Сурвалжлага: "Deren Cup"-д өрсөлдөж буй мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхдүүд

Сурвалжлага: "Deren Cup"-д өрсөлдөж буй мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхдүүд

Сурвалжлага: "Deren Cup"-д өрсөлдөж буй мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхдүүд

Монгол Улс 2050 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулна гэсэн мөрөөдлийн гэрээг FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоотой байгуулж байсан цаг саяхан. Тэгвэл тэрхүү оргилд хүрэх аялалын эхлэл болсон, тал нутгаас цэнхэр гаригт нэр алдраа дуурсгасан тамирчин төрүүлэн гаргах зорилготой "Deren Cup" тэмцээн албан ёсоор нээлтээ хийлээ.

13 дахь жилдээ болж буй тус тэмцээний гол санаа нь хөлбөмбөгт дуртай, сонирхолтой хүүхэд, багачуудын ур чадварыг нэмэгдүүлэх, багийн ажиллагааг сайжруулах, олон орны клубуудыг татан оролцуулах гэнэ.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр/2023.10.05/ 12 болон 10 хүртэлх насны тоглолтууд боллоо. Намрын нарлаг өдөр Төв цэнгэлдэхийн хажууд байрлах Дэрэн клубын гадаа талбайд бяцхан оддын тулаан тун сонирхолтой өрнөж байв. Тал талбайд тоглох арав хүртэлх настнуудын хувийн ур чадвар, багаараа хамтдаа тоглож байгаа байдал зэрэг бүхэлдээ гайхмаар. Энэ жил дөрвөн насны ангиллаар нийт 30 баг оролцож байгаа бөгөөд Оросоос гурван баг хүрэлцэн иржээ. Тоглолтын үеэр "Deren Cup" тэмцээнийг санаачлагч Г.Мөнхчулуунтай ярилцсан юм. Түүний хэлснээр цар тахлаас өмнө Оросоос 15 баг ирж байжээ. Тэрбээр тэмцээнийхээ талаар ярихдаа "Deren Cup бол 2010 оноос хойш цар тахлын үед ч тасраагүй тэмцээн. Уг нь олон улсын тэмцээн хэдий ч цар тахлын хоёр жил зөвхөн дотоодын багууд оролцсон. Энэ жилийн онцлог нь Оросоос гурван баг ирлээ. Мэдээж хүүхдийн тэмцээн гэдгээрээ онцлогтой бөгөөд 6, 8, 10, 12 гэсэн насны ангилалтай" гэв.

"Зургаан настай хүүхдүүдийн анхны тэмцээн учир хөлбөмбөгт дурлах, баг, тэмцээний уур амьсгалыг мэдрэх ач холбогдолтой"

Угтаа 14, 16 насны багууд оролцдог ч лиг нь дуусаагүй учир энэ жилдээ өнжсөн аж.

Тоглолт бүр л хүүхдүүдийн хувьд гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй, сонирхолтой байсан нь дамжиггүй. Хожигдлоо гэж тэд уурлаж, уйлсангүй. Хожлоо гээд хэт баярлаж, бахадсангүй. Тэдний нэг бол З.Эрхэмбаяр. 12 настай түүний хувьд Дэрэн клубын 12 хүртэлх насны багийн ахлагч аж. Долоо хоногийн өмнө улсын аваргад оролцсон тэрбээр "Deren Cup"-ийн эхний тоглолтдоо дөрвөн гоол оруулжээ. З.Эрхэмбаяр "Тоглолт бодож байсны дагуу л боллоо. Олон гоолын зөрүүтэй хожих нь ойлгомжтой байсан. Би таван настайгаасаа хойш Дэрэн клубд хичээллэж байна. Өнгөрсөн жил улсын аварга болсон. Энэ жил ч мөн түрүүлье гэж бодсон ч шөвгийн наймд хасагдлаа" гэв. Роналдог шүтдэг түүний хувьд хөлбөмбөгийн хамгийн сайхан нь багийн ойлголцол гэнэ. Мөн тэрбээр "Хөлбөмбөг бол хэн чадвартай нь бус ухаантай нь л хождог тоглоом" гэлээ.

"Миний мөрөөдөл бол Монголын шилдэг довтлогч болоод гадаадад тоглох"

Хүүхдүүдээ дэмжихээр аав, ээж, эмээ өвөө нар ч их ирсэн байв. Зарим нь ч талбай дээр тоглож байгаа хүүхдүүдээсээ илүү санаа зовниж, болдогсон бол ороод тоглохоор харагдаж байлаа. Харин н.Батхонгор бол хэдийнэ буурь суусан аав. Түүний хоёр хүү хоёулаа Дэрэн клубын есөн болон 11 хүртэлх насны тамирчид. Тэрбээр "Сэтгэгдэл өндөр байна. Гадаадаас гурван баг ирсэн учир өргөн хүрээтэй, чанартай тэмцээн болж байна гэж харж байна. Манай нэг хүүгийн баг хожиж, нөгөөдөх нь хожигдлоо. Хожигдсон хүү маань нэг нас ахиж, дээд насныхантайгаа өрсөлдөж байгаа. Сайн сургуулилалт боллоо гэж бодож байна" хэмээн ярив. Түүний хоёр хүү гурван жил орчим хөлбөмбөгөөр хичээллэж байгаа бөгөөд чамгүй амжилтыг үзүүлжээ. н.Батхонгорын хэлснээр хүүхэд хөлбөмбөгөөр хичээллэснээр хотожсон нийгэмд эцэг, эхчүүд хүүхдүүддээ бүхий л зүйлийг зааж өгөх боломжгүй учир хөлбөмбөгөөр дамжуулан хүүхэд нийгэмших, бусадтай харьцах, тууштай байх, багаараа ажиллах зэрэг чадварыг суралцдаг гэв.

Мэдээж хүүхдийн хөгжилд багш, дасгалжуулагчид гол оролцоотой. Спортын талаарх анхан шатны мэдэгдэхүүн, техник, тамирчны хүний сэтгэл зүй, бие бялдар ямар байх ёстой үндэс суурийг багш нар тавьдаг. Тэгвэл тэр ажлыг хийж буй, Монголын хөлбөмбөгт өөрийн хувь нэмрээ оруулж буй "BCH Lions" клубын дасгалжуулагч Б.Чин-Оргилтой тэмцээний талаарх сэтгэгдлийг нь сонслоо. Б.Чин-Оргил "Deren Cup тэмцээн нь зуны турш бэлтгэл хийсэн клубуудын дунд хамгийн отгон тэмцээн маягаар уламжлал болон болдог. Манай клуб жил бүр л оролцдог. Оросоос багууд ирдэг гэдэг утгаар нь оролцох сонирхолтой байдаг. Бид Хятад руу явж, тэмцээнд оролцдог. Харин оросуудтай тоглох боломж хомс байдаг учир тэдэнтэй тоглох сонирхолтой" гэлээ.

Мөн ОХУ-ын Буриадаас хүрэлцэн ирсэн Кедр клубын дасгалжуулагч Игорийн сэтгэгдлийг сонссон. Тэрбээр "Биднийг энэ тэмцээнд урьсанд талархаж байна. 15 хүүхдийн бүрэлдэхүүнтэй ирсэн. Монголын клубтэй хамтын ажиллагаатай байдаг. 2018 онд бас ирж оролцож байлаа. Тухайн үед гуравдугаар байрт орж байсан. Биднийг урьдагт баярлалаа. Тэмцээний зохион байгуулалт, оролцож буй багууд нь сайн зохион байгуулалттай, өрсөлдөөнтэй байна" гэж ярив.

Ийнхүү өрсөлдөөнтэй, нөхөрсөг "Deren Cup" албан ёсоор хөшгөө нээлээ. Тэмцээн нийт гурван өдөр үргэлжилж, маргааш медальтнууд тодрох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-06 49.0.147.143

amjilt husie

Avatar

Нэргүй 2023-10-06 216.38.195.74

-?;

Avatar

Нэргүй 2023-10-06 216.38.195.74

cypgyylitaipz; ?

Avatar

Зочин 2023-10-06 122.201.25.246

Яасан сайхан мэдээлэл вэ. Манай улсад хөл бөмбөгийн спортыг хөгжүүлж ,тамирчдаа амжилттай бэлдэж байгаа бүх хүмүүст талархалаа илэрхийлэе,

Бяцхан тамирчиддаа улам их амжилтыг хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж