МАН дотор буланд шахагдсан юм шиг хэрнээ хүчтэй өрсөлдөгч болоод буй нэг хүн бол Д.Амарбаясгалан. Хоёр ч удаагийн сонгууль удирдаж, намдаа ялалт байгуулсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дараагийн Ерөнхий сайдаар нэрлэгдэж байсан удаатай. Гэвч тэр хөшигний ард чимээгүй сууж намынхаа гал тогоог барьсаар эцэст нь 2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдов. Ийн тэр улс төрийн халуун тогоонд орж ирж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог барьж байна. Халуун тогоонд орж ирсэн цагаасаа тэр намынхантайгаа, ах нартайгаа намын даргатайгаа нийлж, зодолдож эхэлсэн.
Авлига хээл хахууль, Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэрэг гээд бүгд Д.Амарбаясгалангийн сценари гэж улс төрийн хүрээнд ярьж байв. Намын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар ч, ЗГХЭГ-ын даргын хувиар ч тэр улс төрд нөлөө бүхий, хүчтэй гэдгээ харуулсаар өдийг хүрсэн.
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга бол намынхаа бүх асуудлыг гардан хийж, шийдэж чаддаг албан тушаал. Тэр ч үүнийгээ сайн хийж байсан, хийсээр ч байгаа. ЗГХЭГ-ын дарга болсныхоо дараа тэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөх дүрэмтэй байв. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ямар нэг албан тушаал давхар хашиж болохгүй гэсэн цагаан дээр улаанаар бичсэн намын дүрэм бий. Гэхдээ тэр өнөөдөр ч генсекийн ажлаа хийсээр байгаа. Засгийн газарт орсон цагаас нь Ерөнхийлөгчийн талынхан түүнээс генсекийн албан тушаалыг нь авах гэж шахалт үзүүлсэн байдаг.
Нэг хэсэг генсекийн албан тушаалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг томилох операци ч явсан байдаг. Гэвч тэр бүгдийг даван туулаад эсвэл тохироод сонгууль дөхтөл Д.Амарбаясгалан генсекийн ажлаа хавсран гүйцэтгэхээр “түр тохирсон” байсан юм.
Түүгээр зогсохгүй генсекийн суудлыг авах далд хүслүүд ил болж, Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгтэй холбох гэж оролдсон, түүний ойр тойрны хүмүүсийг нь шалгаж, нэгжлэг хийсэн тохиолдол ч гарсан байдаг.
Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлын учиг нь генсекийн албан тушаал байсныг ч үгүйсгэх аргагүй. Генсекийн суудалд “санаархсан” эсрэгээрээ нийслэлийн МАН-ын даргын суудлын төлөө “санаархсан” хүмүүсийн хохирол нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээр үсэрч, Д.Сумъяабазар огцорч, Х.Нямбаатар түүнийг орлохоор болсон. Өнгөрсөн хавраас хойш нийслэлийн МАН-ын даргын суудлыг Д.Амарбаясгалан авахыг санаархаж, С.Амарсайханд өгөхийг ч хүссэн боловч түүний хүсэлт биелсэнгүй. Тэгэхээр намын дарга Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазартай “тохирч” чадсан гэсэн үг. Одоогоор Л.Оюун-Эрдэнэ хүчтэй байна, түүний тархи маш сайн ажиллаж, өнөөдрийн томилгоонууд хийгдсэн, Д.Амарбаясгалан “буланд шахагдсан” мэт уншигдаж байна.
Гэхдээ шархдуулаад орхивол эргээд бүр илүү хүчээр дайрах эрсдэлтэйг Л.Оюун-Эрдэнэ хэрхэн тооцоолсон бол. Ингэж улс төрийн өнцөг, нүүдлийг харвал МАН-ыг удирдах дараагийн хүнээр нэрлэгдэж байсан Д. Амарбаясгалан одоогоор ганцаардсан мэт боловч намын төв аппарат тэр чигээрээ түүний мэдэлд бий.
УИХ-ын гишүүдээс эхлээд түүнийг дэмжих хүн олон бий гэдгийг эрх биш аль аль тал нь тооцоолж, мэдэж буй. Мэдээж намын дарга Д.Амарбаясгаланг дэргэдээ авчирч, хамтарч ажиллах нь одоогоор хожоотой. Гэхдээ тэр нэг хөдөлбөл буланд байснаасаа илүү хүчтэй хөдлөх боломж, хүч, хор бий.
МАН-д өрнөөд буй үйл явцыг харвал, өнгөн тал дээрээ Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр нэг тал мэт харагдавч, тэдний нөхөрлөл бөгөөд хоршил нь хэр удаан үргэлжлэх вэ гэдэг цаг хугацааны л асуудал.
Ш.ЧИМЭГ