Морин хуурч Б.Номуундэлгэрийг хөгжмийн хүрээнийхэн нь Ноби нэрээр нь андахгүй. Үндэсний хөгжмийн урлагийг орчин цагийн хөгжмийн урлагтай хослуулдаг тэрбээр өөрийн сургалтыг байгуулж, олон бяцхан шавь нартай болжээ. Түүнтэй сүүлд уулзахад өөрийн бие даасан уран бүтээлээ эхлүүлээд тун завгүй явсан. Харин энэ удаа морин хуурын багш болсон байв. Хүн өөрийн хийхийг хүссэн зүйлээ бүтээж, тэмүүлж амьдрах шиг сайхан зүйл үгүй. Тэр амьдралынхаа энэ цаг мөчийг "мөрөөдлийн үе" хэмээн нэрлэж. Морин хуурч бүсгүй үндэсний өв соёлоо хойч үе болсон хүүхдүүдэд зааж, авьяаслаг бяцхан шавь нараараа бахархаж явдгаа ярьсан юм.
-Анх бүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй охин хэрхэн морин хуурч болсон тухайгаа ярихгүй юу?
–Би хотынхоо Бага тойрогт өссөн хүүхэд. Намайг гурван настай байхад ээж минь вальс эргэхийг зааж өгч байлаа. Манай ээж урлагт их хайртай хүн. Би ч гэсэн багаасаа бүжиглэх дуртай. Бүр бүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Цэцэрлэгээсээ эхлээд л арван жилийн сургуульд сурч байхдаа бүжгийн дугуйланд суралцсан. Тэгээд наймдугаар ангиа төгсөөд Соёлын дээд сургуульд орж суралцсан. Анх морин хуур гэдэг хөгжмийг огт мэдэхгүй хүүхэд очиж байлаа.
Ээж минь бараг албан хүчээр “Миний охиноос ямар хөгжмийн ангид орох вэ” гэж асуухаар морин хуурын ангид л орно гээд байгаарай гэж хэлж өгсөн.
Манай ээж өөрөө ёочин тоглодог байсан учраас тэр хөгжим дээр нь ая тоглож сураад л шалгалт өгч тэнцэж, морин хуурын ангид орж байсан юм. Одоо энэ сонголтондоо хэзээ ч харамсдаггүй. Тэндээ гурван жил суралцаад Соёл урлагийн их сургуульд морин хуур хөгжимчнөөр дөрвөн жил суралцаж төгссөн.
–Соёлын дээд сургуульд суралцаж байх хугацаандаа “Жонон” хамтлагт хөгжимчнөөр орсон бил үү?
-Тэгсэн. Соёлын дээд сургуульдаа суралцаад жил гаруй хугацаа өнгөрч байхад “Жонон” хамтлагаас надад санал тавьсан юм. Тухайн үед би 17-хон настай байлаа. Урлаг гэж юу байдгийг тэгэхэд л мэдэрч эхэлсэн. Хамтлаг маань намайг маш сайн хүмүүжүүлж, их зүйлд сургасан.
Хамтлаг маань тухайн үедээ ардын хөгжмийн гэхээсээ илүү бөмбөр, базз гитартай хөнгөн, шинэлэг уран бүтээл тоглодог байсан. Энд тэнд тоглолтод оролцоно.
Хамтлагийнхнаа одоо ч хайрлаж, хүндэлж явдаг. Сая Үндэсний их баяр наадмаар манай "Жонон" хамтлагийнхан хөгжмийн найруулга дээр ажилласан. Би өөрийн шавь нартайгаа морин хуур тоглож, хамтран ажилласан.
-Үндэсний баяр наадмын тоглолтод шавь нартайгаа морин хуурын бяцхан чуулгын хэмжээнд тоглолтыг хийсэн шүү дээ?
-Үндэсний баяр наадамд нийт 150 хүүхэд нэгэн дор морин хуур хөгжим тоглосон. Энэ бол хүүхдүүдэд маш том боломж, урмыг өгсөн гэж бодож байна. Улсынхаа наадмын нээлтэд оролцож, шавь нар маань үндэсний өв соёлдоо илүү дуртай болж байгаа нь анзаарагдсан.
-Эмэгтэй хүн морин хуур тоглохоор хүмүүс хэрхэн хүлээж авдаг байсан бэ?
-Манай анги 30 гаруй хүүхэдтэй. Дандаа эрэгтэй хүүхдүүд. Эмэгтэй хүүхэд цөөхөн байсан. Анх морин хуурын ангид орохдоо хүүхдүүдээс их ичнэ. Ихэвчлэн охид ятга, ёочин, шанз гэх мэт эмэгтэйлэг хөгжим тоглож байхад намайг “Морин хуурын ангид сурдаг” гэхээр хүүхдүүд их гайхаж хүлээж авдаг байсан. Морин хуур өөрөө их хүчтэй хөгжим. Ер нь ихэвчлэн эр хүн л тоглодог хөгжим шүү дээ. Хэр барагийн эмэгтэй хүний хөлний завсар байрлахад хэцүү хөгжим ч гэлцдэг. Надад ч гэсэн хэр баргийн эмэгтэй хүн энэ хөгжмийг тоглодоггүй шүү гэж их олон хүн хэлж байсан. Ер нь эмэгтэй хүн морин хуур хөгжмийг тоглож, сурахад их хэцүү л дээ. Учиргүй их бяд шаардахгүй ч эмэгтэй хүнээс тодорхой хэмжээний хүч шаардана.
Маш их тэвчээр шаарддаг учраас эхний нэг жил бараг уйлаад л сурдаг байлаа. Хөгжмөө тоглож сурсны дараагаар эвийг нь олоод ирэхээр маш сайхан гэдгийг нь мэдэрч эхэлнэ.
Одоо бол эмэгтэй морин хуурчид олширч, эмэгтэй хүүхдүүд маань үндэсний хөгжмөө тоглодог болсон байна. Морин хуур хөгжим бол Монголын үндэсний өв соёл гэдэг утгаараа бүх хүмүүс тоглож сураасай гэж хүсдэг. Монгол хүн гэрийнхээ жаврыг үргээж, хуураа хөглөчихдөг, татчихдаг байвал сайхан. Тэр хүн нь заавал эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу байх нь хамаагүй шүү дээ.
-Морин хуур тоглохоос өмнө дуу дуулдаг шүү дээ?
-Би яг одоо өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байна. Миний мөрөөдлийн нэг хэсэг бол дуучин болох. Гэвч тийм боломж ерөөсөө гарч байгаагүй. Одоо өөрийн бие даасан уран бүтээлээ хийж, тун удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзах болно. Одоогоор “Өөрийнхөөрөө”, “Чи миний ертөнц” гээд хоёр уран бүтээлээ гаргаад буй. Дуугаа морин хуур хөгжимтэйгөө уусгаж, илүү эмэгтэйлэг уян зөөлөн байдлыг харуулахыг хүсдэг.
-Одоо морин хуурын багшаар ажиллаж байна. Олон шавьтай болж байна уу?
-Морин хуурын сургалтын үйл ажиллаагаагаа явуулаад гурав дахь жилдээ болж байна. Энэ хугацаанд олон шавьтай болсон. Сургалт маань бүх насны хүмүүст нээлттэй байдаг. Сургалтын үйл ажиллагаандаа илүү их дурлаж байна.
Хөгжим хүүхдийн хүмүүжил, төлөвшилд чухал нөлөөтэй байдаг.
Насанд хүрсэн хүмүүс ч гэсэн тархиа амрааж, стрессээ хөгжим тоглож тайлахыг хүсдэг . Энэ бол миний аз жаргалтайгаар хийж байгаа ажил маань. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө их анхаарч, сонирхолтой зүйлээр нь хичээллүүлж, боловсролд нь анхаардаг болсон байна. Аав, ээжүүд маань намайг маш их дэмждэг. Бид ирэх оны гуравдугаар сард тайлан тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Тайлан тоглолтоо маш сайхнаар төсөөлсөн байгаа. Яг хэдэн хувьд нь биелэхийг хэлж мэдэхгүй байна. Хэрвээ хэрэгжүүлж чадвал Монголд зохион байгуулж байгаагүй хүүхдүүдэд урам зориг өгсөн арга хэмжээг хийхийг зорьж байгаа. Тэгэхийн тулд одооноос бэлтгэлээ базааж эхэлсэн.
-Морин хуур хөгжмийг тоглож сурахад юу чухал вэ?
-Мэдээж хэрэг цаг хугацаа хэрэгтэй. Морин хуур хөгжмийг шууд барьж аваад тоглодог хүүхэд байтугай том хүн байдаггүй. Тиймээс эхлээд хүүхэд хөгжимдөө дурлах хэрэгтэй. Бас үлгэр дууриалал авах хүн байх ёстой. Мэдээж хөгжим тоглоход ухаан их зарцуулдаг. Яг математик шиг. Тэгж чадвал хүүхэд хүссэн, хүсээгүй өөрөө хөтлөгдөөд л явна.
Морин хуур хөгжимд нэг нууц увидас бий. Би өрөөндөө суугаад хүүхдүүдийнхээ урд чин сэтгэлээсээ хөгжмөө тоглодог. Тэгэхэд хүүхдүүдийн харц, сэтгэлийн эмоци өөрийн эрхгүй харагддаг. Ийм мэдрэмжийг мэдэрнэ гэдэг үнэхээр гайхалтай.
-Уран бүтээлч байх, багш байхын ялгаа гэвэл?
-Би өөрөө морин хуур хөгжмийг "зовж" сурсан учраас шавь нарыгаа дурлаж сураасай гэж хүсдэг. Морин хуур хөгжмийг сурахад маш хэцүү. Тиймээс шавь нартаа хэрхэн ойлгомжтой, энгийнээр заах вэ гэдгээ маш сайн судалсан.
Тэрний үндсэн дээр хичээл маань ч аз жаргалтай болж өнгөрдөг.
Хүүхдүүд 1-2 жилийн хугацаанд хөгжмөө ойлгоод ирдэг. Тэр үед багш шавь хоёр хоёулаа л хөгжмөөсөө сайхан мэдрэмжийг авч эхэлдэг. Хүүхдүүддээ аль болох улам хайрлахыг хичээдэг. Зарим хүүхдүүд маань ойлгохгүй болохоор том том нулимс унагана.
-Өөрийн зорьсон зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Би олон мөрөөдөлтэй. Тэрэндээ хүрэхийн тулд маш их шунаж, яардаг. Хүн зогсолтгүйгээр зүтгэж, тэрэндээ хүрэхийн тулд шантрахгүй л байх хэрэгтэй. Тэгж чадвал бүх зүйл сайхан болж, олон боломж гарч ирдэг. Надад хийж бүтээх зүйл маш их байна.
Өөрийнхөө дуртай зүйлийг хийж байгаа учраас шантрах ч эрх байхгүй. Өөрийгөө голох үе ч гарна. Тэр болгонд өөрийгөө улам зоригжуулж, болно, бүтнэ, чадна гэж хурцлах хэрэгтэй гэж хэлье.
Холбоотой мэдээ