Иранаас хурааж авсан олон мянган зэвсгийг Украинд илгээнэ гэж АНУ мэдэгдлээ. Энэ нь АНУ болон түүний холбоотнуудаас тусламж горилж буй Украины армийн зэвсгийн хомсдолыг шийдвэрлэхэд нэмэр болно гэв.
АНУ-ын Төв командлалаас Лхагва гаригт мэдэгдсэнээр нэг сая гаруй сумыг хэдийнэ Украинд илгээжээ. "АНУ-ын засгийн газар энэ оны долдугаар сарын 20-нд Ираны Исламын хувьсгалт гвардын корпусын эсрэг гаргасан нэхэмжлэлийн дагуу эдгээр зэвсгийг өөрсдийн эзэмшилд авсан. Тодорхой харьяалалгүй "MARWAN 1″ хөлгөөс хураан авсан нь 2022 оны арванхоёрдугаар сарын 9. Украин руу шилжүүлгийг Даваа гаригт хийсэн. Зэвсгийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2216 дугаар тогтоолыг зөрчин Йемен дэх Хусит бүлэглэлд шилжүүлэн өгөх гэж байсан" гэж Төв командлал мэдэгдлээ.
Ойрхи Дорнод дахь Төв командлалын байранд хадгалж байсан зэвсгийг хууль ёсны дагуу Украинд шилжүүлэх асуудлыг АНУ олон сарын турш хэлэлцжээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн нэг жилийн хугацаанд Иранаас Йемен рүү зэвсэг тээвэрлэж явсан хөлөг онгоцнуудаас олон мянган автомат буу, нэг сая гаруй сум хураан авсан. Энэ үйл ажиллагаа нь Йемен дэх Хусит бүлэглэлд зэвсэг тээвэрлэдэг маршрутын харьяалалгүй жижиг хөлөг онгоцуудыг онилдог. Өнгөрсөн нэгдүгээр сард л гэхэд АНУ 3000 автомат буу, танк эсэргүүцэгч 23 пуужинг хураан авахад нь Францын хүчинд тусалжээ.
Оросын арми Ираны нисгэгчгүй онгоцоор Украины энгийн иргэд рүү тогтмол довтолдог. Зэвсэг хурааж буй нь Ираны Оростой харилцах харилцаанд нөлөөлж магадгүй гэж зарим ажиглагч үзэж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ