Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2023.10.05/ Испанийн Гранада хотод иржээ. Гранада хотноо зохион байгуулагдах Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад Зеленский оролцох аж. Европын улс төрийн хамтын нийгэмлэг нь ОХУ-ын түрэмгийллийн дараахан байгуулагдсан 40 гаруй орны хамтын ажиллагааг дэмжих форум юм.
АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах намын мөргөлдөөн Киевт үзүүлэх тусламжийн бодлогод сөргөөр нөлөөлнө гэж ерөнхийлөгч Жо Байден болгоомжилж буй. Тэгвэл Европын удирдагчид энэ удаагийн уулзалтаар дамжуулан Украинд үзүүлэх урт хугацааны дэмжлэгийг баталгаажуулах төлөвтэй байна.
"Бидний хамтын зорилго бол Европын нийтлэг аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах явдал юм. Бид энэ тал дээр түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Украинд энэ талаар дорвитой саналууд бий. Бид Хар тэнгисийн бүс нутагт онцгой анхаарал хандуулж, дэлхийн хүнсний аюулгүй байдал, далайн тээврийн эрх чөлөөг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын хүчин чармайлт гаргах болно. Украины нэн тэргүүний зорилт бол өвөл ойртож байгаа энэ үед агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтыг бэхжүүлэх явдал юм. Бид түншүүдтэйгээ шинэ хэлэлцээр байгуулах үндэс сууриа хэдийнэ тавьсан. Тэдгээрийг баталж, хэрэгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" гэж Зеленский уулзалтын талаар жиргэжээ.
Мөн энэхүү хурал нь Украин болон Европын хувьд үр дүнтэй өдөр байх болно гэдгийг тэр онцоллоо.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ