The New York Times: Далай лам ба Хятадын тэмцлийн төвд буй Х богд

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

The New York Times: Далай лам ба Хятадын тэмцлийн төвд буй Х богд

The New York Times: Далай лам ба Хятадын тэмцлийн төвд буй Х богд

Төвөдийн буддизмын төлөөх тэмцлийн төвд байгаа найман настай хүү хэмээн “The New York Times” сэтгүүл Монголоос тодорсон Х богдыг нэрлэн, нийтлэл оруулжээ. Энэхүү нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. 


Монголын уул уурхайн томоохон конгломерат гэр бүлд төрсөн хүү хэзээ нэгэн цагт улсынхаа нийслэл дэх шил толь болсон барилга бүхий компанийн удирдлагаар томилогдох ч байсан байж мэднэ. Харин одоо найман настай хүү Далай лам болон Хятадын Коммунист нам хоорондын тэмцлийн төвд байна.

Бүх зүйл өөрчлөгдөх үед тэр дөнгөж хөлд орж байв. Улаанбаатар хот дахь төв ганданд хүүг аав нь ихэр дүүгийнх нь хамт аваачиж, өөр долоон хүүгийн хамт нууц шалгалт өгсөн гэдэг. Ингэхдээ хүүхдүүдэд шашны эд зүйлсээр дүүрэн ширээ харуулсан. Зарим хүүхэд эцэг эхээсээ холдохгүй байсан бол хүү бусдаас өөр байжээ. Тэрбээр эрхинүүдээс сонгож, хүзүүндээ зүүсэн. Мөн ном хурах үед ашигладаг хонхыг дуугаргажээ. Энэ эрхи, хонх нь есдүгээр Богдынх байсан гэнэ. Дараа нь өрөөн дэх нэгэн лам дээр очоод, хөл өөд нь мацсан байна.

Хүүг ажиглаж байсан Мишиг Ишийн Батаа судлаач “Хүүгийн хийсэн үйлдлүүд маш онцгой шинж тэмдэг байсан. Бид зүгээр л бие бие рүүгээ хараад, ганц ч үг дуугараагүй” гэж хэлсэн.

Ийнхүү буддын шашны хамгийн чухал гурван хүний нэг, Монголын оюун санааны удирдагч болох Богдын Х хувилгааныг олжээ. Албан ёсоор Жавзандамба хутагт гэгддэг Богдын хэн болохыг долоон жилийн турш нууцалсан. Улмаар гуравдугаар сард Энэтхэгт болсон ёслолын үеэр сүсэгтэн олны өмнө Далай лам танилцуулжээ.

Богд бол ХХ зууны эхэн үед Монголын теократ удирдагч байсан бөгөөд бурхан мэт хүндлэгддэг. Өдгөө энэ нэр банк, ноолууран эдлэлийн брэнд, авто дилерүүдийн нэршил болжээ. Монголчууд тэр бүү хэл нэгийгээ найтаахад “Богд өршөө” гэж хэлдэг.

Харин хэн Богд болох вэ гэдэг нь Монгол, Хятад, Төвдөд хамаатай эмзэг асуулт юм. Хятадын Коммунист нам хилийн чанадад ч Төвөдийн буддизмын эрх мэдлийг тогтоох гэж хичээсээр ирсэн. Энэтхэгт амьдарч буй 88 настай Далай ламыг Төвөдийг Хятадын дарлалаас чөлөөлөх дайсан гэж тус улс үздэг. Далай лам Х богдтой хамт олны өмнө гарч ирсэн нь Хятадын үзэл баримтлалыг эсэргүүцсэн хэрэг байв.

ТикТок болон видео тоглоомд дуртай гуравдугаар ангийн сурагч хүү одоо Монголын буддизмыг Хятадын дарамтаас хамгаалах хүнд хариуцлага хүлээх болно. Нэг талаасаа түүний ихэр ч адил хариуцлага хүлээнэ. Хүүг олны нүднээс хамгаалахын тулд ихэртэй нь байнга хамт харуулдаг. Чухамдаа Х богдыг залах ёслол дээр ихэр хүүгийн хэнийг нь танилцуулсан нь тодорхойгүй.

Богд цол монголчуудад харьяалагддаг болоод 300 орчим жил болсон. Монголчууд Төвөд гаралтай наймдугаар богдоор Богдын залгамж тасарсан гэж бодож байсан. Улмаар Далай лам 1936 онд Төвөдөд дөрвөн настай хүүг есдүгээр богд хэмээн өргөмжилжээ. Есдүгээр богд 79 насандаа таалал төгсөхдөө хойд дүрээ төвөд биш монгол хүн байж ёстой гэж гэрээсэлжээ.

Х богдоор монгол хүний нэрлэсэн учир Монгол Улс нь Хятад, Далай лам хоёрын хоорондох улс төрийн тоглоомд улам гүн гүнзгий оролцоно гэсэн үг.

Монгол Улс Хятадаас экспорт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хувьд хамааралтай. Тиймээс Монголын хувьд Хятадын нүдэн дээр буруу алхам хийх нь эрсдэлтэй. Далай лам 2016 онд Монголд айлчлах үеэрээ Монголоос богдыг тодруулсан гэж анх хэлсэн нь тэсрэх бөмбөг адил мэдэгдэл байжээ. Хятад тэр даруй хариу арга хэмжээ авч, хилийн боомтуудаа хааж, тариф тогтоож, хэлэлцээрийг цуцалсан байна.

Эх сурвалж: NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
18
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж