ЦЕГ: Охиныг эрэн хайх ажиллагааг машин, нисдэг тэргээр хийж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Охиныг эрэн хайх ажиллагааг машин, нисдэг тэргээр хийж байна

ЦЕГ: Охиныг эрэн хайх ажиллагааг машин, нисдэг тэргээр хийж байна

Дорноговь аймагт сураггүй алга болсон хүүхдийн эрлийн ажиллагааны талаар өнөөдөр /2023.10.05/ ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ-аас хамтран мэдээлэл хийлээ.


"2012-2021 ОНД НИЙТ 10 МЯНГАН КАМЕРЫГ СУУРИЛУУЛСНААС 50 ХУВЬ НЬ ӨНӨӨДӨР АЖИЛЛАЖ БАЙНА"

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг:

-Дорноговь аймагт сураггүй алга болсон охины эрэн сурвалжлах ажиллагааг Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд өргөн цар хүрээнд үргэлжилж байна. Өмнөговь, Дорноговь аймгийн цагдаа болон онцгой байдлын алба хаагчид охиныг эрэн хайх ажлыг хийж байна. Ажиллагааг автомашинаар болон нисдэг тэргээр хийж байгаа бөгөөд зэргэлдээ сум, аймгийн нутаг дэвсгэрийг хамарч хийж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг хүсч, уриалъя. Мэдээллийг үнэн зөвөөр нь, баттай эх сурвалжаар авч, мэдээлэх нь зүйтэй.

Манай Дотоодын хяналтын аюулгүй газраас шалгалт явуулж, алдаатай мэдээлэл цацсан ажилтанд арга  хэмжээ авна.

Мөрдөн байцаалтын мэдээ мэдээллийг олж авсан хүн, алба хаагч прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлэх ёстой. Сэжигтэн өөрийгөө хутгалсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан байсан. Энэ бичлэгийг албаныхан шалгаж байгаа. Гэмт хэргийн талаарх мэдээллийг мэдээлэхийн тулд прокуророос зөвшөөрөл авч, мэдээлэх боломжтой гэж үзсэн хэмжээнд мэдээлэл өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хүүхэд гэмт хэргийн улмаас хохирох явдал хамгийн ноцтой байдаг. Өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаа, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Дорноговь аймагт камер суурилуулсан ч хангалтгүй хэмжээнд байгаа. Манай орны цаг уур эрс тэс учраас амархан эвдэрдэг. Гадаад орнуудад хоёр жил тутам камерыг сольж, шинэчилж байдаг. Үнэ өртөг нь өндөр байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд камержуулалтын асуудал ихээхэн шаардлагыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагад хүргүүлж байгаа.  Улаанбаатар хотын төв хэсгээр гэхэд 300 гаруй камер байгаа. Орон зайн алдагдалгүй ногоон бүсийг цагдаа хянаж байдаг. Энэ бүсэд гарсан гэмт хэрэг 70 орчим хувийн илрүүлэлтээр ахиж, гарч болзошгүй гэмт хэрэг 80 хувиар буурсан байдаг. Хүүхэд алга болсон гэх хэргийг камераар шүүж илрүүлдэг. Бараг 17-18 камер дамжин шүүж, илрүүлэх тохиолдол байгаа.

Тоо хэлэхэд 2012-2021 онд нийт 10 мянган камерыг суурилуулснаас 50 хувь нь өнөөдөр ажиллаж байна.

Гэр бүлийн хүрээнд гарсан зөрчлийг бүртгэж, кейс бүрийг санжуулаад нэг жил болж байна. Хороо дүүргийн мэргэжилтнүүдтэй байнга хамтран ажилладаг. Мөн эцэг эхийн хараа хяналт чухал байгааг онцлон хэлмээр байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг ил тод мэдээлж, вэб сайтад байршуулдаг болно. Тээврийн цагдаагийн алба цагдаагийн байгууллагын нэг нэгж учраас бүрэн чадлаараа дайчлагдан ажиллаж байгаа. Насанд хүрээгүй хүүхэд алга болсон тохиолдолд шууд эрэн хайх ажиллагааг эхлүүлдэг" гэдэг мэдээллийг өглөө.

"ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ ТОГТООГДВОЛ ОЛОН НИЙТЭД НЭР, ЗУРАГТАЙ НЬ ЗАРЛАНА"

ХНХ-ын сайд Х.Булгантуяа:

-Хүүхэд хамгааллын асуудал дээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Хэрэг мөрдөн шалгах явцад прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн хүрээнд хамтран ажиллаж байна. Сураггүй алга болсон хүүхдийг эрүүл саруул олдоосой гэж сэтгэл зовниж байна. Аймгийн Онцгой байдлын даргатай байнгын холбоотой байна. Улсын хэмжээнд 1.2 сая орчим хүүхэдтэй. Олон нийт бүгдээрээ хамтарч, хүүхдээ хамгаалах шаардлагатай байна. Жилд дунджаар 1500 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа бол 1000 орчим хэргийг үйлдэж байна. Хүүхдийн 108 утсанд эхний найман сард 70 мянган дуудлага ирсний 50 орчим хувь нь зорилтот дуудлага байсан.

Хүчирхийллийн гэмт хэргийн хариуцлагыг чангатгах нь зүйтэй. Гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдвол тухайн гэмт этгээдийн талаар олон нийтэд нэр, зурагтай нь зарлана. Хоёрдугаарт, шилжилт хөдөлгөөний дунд хүүхэд бүртгэлгүй өнгөрөх магадлал өндөртэй байна. Хүүхэд болгон дээр цахим хувийн хэрэгтэй болъё.

Ар гэрт нь хүчирхийлэл гарвал хувийн хэрэг дээр нь тэмдэглэж байя. Иргэд олон нийтийн нөлөөллийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Гэр бүл, хүүхэд хөгжлийн агентлаг тусгайлан хуультай болж, 300 гаруй сая төгрөгийн төсөвтэй байсан. Одоо 21 аймагт салбартай байгууллага болсон хэдий ч хүүхдийн мэргэжилтэн дутмаг хэвээр байна. Тийм учраас ХНХЯ-наас Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, өргөн барихад бэлдээд байна. Хуулийг батлуулахаас өмнө олон нийтэд хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлэг хийж, танилцуулахдаа хүн болгон хүүхэд хамгаалагч болооч гэдгийг уриална. Монголын нийт хүүхдүүдэд оногдож байгаа төсөв 15000 төгрөг байдаг. Нийт найман тэрбум төгрөгийг хүүхдийнхээ тоонд хуваахаар ийм төсөв гарч байгаа. Бид энэ төсвийг 14 тэрбум болгож нэмэхээр өргөн бариад байна. Ингэж байж хүүхэд хамгааллын ажлыг өргөн хүрээнд хийх боломжтой болно.

Энэ намрын чуулганаар Эрүүгийн хуулиудад өөрчлөлт оруулж, хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн хариуцлагыг чангатгах ёстой. Хүчирхийллийн хэрэг үйлдсэн этгээдийн мэдээллийг ил тод болгож, нийгмээрээ жигшиж байж энэ төрлийн гэмт хэрэг буурна гэж харж байгаа. Алга болсон охины хувьд хичээл сурлага нь мундаг, хайр халамжид өссөн хүүхэд байсан. Эцэг эх хуулиараа хариуцлагатай байж, хүүхдээ хамгаалах үүрэгтэй.

Улсын хэмжээнд бараг 1000 орчим хүүхэд түр хамгаалах байранд байна. Энэ бол том тоо. Уг нь аав, ээжийн хайр, хамгаалалтад байх ёстой шүү дээ.

Эцэг эхийн үл хайхрах асуудал тулгамдаж буй асуудал болж байна. Аймаг, дүүрэг болгон хүүхэд хамгааллын байртай болж чадсан. Дээр дурдсан 108 утсанд 70 мянга орчим дуудлага ирснээс 38 мянга нь зорилтот бүлгийнх, хүүхэд оролцсон гэмт хэрэг 756, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 1400, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 251, зам тээврийн ослоор 37 хүүхэд энэ оны эхний найман сард нас барсан гэх тоо байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж