Эрх баригчид ажлаа хийсэн бол хүүхдүүд…

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

Эрх баригчид ажлаа хийсэн бол хүүхдүүд…

Эрх баригчид ажлаа хийсэн бол хүүхдүүд…

Монголчууд алга болсон охиныг олдоосой гэж дор бүрнээ залбиран  чих тавин хүлээж байна. Ээлжит мэт энэ удаагийн хэргийн хохирогч нь бяцхан охин болов.  Цагдаагийн ерөнхий газраас “Мөрдөн байцаалтын мэдээ мэдээллийг олж авсан хүн, алба хаагч прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлэх ёстой. Сэжигтэн өөрийгөө хутгалсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан байсан. Энэ бичлэгийг албаныхан шалгаж байгаа. Гэмт хэргийн талаарх мэдээллийг мэдээлэхийн тулд прокуророос зөвшөөрөл авч, мэдээлэх боломжтой гэж үзсэн хэмжээнд мэдээлэл өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй" гэж арьсаа хамгаалсан мэдээлэл өгөөд прокурорын зөвшөөрлөөр бамбай барив. Хэвлэл мэдээллийн салбар живж буй нь үнэн, ёроол нь ч ойрхон ирсэнийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Гэхдээ “ёроол”-доо орсон салбарт хэн мэдээлэл өгөв. Мэдээж цагдаа. Энэ талаар асуувал “Манай Дотоодын хяналтын аюулгүй газраас шалгалт явуулж, алдаатай мэдээлэл цацсан ажилтанд арга  хэмжээ авна” гэдгээр ам таглав.

Мөрдөн байцаалтын нууц гэдэг зүйл байхаа болиод удсан. “Хонгилын хуульч”-аас эхлээд өчнөөн бичлэгээ тэд ямар ч мөрдөн байцаалтын нууцгүйгээр цацдаг. Өчигдөр “Сэжигтний мэдүүлэг” гэгчээр  ямар ч шүүлтүүргүй мэдээллээр цагдаа, хэвлэлийнхэн нийгмийг бүхэл оройжин айдаст автууллаа. Харин өнөөдөр хэвлэл рүү буруугаа чихээр сурсан зангаараа хуурай үлдэхээр хичээж байна.  Мөрдөн байцаалтын шатанд хэргийг мэдээлэх нь хүний эрхийг зөрчдөг гэдгийг хамгийн сайн ухамсарлах ёстой хууль сахиулагчдын амнаас “арга хэмжээ авна” л гэдэг үг хэчнээн гарахыг бүү мэд. Хийх ёстой, үүрэг хүлээсэн ажлаа хийснийхээ төлөө өөрсдийгөө мартаж, элдэв бичлэг нийгмийн сүлжээнд цацдаг явдал дүүрч. Гэхдээ охиноо алдсан аав, ээжийн сэтгэл зүйд тэрхүү арга хэмжээ авхуулах ажилтан, сэтгүүлч хоёр яаж нөлөөлөхийг бид тогтоож чадахгүй.  Сэржмядаг охин алга болсны дараа Монголын бүх нүх сүвийг камержуулах талаар ярьж байсан ч Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягийн хэлснээр"Дорноговь аймагт камер суурилуулсан ч хангалтгүй хэмжээнд байгаа” гэнэ.

Монгол өнөөдөр ирээдүйдээ ээлгүй улс болчихлоо. ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн хэлснээр 1000 хүүхэд Хүүхэд хамгааллын төвд байна.  “Улсын хэмжээнд 1.2 сая орчим хүүхэдтэй..Жилд 1500 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна… Монголын нийт хүүхдүүдэд оногдож байгаа төсөв 15000 төгрөг байдаг. Нийт найман тэрбум төгрөгийг хүүхдийнхээ тоонд хуваахаар ийм төсөв гарч байгаа” гэж тэр учирлав. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд нь тэрбумтны тариалангийн талбайд 9 тэрбумаар хашаа барьж өгөх тухай ярьсан нь саяхных. Монголын төрд Л.Чинбатын тариаг хамгаалах нь малчид, малаас чухал бол түүнээс хойш хүүхдээ тавьдаг ганцхан жишээ энэ. Эрх баригчид ирээдүйн иргэдийн төлөө гэж мөрийн хөтөлбөртөө амлаж Сонгогдсоноо өнөөдөр мартсан бололтой.

МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС

1.5.8. Хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшилтийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.

1.5.9. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд, гэр бүлд ээлтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ.

1.5.10. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгоно.

1.5.11. Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна.

1.5.12. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн байрыг бүс, орон нутагт байгуулна.

1.5.13. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана.

Ингэж тэд амласан. Амласнаа биелүүлсэн бол… Аадаглаад камержуулалтандаа анхаарал хандуулсан бол… Үгүйдээ Гэр бүл, хүүхэд хөгжлийн агентлагийнхаа 300 гаруйхан сая төгрөгийн төсвөө аравхан нугалж нэмэгдүүлээд ажлаа хийхийг шаардсан бол тоглоом нь биш хүүхдүүд маань үлдэх байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж