Киевийг түр эзлэн түрэмгийлэх үеэр энгийн иргэдийг хоморголон хөнөөхөд оролцсон Оросын бас нэгэн түрэмгийлэгчийг Украины Аюулгүй байдлын алба илрүүлжээ. Энэ нь ОХУ-ын Зэвсэгт хүчний 76 дугаар Агаарын десантын довтолгооны дивизийн 104 дүгээр ангийн тагнуулын отрядын командлагч Нурсултан Муссагалеев юм.
Тэгвэл ОХУ-ын эрх баригчид Киевийн түрэмгийллийн дараа Муссагалеевт Оросын баатар одон, Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ. Дараа нь Оросын суртал ухуулагчид түүний тухай баримтат кино хүртэл хийж, "Россия 1" телевизийн сувгийн оргил цагаар цацсан байна.
Мөрдөн байцаалтын материалаас харахад, Муссагалеев 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн довтолгоонд бэлтгэх зорилгоор Украины хойд хилээр нэвтэрч, Бучад иржээ. Бучад байх хугацаандаа тэр эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарах, оршин суугчдыг айлган сүрдүүлэх зорилготой ажилласан.
Мөн Киев хотын ойролцоо бэхлэлт барихад тусалсан гэх 29 настай иргэнийг хулгайлахыг Муссагалеев өөрийн харьяа алба хаагчиддаа тушаажээ. 29 настай иргэний гар утаснаас барилгын материалын гэрэл зураг зэрэг олдсон нь хэлмэгдүүлэлтийн зохиомол шалтаг болсон байна. Энэ хүнийг Дмитривка тосгоны ойролцоох ойд аваачиж, удаан хугацаагаар хэрцгийгээр тамласны эцэст Муссагалеевын тушаалаар буудсан аж. Мөрдөн байцаалтын явцад гэрчүүдийн мэдүүлэг авахад Муссагалеев нь Бучагийн оршин суугчдыг эрүүдэн шүүж, цаазалсан болох нь батлагдсан.
Мөн Муссагалеевын удирдлага дор ажилладаг хоёр хүнийг хэн болохыг нь тогтоожээ. Тэдгээр нь орлогч ахлах түрүүч Алексей Колесников, командлагч түрүүч Александр Виселков нар байв.
Нотлох баримтыг үндэслэн Украины Аюулгүй байдлын алба Муссагалеев болон түүний хоёр хамсаатныг Эрүүгийн хуулийн 28.1, 438.1, 438.2 зүйл ангиар буруутгаж, сэжигтнээр татжээ. Гэхдээ гэмт этгээдүүд Украины мэдлийн бус нутаг дэвсгэрт байгаа тул хуулийн хариуцлага хүлээлгэхийн тулд цогц арга хэмжээ авч байна. Дайны гэмт хэрэгтнүүдийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран олж, шийтгэнэ гэж Аюулгүй байдлын алба мэдэгдлээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ