Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга, УИХ-ын гишүүд ээ!
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барилаа.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикээс үүдэлтэй хүндрэлүүдийг Монгол Улс амжилттай даван туулж, эдийн засаг сүүлийн жил гаруйн хугацаанд хурдацтай сэргэж байна. Гэвч глобал эдийн засгийн орчны тодорхой бус байдал, гэнэтийн хэлбэлзэл өндөр хэвээр байгаа тул сэргэлтийг цаашид хадгалахын тулд эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Эдийн засгийн өсөлтийн төлөв өндөр байгаа нь манай улс уналтаас сэргэлт рүү эрчтэй шилжиж байгааг илтгэж байна. Гадаад орчны амаргүй нөхцөл байдал шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа хэдий ч эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.4 хувиар өслөө.
- Нүүрсний экспорт эрчимжиж, тээвэр, үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэл сайн байсан нь нийт өсөлтийг голлон тэтгэлээ.
- Мөн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээ чухал нөлөөтэй байсныг энд дурдъя.
- Эдийн засгийг энэ онд уул уурхайн салбар голлон тэтгэж өсөлт 5-аас 6 хувь,
- Экспорт саадгүй үргэлжилбэл ирэх онд энэхүү өсөлтийн эрч хадгалагдах тооцоололтой байна.
Инфляцыг бага түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад суурь нөхцөл болох тул инфляцыг дунд хугацаанд 6 нэмэх, хасах 2 нэгж хувийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ нь Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд тогтвортой өсөх, хувийн секторын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн хөшүүрэг болно гэдгийг онцолъё.
Инфляци сүүлийн жил гаруй хугацаанд алгуур буурч, энэ оны наймдугаар сарын байдлаар 10 хувьтай гарлаа. Үүнд,
- Инфляцийн эсрэг мөнгөний бодлогын төлөвийг чангаруулж, 2023 оны туршид бодлогын төлөвийг хадгалсны зэрэгцээ,
- Худалдааны түнш орнуудын инфляци саарч, тээвэр логистикийн зардал болон хугацаа багассанаар гадаад шалтгаантай үнийн өсөлтийн дарамт буурсан нь нөлөөлж байна.
Хэдий инфляци энэ оны зорилтын түвшинд бууж ирсэн ч гадаад, дотоод эрсдэл, тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Иймээс,
- Мөчлөг сөрсөн, сахилга баттай төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж,
- Нийлүүлэлтийн гинжин сүлжээ, ялангуяа дотоодын хүнсний тогтвортой, тасралтгүй хангамжийг бий болгохгүйгээр,
- Иргэд, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдын бодит орлогыг хамгаалсан нам, тогтвортой түвшний инфляцид хүрэх боломж ихээхэн хязгаартай гэдгийг онцлон дурдъя.
- Цаашид Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляци зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ.
Төлбөрийн тэнцлийн хувьд,
Энэ оны эхнээс экспортын эрч хадгалагдаж, манай улс валютын цэвэр орох урсгалтай байлаа. Ийнхүү гадаад валютын албан нөөц наймдугаар сарын эцэст 3.9 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 20 сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
- Экспорт сайн байгаа хэдий ч эрдэс бүтээгдэхүүний үнийн төлөв буурах хандлагатай байгаагийн зэрэгцээ,
- Төсвийн өндөр зардал импортыг өдөөж валютын гарах урсгалыг бий болгож байгаа нь төлбөрийн тэнцлийн нөхцлийг муутгаж болзошгүй болгоод байна.
- Иймд юун түрүүнд улсын санхүүгийн нөөц чадавхийг хамгаалахад онцгойлон анхаарсан хатуу төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, аливаа хөгжлийн бодлогыг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоод санхүүгийн чадавхитай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дахин хэлье.
Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүд ээ,
Энэ жилээс УИХ жил бүрийн МУ-ын хөгжлийн төлөвлөгөөг холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн, баталдаг болсонтой холбоотойгоор энэ удаагийн үндсэн чиглэлийн төслийг Монголбанк хуульд заасан өөрийн үндсэн зорилт, чиг үүргийн хүрээнд тодорхойлж боловсрууллаа.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл нь инфляцийг тогтворжуулах замаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлэх, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих зэрэгт онцгойлон анхаарав.
Инфляцийн зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс, төв банкны хараат бус байдал, төсвийн сахилга бат, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзлийг багасгах дэд бүтэц, ложистикийн нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй. Иймээс Монголбанк инфляцийг онилох мөнгөний бодлогын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай суурь дэд бүтцийг бий болгохтой холбоотой зорилтыг энэ онд шинээр тусгалаа. Үүнд, Засгийн газрын оролцоо чухал байгааг энд онцолмоор байна.
Банкны салбарт эх үүсвэрийн зардал багатай, урт хугацаатай хөрөнгө оруулалт, ногоон, тогтвортой хөгжлийн төслийг санхүүжүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулах нь томоохон нөлөө үзүүлнэ гэж харж байна. Иймээс ирэх онд гадаадын банкны салбар, нэгж үйл ажиллагаа явуулахад тавигдах нөхцөл, шаардлагыг гадаадын банкны харьяалал, өмчлөлийн төрөл, бизнес загвар зэрэгт нь тохируулан тогтоож, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагааны нарийвчилсан зохицуулалтыг бий болгоход анхаарал хандуулах болно.
Ногоон хөгжлийн зорилтуудыг хангах, “Тогтвортой санхүүжилтийн замын зураг”-т тусгагдсан банкны салбарын ногоон зээлийн багцыг 10 хувьд хүргэх зорилтыг хангахад ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг цаг алдалгүй хөгжүүлэх шаардлагатай юм. Иймээс энэ чиглэлээр Монголбанкин дээр хөгжүүлж эхлээд байгаа их өгөгдлийн суурь дэд бүтцийг ашиглан ногоон, тогтвортой санхүүжилтийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг шат дараатай бий болгох ажлыг банкуудтай хамтран ирэх оноос хөгжүүлж эхлэхээр төлөвлөж байна.
Цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байна. Монголбанкны 2024 оны бодлого, үйл ажиллагаа инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь нөхцлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүд ээ,
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Холбоотой мэдээ