Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадмын 13 дахь өдөр дугуйн засмал замын эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан боллоо. Тус уралдаанд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөхөд С.Жамбалцамц 4:31.11 цагийн амжилтаар хүрэл медаль хүртэв. Энэ төрөлд Казахстаны дугуйчид болох Евгени Федоров, Алексей Луценко нар 4:25.29 цагаар алт, мөнгөн медаль зүүжээ.
С.Жамбалцамц олимпийн наадамд оролцох эрхийн оноогоо ахиулсан ба олимпод уралдах дугуйчдыг энэ сарын 17-нд албан ёсоор зарлах юм. Тэрбээр 1990 оноос хойш тасарсан Азийн наадмын медалийг эх орондоо авчирч, Азийн наадмын тав дахь медалийн эзэн боллоо. Хамгийн сүүлд “Бээжин-1990” Азийн зуны спортын наадмын бөөн гараатай төрөлд Д.Төмөр-Очир хүрэл медаль хүртэж байсан бол тус наадмын багийн төрөлд мөнгөн медаль хүртэж байв.
Харин үүнээс өмнө “Теран-1974” Азийн наадмын багийн төрөлд мөнгө, “Дели-1982” Азийн наадмын бөөн гараатай төрөлд Ц.Ганболд мөнгөн медаль хүртэж байлаа.
Монголын бусад дугуйчдын хувьд Б.Тэгшбаяр 4:36:16 цагаар барианд орсноор 35-д жагслаа.
Холбоотой мэдээ