэрэгтэнд бүх насаар нь хорих ялыг нь өгөөд, магадлангаар оруулж, өршөөл үзүүлээгүй бол энэ хэрэг гарахгүй байсан. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Хүүхдийн хүчирхийлэллтэй холбоотой асуудлыг УИХ-ын чуулганд бараг анх удаа шахуу өндөр түвшинд өргөн бүрэлдэхүүнээр олон талаас нь ярьж байна. Сүүлийн 5 жилийн байдлаар 10 хүүхэд амь насаа алдсан 300 орчим хүүхэд гэмтэж бэртсэн. Олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Ялын бодлогыг чангатгахад айхтар цочиж савж болохгүй, шинжлэх ухааны үндэстэй хандах ёстой. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зураг хөргийг гаргахыг тэвчдэггүй. Ийм гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллэх хэрэггүй. Хүүхдийн хүчирхийллийг сурталжилж байгаа нэг ч хүнийг битгий тэвч. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хүнд өршөөл үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй байхыг заасан хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа. Үүнийг шууд батлая. Бага насны хүүхдийг бэлгийн мөлжлөгт өртүүлсэн хүнд торгох ял оноохоор одоогийн хуульд заасан байгаа. Үүнийг шууд хорих ял болгож чангатгая. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Гэр бүл, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасан байдаг. Хүүхэд хамгааллын хуулинд дутуу орхигдуулсан зүйлсийг оруулж, хүчирхийллийн хэргийн ялыг чангатгах шаардлагатай байна. Бусад оронд хүүхэд алга болох хэрэгт хэрхэн мэдээллэх зэргээр эхний 24-48 цагийг хуулиар маш нарийн зохицуулсан байдаг. Манайд гэтэл ийм зохицуулалт алга. Цагдаагийн байгууллага 1990 оноос хойш алга болсон 10 мянга гаруй хүүхдийг олж эцэг эхэд нь хүргэж өгсөн гэх тоон мэдээлэл байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл 14 хүүхэд огт ор сураггүй алга болсон, олдоогүй гэсэн мэдээлэл байна. Манай цагдаагийн байгууллагад насанд хүрээгүй хүүхдийг эрэн хайх тусгайлсан журам байдаг уу? Хүний эрхийн комиссоос  хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилт хангалтгүй байна. Эдгээрийг хэрэгжүүлэхэд төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хочууш н.Мөнхбаяр:

-1996-2020 оны хооронд 17 хүүхэд сураггүй болсны гэмт хэргийн улмаас алга болсон байж болзошгүй хоёр хүүхэд байгаа. Тодруулбал, Сэлэнгэ болон Дорноговь аймагт бүртгэгдсэн. 14 хүүхэд нь ахуйн ослоор буюу төөрөх, усанд осолдох зэргээр сураггүй болсныг тасралтгүй эрэн сурвалжилж байна. Эрэн сурвалжлах ажиллагааны нарийн журмыг Цагдаагийн байгууллагад батлан хэрэгжүүлдэг. Тухайлбал, бага насны хүүхэд сураггүй болсон тухай мэдээллийг бүртгэгдсэн даруйд нь эрэн хайх ажиллагааг хэрэгжүүлдэг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-06 103.57.92.127

Монголын хөрсөнд тохирохгүй, монголчуудын сэтгэлгээнд нийцэхгүй хуулийг судалгаагүйгээр суулгах гэж оролдож бгаагаас болж хүүхэд залуусын хүмүүжил их муухай эвдэрч бна шүү. архи тамхи, мансууруулах бодис хэрэглэж зодоон хийх нь юу ч биш. ийм бхад хүүхдэд юм хэлж болохгүй гэж хуцаад бх юм. төр өөрөө хүмүүжүүл. эхнэр хүүхэдтэй байх хэрэг алга. эцэг эхээ хайрлахгүй мал эх орноо, бусад хүмүүсийг хайрлах уу?

Avatar

Нэргүй 2023-10-06 103.57.92.127

Монголын хөрсөнд тохирохгүй, монголчуудын сэтгэлгээн нийцэхгүй хуулийг судалгаагүйгээр суугах гэж оролдож бгаагаас болж хүүхэд залуусын хүмүүжил их муухай эвдэрч бна шүү. архи тамхи, мансууруулах бодис хэрэглэж зодоон хийх нь юу ч биш. ийм бхад хүүхдэд юм хэлж болохгүй гэж хуцаад бх юм. төр өөрөө хүмүүжүүл. эхнэр хүүхэдтэй байх хэрэг алга!!!

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

одоо 2023-10-06 172.91.183.102

зөндөө ярилаа! алуурчидаа суллаад явуулдаг хахуульд идэгдсэн улс

Avatar

Нэргүй 2023-10-06 103.57.92.127

намайг зодсон гээд гүтгэвэл яах юм бэ? Гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх үү? Тийм тохиолдол гарсан ш дээ!

Avatar

СОНГОГЧ 2023-10-06 202.9.46.101

Ардчилсан АНУ хртэл цаазын ялтай байна ……цаазын ялыг сэргээхгүй юм бол уих тарцгаа……………………..

Avatar

Gan 2023-10-06 203.23.199.2

Бага насны хүүхдийг хүчирхийлж амь насыг нь хороосон хүнд цаазаар авах ял хөнгөднө. Бүх насаар нь хорих ял оноовол шоронд бусад хоригдлууд нь үхэх нь илүү аз жаргалтай болтол шийтгээд өгөх байх.

Avatar

иргэн 2023-10-06 103.57.95.130

МАН,,,,Хулгайч, , Авилгачи Хулгайч Луйварчид, Хүчирхийлэгчид Гэмт хэрэгтэнгүүдыг өөгшүүлж өршөөж давраадаг Нам ,

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.161.113

Авилгачинд бас өршөөл үзүүлдэггүй болъё.

Avatar

Иргэн 2023-10-06 66.181.160.105

Гэр бүл, хүүхэд Залуучуудын газар гэж юу ч хийдэггүй, оффис-т сууж бдаг нүсэр байгууллагыг татан буулгаад мөнгийг нь Хүүхдийг хамгаалахад зориулая, ямар ч үр дүитэй ажил хийдэггүй, юу хийхээ мэддэггүй салбар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж