УИХ: Б.Дэлгэрсайхан, Б.Энхбаяр нар Засгийн газрын сайд боллоо

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

LiveУИХ: Б.Дэлгэрсайхан, Б.Энхбаяр нар Засгийн газрын сайд боллоо

18 : 29
2023-10-5

УИХ: Б.Дэлгэрсайхан, Б.Энхбаяр нарыг Засгийн газрын сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 160 дугаар захирамжаа уншиж танилцуулснаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Монгол Улсын сайд бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны даргаар томилогдлоо.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо. Сайдаар томилогдсон даруйдаа тангараг өргөж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэв. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв. УИХ-ын ээлжит чуулган маргааш 10.00 цагаас эхэлнэ. 

18 : 08
2023-10-5

Сайд нарыг тангараг өргүүлэх бэлтгэл хангахаар чуулганыг завсарлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын хүсэлттэй танилцаж дууслаа.

Чуулганы нэгдсэн хуралдааныг 30 минутын хугацаатай түр завсарлуулаад байна. Учир нь сайд нарыг тангараг өргүүлэх бэлтгэл хангахаар чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан нь энэ юм.  

17 : 56
2023-10-5

Л.Оюун-Эрдэнэ: Т.Бадамжунайгийн гэр бүлээс өшөө авна гэдэг мессеж ирсэн

Засгийн газрын нэр бүхий сайд нарыг томилох асудулыг хэлэлцэж буйтай холбогдуулж, сайдад нэр дэвшигчээс гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-МАН өөрсдийнхөө хийсэн нүүрснийхээ хулгайтай тэмцсэний үр дүнд хүнд суртал бий болгож, авлига авдаг хүмүүс буурч, нүүрсний экспорт нэмэгдэж, төсвийн орлого хагас жилийн хугацаанд 23 хувиар нэмэгдсэн. Гэхдээ Боловсролын зээлийн сан, төмөр замын хулгай, ногоон автобус, С зөвшөөрөл гээд хулгай луйвар илэрсээр байна. Улирал тутамд 8000 машин С зөвшөөрөл авдаг.  С зөвшөөрөл авахын тулд нэг машинд 20 сая төгрөгийн авлига өгдөг. Энэ бүх зүйл хэрээс хэтэрлээ. Монголын эдийн засгийг унагаж байна, хариуцлага тооцохгүй байна. Миний хүн нүүрсний хулгайд холбогдсон, чиний хүн Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гээд шалгадаггүй.

Ялангуяа хүмүүсийн нийгмийн сүлжээгээр хариуцлага нэхэж байгаа нь, ард түмэн туйлдаа хүрсэн учраас хатуу чанга байх ёстой гээд хариуцлага нэхэж байна.  Монголын эдийн засгийг хорлож байгаа хүмүүс дотор манай намын гишүүд ч бас байгаа. Ардчилсан нам хулгайч нартай хариуцлага тооцох шийдлийг гаргана. Төрийн өмчийн томоохон компаниуд дээр иргэдийн хяналт оруулахын тулд 40 хувийн хувьцааг эзэмшүүлнэ. С зөвшөөрөл гэдэг юмыг байхгүй болгоно.  

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Санал нэг байна. Яг үнэн бид авлига дээр нам харгалзахгүй тэмцэх ёстой. Бид асуудлыг нуугаад явж болохоор байсан. Хөгжлийн банк, Тавантолгой, Эрдэнэт гээд ужгираад л байх байсан. Олон хүмүүс надад хэлдэг, нийгмийг их бухимдуулж байна, намынхаа нэр хүндийг унагааж байна. Намынхаа журмын нөхдийг хүнд байдалд оруулж байна гэдэг. Журмын нөхдөө УИХ-аас гаргах асуудал дээр санал хураалгаад сууж байсан. Т.Бадамжунайгийн гэр бүлээс өшөө авна гэдэг мессееж сүүлийн үед нэлээн олон хүнд ирсэн. Х.Нямбаатар сайдад ч ирсэн байх.  Хувь хүний хувьд хэцүү.  Наад суудал чинь үүрдийн биш ээ гээд мессеж бичдэг, үнэн. Ийм асуудлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг бид нөхдөө хамгаалж өмгөөлж явсаар байгаад Монгол Улсыг ийм байдалд оруулсан нь үнэн.  

Гэхдээ бид эндээс цэвэрлэгээ хийх гэж оролдож байгаа. 21 аймгаар сая тойрсон, танай намын жирийн гишүүд чинь дургүй байна лээ шүү. Энэ дээр та хэд дүгнэлт хийнэ биз.

Жагсаалт руу оруулаад ирвэл ямар юмных нь тэмцэл байх вэ.

Одоо бид суралцах ёстой. Хөгжлийн банкны 1.5 тэрбумыг та бүхэн фракцаараа хувааж идсэн. 1.4 их наяд  нь төлөгдөж, саяхан дефольтоос гарсан.  Та нар өөрсөддөө зориулаад Өршөөлийн тухай хууль баталсан шүү. Ийм зүйл дахиж хэзээ гаргаж болохгүй. Эрдэнэтийн 49 хувь  сонгуулийн өдөр шийдэгдсэн шүү.  400 сая ам.долларыг 8 компаниар дамжуулаад нэг залууд өгсөн.

Зарчим бол хоёр үзүүртэй байх ёсгүй. Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлыг ганцаараа мэдээд гарын үсэг зурсан. Зугтаасан учраас хэрэг нь прокурор дээр байгаа. Би хот дээр хэлж байгаа хатуу хандана гээд.

 

 

16 : 57
2023-10-5

Б.Энхбаяр: Би авлига авсан газрын мэргэжилтнийг газар дээр нь барьж байсан

Засгийн газрын нэр бүхий сайд нарыг томилох асудулыг хэлэлцэж буйтай холбогдуулж, сайдад нэр дэвшигчээс гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-Улаанбаатар хотын газрын авлига замбараагаа алдсаныг таслан зогсоож, шударга ёсыг сэргээж өгөөч ээ гэж хүсч байна?

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Улаанбаатар хотод газрын авлига гаарсан, олон жил ярьсан. Ерөнхий сайд өөрийн анхааралд авч, энэ асуудал руу нэгмөр эргэж буцахгүй орж байгаа. Энд мэдээж хуулийн дэмжлэг хэрэгтэй болно. Бүх юмны суурь нь Газрын хуультай холбоотой.

2002 онд Газрын хуулийг баталсан, 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүүлэх тухай хууль баталсан.  Хот төлөвлөлттэй холбоотой хуулийг өнгөрсөн онд УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа.  Энэ хуулийг УИХ яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай.

Улаанбаатар хотын тухайд Газрын тухай хуулийн үйлчлэл дунд шатанд саардаг. 2017 онд батлагдсан Бүртгэлийн тухай хуулиар газар эзэмшигч, ашиглагчийн мэдээллийг нээлттэй болгох асуудал дэвшүүлсэн. Энэ хууль Улаанбаатар хотын газрын албан дээр очоод гацдаг. Бүх дүүрэг өөр, өөрийн тусдаа программ хангамжтай. Хотын дарга нь хэлээд ч үгэнд ордоггүй, шалтаг заагаад. Энэ асуудлыг Х.Нямбаатар сайд, Учрал сайд ч ярьж байсан. Би дэд сайд байхдаа ч ярьж байсан.

Их том болчихсон.

Би 25 настай байхдаа  Газрын харилцаа геодези зураг зүйн газарт газар өмчлөлийн асуудал хариуцаж ажиллаж байсан. Нэг дүүргийн газрын албаны мэргэжилтэн авлига авч байгаа тухай мэдээлэл ирээд, газар дээр нь хуулийн хэлтсийнхээ даргатай очоод сейфэнд нь үзлэг нэгжлэг хийгээд барьж байсан. Тэгэхэд хүртэл тухайн үед хууль тогтоогчоос Засгийн газрын эрх бүхий хүмүүсээс ярьж байсан асуудал байдаг.

Тэр хүн нь өнөөдөр Ардчилсан намд мундаг улстөрч болчихсон яриад байгааг би хараад л байдаг юм. Их сонин л юм билээ.

16 : 08
2023-10-5

УИХ Засгийн газрын сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Хууль зүй дотоод хэргийн сайдад нэр дэвшигчийг томилох, чөлөөлөх, мөн Түгжрэлтэй тэмцэх сайдад нэр дэвшигчийг томилох, чөлөөлөх асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх шаардлага үүссэн тул өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Хууль зүй дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг, харин Түгжрэлтэй тэмцэх сайдад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилохыг дэмжсэн. Мөн Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул орны хүнээр нь УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилохоор болж, шийдвэрээ гаргасан. Эл асуудлын хүрээнд мөн чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болж байна. Түгжрэлтэй тэмцэх сайд Ж.Сүхбаатарын хувьд ч ёс зүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул мөн чөлөөлнө. 

Энэ асуудалтай холбогдуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийж байна. 

Тэрбээр "Удахгүй Та бид 2024 оны улсын төсвийг хэлэлцэнэ. 2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж эхлэх үед Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 43.6 их наяд төгрөг байлаа. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс 40 литрийн багтаамж бүхий эдийн засагтай байсан гэсэн үг.
 
2022 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж тэлсэн байна.
 
Ирэх 2024 оны улсын төсвийг Дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6000 ам. доллар давна гэж тооцоолсон.
 
Цар тахлын оргил үед -4.6 хувь байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар өслөө.
Ирэх 2024 онд эдийн засаг долоон хувийн өсөлттэй байхаар төсөөлж байна.
 
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.4 их наяд давж, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам долларын өр бүрэн төлөгдлөө.
 
Улсын төсөв энэ жил 1.8 их наяд төгрөгөөр давж, Төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллараар ашигтай гарч, валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ.
 
УИХ-ын гишүүд ээ,
 
Тоо худал ярьдаггүй. Эдийн засагт гарч буй энэхүү томоохон өөрчлөлтүүд  шулуухан хэлэхэд Монголд ямар том хэмжээний далд эдийн засаг нуугдаж байсны илэрхийлэл юм.
 
Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэлт, Тавантолгойн нүүрсний хулгайг илчилж, ил тод, цахим арилжаанд шилжүүлсэн, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт зэрэг том түвшний системийн авлигатай Улсын Их Хурал, Засгийн газар, олон нийт хамтран тэмцсэний үр дүн билээ.
 
Энэ нь том түвшний системийн авлигын бүтцэд задрал явагдаж, далд эдийн засаг, нууц мөнгө ил болон бүртгэлжиж, эдийн засаг тэлж байгаагийн эхний дохио юм.
 
Авлигатай амжилттай тэмцсэн улс орнуудын хөгжлийн түүх ч үүнийг нотолдог. Товчоор дүгнэвэл, Та бид авлигатай тэмцэх эхний үе шатаа давж байна.
 
Одоо эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралын чанарт нөлөөлөхөд саад болж буй хамгийн том хязгаарлагч хүчин зүйл бол дунд шатанд шимэгчлэн амьдарч буй авлигач түшмэд, том авилгачдын төлөөний этгээдүүд, эд эсүүд болсоор байна.
 
Тэд улс төрчид ирдэг, явдаг, харин бид мөнх гэдэгт итгэдэг.  Тэр дундаа, өнөөдөр нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын 30 гаруй жил ужгирсан системийн авлигыг цогц хэмжээнд цэгцлэх цаг болжээ.
 
Хууль хяналтын байгууллагууд ч том шатны авлигын хэргүүдийг шүүхийн шатанд шилжүүлж, дунд шатны авлига руу ханцуй шамлан орох итгэл үнэмшил, цаг хугацаатай болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Улсын Их Хурал, Засгийн газар үндэсний хэмжээний асуудалд төвлөрч, сүүлийн 30 жил нийслэлийн асуудлыг зөнд нь орхисноос нийслэл хот маань өнөөдөр авлигын бэлгэ тэмдэг болсон цементэн ширэнгэ болон хувирчээ. 
 
Хот төлөвлөлтгүй олгосон газрын наймаа, тэндээс баяжиж хөрөнгөжсөн улс төрийн бүлэглэл, зөвшөөрлөө аваад байшин барих биш, барилгаа бариад зөвшөөрлөө гаргуулдаг авлигын соёлыг хэзээ болтол бид мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөх вэ?
 
Улсын Их Хурал, Засгийн газраар баталсан хууль, стандарт, дүрэм яагаад 30 жил огт хэрэгжсэнгүй вэ?
 
Байгалийн тусгай хамгаалалттай газарт сүндэрлэн боссон тансаг хотхонуудыг бид хэзээ болтол жуулчны отог гэж итгэсээр амьдрах вэ?
 
Нийтийн тээвэрт монопол тогтоосон гурван компанийн чөтгөрийн тойрогт хэзээ хүртэл хотынхон хорлогдож, ашигтай шугамны наймааны төлөө иргэдийн эрх зөрчигдсөөр байх вэ?
 
Нэгдсэн эмнэлгийнхээ нүүрийг хааж барьсан эмнэлгийн захирлуудын хувийн эмнэлэг, сургуулийн талбайг хүртэл хэсэгчилж зарсан үе үеийн дүүргийн удирдлагууд, төрийн байгууллагуудын газрыг тасдаж аваад хувийн хороолол босгон, ичих ч нүүргүйгээр өөрсдөө амьдарч буй хотын дарга нартай хэзээ хүртэл эвлэрч амьдрах вэ?
 
Үерийн далан дээр бярдаж босгосон хууль сахиулахын хуучин дарга нарын авлигын хороололд олон нийтийн шаардлага хэзээ үйлчлэх вэ?
 
Юутай ч нийслэл дангаараа хүчин мөхөсдсөөр ирснийг өнгөрсөн 30 жилийн түүх нотоллоо.
 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Улсын нийслэлийн маань асуудал улсын тулгамдсан асуудал болж хувирчээ. Том авлигын асуудлыг цэгцлэхэд нэгдмэл хүчээр ажилласан шиг их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлж өгөхөд Улсын Их Хурал, Засгийн газар иргэдтэйгээ хамт байж хэсэг хугацаанд шууд оролцоогоо нэмэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна.
 
Төрийн үйлчилгээний 70 гаруй хувь, төрийн мэдээллийн 11-11 төвд ирж буй гомдлын 80 орчим хувь нь зөвхөн нийслэлтэй холбоотой байна. Нийслэлийн асуудал шийдэгдвэл Улсын Их Хурал, Засгийн газрын ачаалал 70-80 хувиар хөнгөрнө гэсэн үг юм.
 
Нийслэл есөн дүүргийнхээ тогтолцоогоор цаашид иргэддээ хүрч үйлчилж чадах уу?
 
Бид үүнд хариулт өгөх цаг болжээ.
 
Хороодын дарга, хэсгийн ахлагчид аймгаас том хороодыг хэрхэн удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх вэ?
Бид энэ асуудлыг цаг алдалгүй нарийвчлан шийдвэрлэх шаардлагатай.
 
Гэр хорооллын тэлэлтийг нийслэл, дүүрэгт даатгаад уул уулаараа ухуулсаар байгааг харж шогширсоор л байх уу?
 
Аль эсвэл хотын асуудал надад хамаагүй гэж улс төрийн галаас хойш сууж, аргацааж аргалсаар дахиж 30 жил болох уу?
 
Нийслэлийн асуудлууд шийдэлгүй үргэлжилбэл Монгол Улсын Үндсэн хуулинд тусгагдсан хүний эрх, иргэдийн аюулгүй байдал, амьдралын чанарын үзүүлэлт огт хэрэгжихгүй нь ойлгомжтой.
 
Тийм ч учраас Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн болно.
 
Улсын нийслэлд цогц байдлаар хийх энэхүү авлигын эсрэг ажиллагаа, реформд нэгдэж, Засгийн газрыг дэмжиж ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнээс хүсье.

Хаврын чуулганаар ачаалалтай ажиллаж, авлигын эсрэг эрхзүйн орчин, Үндсэн хуулийн сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийж чадсан шиг, намрын чуулганаар өмнөхөөсөө ачаалалтай ажиллаж, нийслэл Улаанбаатар хотын урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын бүтэц, зохион байгуулалт, хотын соёлын дүрэм, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр, нутаг дэвсгэрийн нэгж, хот тосгоны эрхзүйн байдал, газрын харилцаа зэрэг асуудлуудыг цогц байдлаар нь шийдвэрлэхэд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал бүрэн дэмжлэг үзүүлж, хичээнгүйлэн оролцож ажиллахыг хүсье.
 
Энэхүү зорилтыг ханган хэрэгжүүлэх үүргийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт Ерөнхий сайдын хувьд даалгах нь зүйтэй гэж үзлээ.
 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилохоор танилцуулж байна.
 
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрхзүйн багц шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхэд төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороог удирдсан мэргэжлийн болон улс төрийн туршлагыг нь харгалзан үзэв.
 
Мөн мэргэжлийн Байнгын хорооны даргыг тухайн салбарын яаманд ажиллуулах сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо.
 
Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж, гурван шатны нээлттэй сонсголыг зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж чадсан улс төрчийн эр зориг, тууштай байдлыг нь харгалзан үзлээ.
 
Энэхүү туршлага нь нүүрсний хулгайн сонсголыг амжилттай зохион байгуулж, уул уурхайн системийн авлигыг илчлэх, цаашид ийм алдаа гаргахгүй байхад бодит хувь нэмэр оруулж чадна гэж итгэж байна.
 
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд Борхүүгийн Дэлгэрсайханыг томилохоор танилцуулж байна.
Нийслэл хотын асуудал бол цогц асуудал тэр дундаа аж ахуйн ажил юм.
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, нийслэлийн төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэржилт, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд Улсын Их Хуралд сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж,  авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзэж, энэхүү албан тушаалд томилуулахаар танилцуулж байна.
Салбар дундын уялдааг хангаж, төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна" хэмээв.
 

 

15 : 26
2023-10-5

УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч Н.Батзоригийг танилцуулж, дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид нэр дэвшигчтэй танилцаж байна. 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын  шүүгчид  Н.Батзоригийг нэр дэвшүүлжээ.

Н.Батзориг нь 1975 онд Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд төрсөн. Ам бүл тав. 1982-1990 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын сургууль, 1990-1992 онд Хэнтий аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгссөн. 1995-1999 онд Шихихутуг дээд сургуулийг эрх зүйчээр төгсч 2016-2018 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

1992-1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сургуульд биеийн тамирын багш, 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар хороонд байлдагч, 1999-2005 онд Багануур дүүргийн шүүхийн шүүхэд төлөөлөгч, 2005-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслахаар ажиллаж байгаад 2007-2012 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, 2012-2013 онд Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан. 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно. 

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Шүүгчийг сонгон шалгаруулахад холбогдох байгууллагууд хараат бусаар ажиллаж чадаж байна уу. Шүүгчид ямар нэг байдлаар нөлөөлж гарсан шүүгч маш хариуцлагагүй байна. Дөрвөн хүүхэдтэй аавыг зодоод алсан хүн шоронгоос гараад ирлээ. Өчнөөн саяар нь хулгайлсан хүн 40 саяыг төлөөд гараад ирлээ.  Хууль үйлчлэхгүй байна. Шүүүхэд хэн нөлөөлж чадах вэ, эрх мэдэлтэй Ардын намынхан нөлөөлж чадна.

Энэ шүүгч одоо нутаг усаараа, эрх баригчдын нөлөөллөөр гарсан хүн юм биш биз. Томилсон хүмүүсээсээ хамааралгүйгээр ажиллаж чадах уу гэсэн юм.

Эцэст нь танилцуулга дуусч, дараагийн асуудалд шилжив.

15 : 19
2023-10-5

УИХ: Хятадад хямрал үүссэн нь нүүрсний үнийг унагаж болзошгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж, гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Э.БАТУШГАР:

-Ипотекийн зээл жилийн 8 хувийн хүүтэй олгогдож байгаад 2020 оноос 6 хувьтай гарч эхэлсэн. Маш олон иргэд бодлогын золиос болоод байна. Ипотекийн 8 хувийн зээлийг  6 хувь руу шилжүүлэхэд зөрүүнд нь хэдэн төгрөг шаардлагатай вэ?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.ЭНХТАЙВАН:

-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлэхдээ 8 хувьтай гаргасан.  2020 оны төсгөлөөс 6 хувь руу шилжсэн.  Эндээс 2 хувийн хүүгийн зөрүү үүсч байгаа. Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлэхэд  400 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эхү үсвэр шаардах тооцоо гарсан.  400 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэл 8 хувийг нь 6 хувь руу шилжүүлэх боломжтой болно.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Хүртээмжтэй, өгөөжтэй эдийн засгийн өсөлт хэрэгтэй байна. Өгөөжтэй эдийн засагт мөнгөний бодлого нөлөөтэй. Төсвийн бодлогын алдаа мөнгөний бодлогоор гардаг. Энэ бүхнээ тооцох хэрэгтэй. Мөнгөний бодлогод инфляцыг 6 хувьд барина гэж… Төсвийн орлого 27 их наяд болж, энэ оныхоос 5 их наяд төгрөгөөр өссөн. Хэр зэрэг бодитой тооцсон бэ. Инфляц энэ оны эхний найман сарын байдлаар 10 хувьтай байна. Ханшийн уналт өнгөрсөн жил 20 хувь байсан.

Инфляцтай тэмцэх асуудал Монгол Улсын нэг номерын асуудал. Хүн амын 42 хувь нь ядуурсан байна. Ийм байхад инфляц бууруулна гэж байхгүй?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.ЭНХТАЙВАН:

-Төлбөрийн тэнцэл энэ оны эхний найман сарын байдлаар 500 тэрбумын ашигтай гарсан. 2024 оны төлбөрийн тэнцэл 530 орчим тэрбумын ашигтай гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Инфляцыг нам дор төвшинд бууруулах нь нэг номерын асуудал. Инфляц бол татвар гэж үздэг. Тийм учраас 2023 онд бодлогын төвшинд хатуу барьсан. 2024 онд ч бодлогын төлөв хатуу байна.

УИХ-ын гишүүн Ж:БАТЖАРГАЛ:

-Инфляцад нөлөөлөх хүчин зүйлийг аваад үзэхээр урд хөршийн нөхцөл байдлаа хэрхэн тооцсон бэ. 2009 онд дэлхийн эдийн засгийг хямраахад ипотек, үл хөдлөх хөрөнгө том нөлөө үзүүлсэн. Урд хөршид үл хөдлөх хөрөнгийн хямрал болж байна?

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.ГАН-ОЧИР:

-Урд хөршийн нөхцөл байдал таны хэлсэнчлэн эхний давалгаанд үл хөдлөх хөрөнгийн салбар унасан, түүнийг дагаад үнэ нь унасан. Зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй байгаагаас өр үүссэн. Банкууд нь үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулсан зээлээсээ болж, алдагдал хүлээж эхэлсэн.

Хоёр дахь давалгааг дэлхий нийтээрээ бичиж байна. Банк санхүүгийн салбарт чанаргүй зээл нь өндөр болоод эхлэхээр бусад салбарт зээл олгох, санхүүгийн зуучлалаа гүйцэтгэж чадахгүйтэй холбоотой хоёр дахь давалгаа орж ирвэл Хятадын эдийн засгийн нөхцөл байдал одоогийн төсөөлж байгаагаас ч дордож болзошгүй гэж Олон улсын валютын сан, Дэлхийн банкны сүүлийн үеийн судалгаа харуулж байгаа.

Монголын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн тухайд, санхүүгийн хувьд интеграци Монгол  Хятадаас хамаарал маш багатай. Гадаад худалдааны хувьд маш өндөр, нөлөөлөл ихтэй.  Нөлөөлөл нь түүхий эд тэр дундаа нүүрсэнд маш их сөрөг нөлөөтэй. Нүүрсний эрэлт унах, экспортын орлогод илүү сөрөг байх, төлбөрийн тэнцэлд илүү сөрөг нөлөө үзүүлэх юм гэдгээр харж байна.

Олон улсын валютын сангаас улс орнуудыг валютын нөөцийн хүрэлцээг аль болох өндөр байлгах, банкны салбарынхаа өөрийн хөрөнгийн хүрэлцээг өндөр байлгах. Төсөв, мөнгөнийхөө бодлогыг түүнд нийцүүлж явахыг хөгжиж буй Монгол зэрэг оронд зөвлөж байгаа.

Эцэст нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

13 : 19
2023-10-5

"Валютын нөөц 4.1 тэрбум долларт хүрсэн нь зургаан сарын хэрэгцээг хангана"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:

-Ипотекийн зээл цаашдаа үргэлжлэх юм уу. Монголын ипотекийн корпорациар дамжуулж ипотекийн зээл хэрэгждэг байсныг буруу гээд төрд авсан уу. Ипотекийн зээл нийгмийн дундаж давхаргыг дэмждэг чухал зээл. Цаашдаа яаж хэрэгжих юм бэ.  Монголбанк инфляцыг энэ оны төгсгөл рүү 9 хувь руу бууруулахаар төлөвлөсөн чадах уу. Монголбанк бодлогын хүүг 13 хувиар хэвээр хадгалсан.

Банкны систем дэх авлига маш өндөр болсон байна. Хувийн байгууллагад авлига цэцэглэж эхэллээ.  Монголбанк арилжааны банкуудыг шалгасан шалгалтаа ил тод болгож болдоггүй юм уу. Төрийн өмчийн компаниуд харилцах дансандаа зориуд шахуу мөнгө байлгаад авилга аваад байна.

Арилжааны банкууд хувьцаагаа гаргаж дууссаны дараа хувь эзэмшлийн хэмжээг 33 хувь болгоё гэдэг ёс зүйгүй шаардлага тавьж байна. Арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болсон ч гэсэн үйл ажиллагаа нь хаалттай байгаад байна. Банкуудын жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах заалт хэрэгжихгүй байна.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.ЭНХТАЙВАН:

-УИХ-аас өнгөрсөн онд 2023 оны мөнгөний бодлогыг батлахдаа ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх даалгавар өгсөн. Тэр дагуу төв банк 2023 оны долдугаар сарын 1-ээр ипотекийн зээл олголтоо тасалбар болгон, Засгийн газартай хамтарч ажиллаж байсан. Гэвч цаг хуагцааны хувьд амжихгүй болсон, мөн 2024 онд Үндэсний орон сууцны корпораци байгуулах хүртэл ипотекийн зээлийг төв банк хэрэгжүүлээд яваач ээ гэдэг саналыг Засгийн газар тавьсан тул бонд өмчлөлтийг өөрөө дээрээ аваад явсан. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 116 мянга орчим өрхөд ипотекийн зээл олгогдсон. Нийтдээ 7.2 их наяд төгрөгийн зээл гарсан.

Одоогоор арилжааны банкууд дээр 17 мянга орчим иргэний ипотекийн зээлийн өргөдөл хүлээгдэж байна.

Харилцах дансны хүү 3 хувьтай байсныг Ковидын хуулийн үйлчлэлээр зогсоосон байсан. Уг хуулийн үйлчлэлийг зогсоосноор хүү тооцоод явж байгаа. Харилцах дансны 3 хувийн хүү хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд мөнгөн хөрөнгөө зөв удирдахад дэмжлэг болсон гэж үзэж байна.

Төв банк арилжааны банкууд дээр хяналт шалгалтыг хуваарийн дагуу хийгээд явдаг. Бид шалгалтын дүнг гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээдэг. Авлигын асуудал байгаа эсэх дээр тухайн төв банкны хяналтын шалгалтын үйл ажиллагааг эрхэлдэг пункцээрээ дамжуулаад хянадаг. Арилжааны банкууд олон улсын аудитын байгууллагын шалгалт оруулдаг. Шалгалтын дүнгээ өөр, өөрсдийн сувгаар олон нийтэд нээлттэй байлгадаг.

Хувьцааг системийн нөлөө бүхий таван банк гаргасан. Хамгийн өндөр нь 10 хувийн хувьцаа гаргасан. Нийт 478 тэрбумын хувьцааг олон нийтэд арилжаалсан.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-Зээлийн хүү иргэдийн амьдралд хүндрэл учруулж байна. Зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Зээлийн хүү 18-24 хувь байна. УИХ-аас өнгөрсөн жил Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталсан. Уг хуулийг батлуулахдаа та бүхэн өөрийн эх үүсвэртэй гадаадын банк орж ирэх боломж бүрдэнэ, ингэснээр зээлийн хүү буурч, иргэдийн амьдралын чанарт нөлөөлнө гэсэн. Хууль хэрэгжээд 1 жил болсон ч гадаадын нэг ч банк орж ирсэнгүй. Монголбанк тааруу ажиллалаа. Гадаадын банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж, хууль эрх зүйн орчноо сурталчлахад юу хийв. Монголд орж ирэхээр судалгаа хийж байгаа гадаад банк байна уу. Орон нутагт ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ чиглэлээр хийж байгаа ажил бий юу?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.ЭНХТАЙВАН:

-Ипотекийн зээлийг орон нутагт түлхүү олгох чиглэлээр бодлого боловсруулаад ажиллаж байна. Өнгөрсөн онд хүүгийн хөнгөлөлтөд зориулж 8 тэрбумыг төсөвт  суулгасан бол ирэх онд 16 тэрбумыг хүүгийн хөнгөлөлтөд суулгасан. Энэ нь 4300 орчим иргэн хүүгийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой гэсэн үг. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөдөөгийн хөгжлийг дэмжих хүрээнд орон нутагт ипотекийн зээлийн санхүүжилт олгогдох нь зөв гэдэг бодлогыг барьж байна. Орон нутагт олгох ипотекийн зээлийг 150 тэрбумаар нэмэгдүүлсэн.

Зээлийн хүүгийн тухайд одоогоор 16.4 орчим хувь байна. Хууль батлаад юм уу, хүчээр арга хэмжээ авснаар зээлийн хүү буурах боломжгүй. Зээлийн хүү өндөр байна гэдэг нь арилжааны банкууд эх үүсвэр байхгүй байна л гэсэн үг. Арилжааны банкууд гадаадаас эх үүсвэр татах, банк санхүүгийн байгууллагыг оруулж ирэхэд бодлогын шийдвэр гаргах шаардлагатай. Тэр хүрээнд Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг батлуулсан. Гадаадын банкуудтай уулзалт хийгээд явж байгаа. Гэхдээ Монголд банк нээх талаар хүсэлт илэрхийлсэн зүйл байхгүй. Одоогоор гадаадын хоёр банк төлөөлөгчийн газраараа дамжуулан үйл ажиллагаа явуулж байна.

Монголбанкны ерөнхийлөгч БНСУ-д ажиллаж байгаа, зорилго нь тус улсын банкийг Монголд оруулж ирэх зорилготой.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Монголбанк хараат бусаар ажиллах ёстой ч чадахгүй байна. Төгрөгийн ханшийг тавиад туусан. 2023 оны Мөнгөний бодлого дампуурсан. Та бүхэн өнгөрсөн жил энэ танхимд “2023 онд бид инфляцыг 6+-2 хувьд барина” гэсэн чадаагүй. Бодлогын хүү 13 хувьтай л явж ирлээ. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш хэд дахин өсчихсөн. Арилжааны банкуудын зээлийн хүү үнэхээр хүнд болчихсон. Ипотекийн зээлийг та бүхэн хариуцах ёсгүй. Орон сууцны үнэ ханш өсч байна. Та нар ипотекийн зээл хэрэгжүүлнэ гэж мөнгө хэвлээд цаад утгаараа орон сууцны үнийг өсгөчихөж байгаа. Эдийн засаг ойлгодог хүмүүс мэднэ. Своп хэлцэл гэж байгаа. БНХАУ -ын Ардын банктай байгуулсан своп хэлцэл ямар төвшинд байна вэ. Нууц байдалд яриад өнгөрдөг. Та бүхэн ард түмнийг ядуу байлгах мөнгөний бодлого хэрэгжүүлж байна.

Валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар гэлээ. Хэдэн долоо хоногийн нөөц вэ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналаа л бол наад нөөц чинь дуусна. Урд хөршид үл хөдлөх хөрөнгийн компаниуд нь дампуурсан. Та бүхэн Мөнгөний бодлогоо зөв хийж чадсан юм уу?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.ЭНХТАЙВАН:

Эдийн засгийн эрэлтийн талыг Мөнгөний бодлогоор удирддаг. Нийлүүлэлтийг Засгийн газар удирддаг. Нийлбэр нь эдийн засгийн бодлогыг тодорхойлдог. Төв банкны бодлого дангаараа эдийн засгийн суурь асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Төв банк 2013 оноос ипотекийн зээлийг хэрэгжүүлээд явсан. Хэрэгжээд явсан бодлогыг шууд зогсоох нь хэцүү. Засгийн газарт ипотекийн зээлийг шилжүүлэх даалгаврыг УИХ-аас өгсөн ч Үндэсний орон сууцны корпораци байгуулагдахаар шилжүүлж авъя гэсэн тул  төв банк ирэх онд шилжүүлэхээр өөр дээрээ аваад явж байна.

Монголбанк Хятадын Ардын банктай нийт 15 тэрбум төгрөгийн своп хэлэлцэл байгуулснаас 12 тэрбмыг нь ашигласан. Өрийн статистикт ороод бүртгэгдээд явж байгаа.

Валютын нөөц 4.1 тэрбум долларт хүрсэн нь 6.6 сарын хэрэгцээг хангах нөөц юм.

 

12 : 07
2023-10-5

2024 онд баримтлах Мөнгөний бодлогыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. 

Гадаад орчны амаргүй нөхцөл байдал шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа хэдий ч эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.4 хувиар өссөн байна. Нүүрсний экспорт эрчимжиж, тээвэр, үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэл сайн байсан нь нийт өсөлтийг голлон тэтгэсэн аж. Мөн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээ чухал нөлөөтэй байжээ.

Эдийн засгийг энэ онд уул уурхайн салбар голлон тэтгэж, өсөлт 6 орчим хувьтай байх, экспорт саадгүй үргэлжилбэл ирэх онд энэхүү өсөлтийн эрчийг хадгалах тооцоололтой байгаа аж. Инфляцыг бага түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад суурь нөхцөл болох тул инфляцыг дунд хугацаанд 6 хувь (+/-2 нэгж)-ийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгажээ.

Инфляц сүүлийн жил гаруй хугацаанд алгуур буурч, энэ оны долдугаар сард 9.2 хувь, наймдугаар сард 10 хувьтай гарсан байна. Инфляцын эсрэг мөнгөний бодлогын төлөвийг чангаруулж 2023 оны туршид бодлогын төлөвийг хадгалсны зэрэгцээ худалдааны түнш орнуудын инфляц саарч, тээвэр логистикийн зардал болон хугацаа багассанаар гадаад шалтгаантай үнийн дарамт буурсан нь нөлөөлсөн байна. Хэдий инфляц энэ оны зорилтот түвшинд буурсан ч гадаад, дотоод эрсдэл, тодорхой бус байдал өндөр хэвээр байгааг танилцуулгад дурдав. Иймээс мөчлөг сөрсөн, сахилга баттай төсөв мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, нийлүүлэлтийн гинжин сүлжээ, ялангуяа дотоодын хүнсний тогтвортой тасралтгүй хангамжийг бий болгох, иргэд, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдын бодит орлогыг хамгаалсан нам тогтвортой түвшний инфляцад хүрэх боломж ихээхэн хязгаартай болохыг тэмдэглэж байв.

Цаашид Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.

Энэ оны эхнээс экспортын эрч хадгалагдаж манай улс валютын цэвэр орох урсгалтай байжээ. Гадаад валютын албан нөөц наймдугаар сарын эцсийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар, өнөөдрийн байдлаар 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 20 сарын хамгийн өндөр үзүүлэлт гэв. Экспорт сайн байгаа хэдий ч эрдэс, түүхий эд, бүтээгдэхүүний үнэ буурах хандлагатай байгаагийн зэрэгцээ төсвийн өндөр зардал импортыг өдөөж, валютын гарах урсгалыг эрчимжүүлж байгаа нь төлбөрийн тэнцлийн нөхцөлийг муутгах эрсдэл үүсгээд байгааг хэллээ. Нэн тэргүүнд улсын санхүүгийн нөөц, чадавхыг хамгаалахад онцгойлон анхаарсан хатуу төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, аливаа хөгжлийн бодлогыг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоодын санхүүгийн чадавхтай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж. Энэ жилээс Улсын Их Хурал жил бүрийн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг холбогдох байгууллагуудаас санал авч, нэгтгэн баталдаг болсонтой холбоотойгоор энэ удаагийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Монголбанк хуульд заасан өөрийн үндсэн зорилт, чиг үүргийн хүрээнд тодорхойлон боловсруулсан байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа инфляцыг тогтворжуулах замаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын банкны бие даасан салбар нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж ажиллуулах, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдаа, цахим төлбөр тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих зэрэгт онцгойлон анхаарсан гэв.

Инфляцын зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс, Төв банкны хараат бус байдал, төсвийн сахилга бат, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзлийг багасгах, дэд бүтэц, логистикийн нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй гээд “Иймээс Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг тогтолцоог хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь дэд бүтцийг бий болгохтой холбоотой зорилтыг энэ онд шинээр тусгасан

Банкны салбарт эх үүсвэрийн зардал багатай, урт хугацаатай хөрөнгө оруулалт, ногоон тогтвортой хөгжлийн төслийг санхүүжүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход, гадаадын банкны бие даасан салбар нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулах нь томоохон нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна. Иймээс ирэх онд гадаадын банкны салбар, нэгжийн үйл ажиллагааг явуулахад тавигдах нөхцөл шаардлагыг гадаадын банкны харьяалал, өмчлөлийн төрөл, бизнес загвар зэрэгт нь тохируулан тогтоож, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагааны нарийвчилсан зохицуулалтыг бий болгоход анхаарал хандуулж ажиллах юм байна. Мөн ногоон хөгжлийн зорилтуудыг хангах, тогтвортой санхүүжилтийн замын зураг зурагдсан банкны салбарын ногоон зээлийн багцыг 10 хувьд хүргэх зорилтыг хангахад ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг цаг алдалгүй хөгжүүлэх шаардлагатай гэв. Энэ чиглэлээр Монголбанканд хөгжүүлж эхлээд байгаа эх өгөгдлийн дэд бүтцийг ашиглан, ногоон тогтвортой санхүүжилтийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг шат дараатай бий болгох ажлуудыг банкнуудтай хамтран 2024 оноос хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байгаа аж. Монголбанкны 2024 оны бодлого, үйл ажиллагаа, инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэх юм байна.

 

11 : 50
2023-10-5

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд "Хүлээн авах боломжгүй" гэж үзлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн олонхи нь Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Учир нь, УИХ-аас томилогддог албан тушаалтнуудын талаар нээлттэй сонсгол хийдэг болсон нь ард түмний мэдэх эрхийг хангаж байгаа төдийгүй Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй, төрийн тодорхой албан тушаалтныг томилогдохоос нь өмнө УИХ-аар тал бүрээс нь нээлттэй хэлэлцэх нь Үндсэн хууль зөрчсөн асуудал биш. Хэрвээ Цэцийн шийдвэрийг УИХ хүлээн авбал ухралт болно гэж гишүүдийн олонхи үзсэн юм.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх гэж байна. 

11 : 36
2023-10-5

Т.Доржханд: Цэцийн дүгнэлтийг хүлээн авч болохгүй, ухралт болно

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан, гишүүд байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:

-Нийтийн сонсголын хүрээнд УИХ маань томилгооны сонсголыг хуульчилсан. Түүний үндсэн дээр Үндсэн хуулийн Цэц, Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшиж байгаа хүмүүсийн талаар хэлэлцүүлэг хийдэг, дотоод шалгаруулалтаар нэр дэвшигчийг сонгодог зүйл дөнгөж эхэлж байгаа.

Харамсалтай нь, Цэцээс Дээд шүүхийн шүүгч, Цэцийн гишүүн, прокурорт нэр дэвшигч дээр томилгооны сонсгол хийх нь хууль зөрчиж байна гэхээр өмнө зассан зүйлээсээ ухарчихаад байгаа. Яагаад гэвэл нэг, хоёр өдрийн дотор шийддэг байсан асуудлыг олон нийтэд танилцуулах боломжийг олгоод, төрийн гол хууль сахиулах ажил хийдэг албан тушаалтнуудыг хяналтын нарийн шүүлтүүрээр оруулдаг механизмыг хийсэн. Хэрвээ энэ механизмыг үгүйсгэвэл өмнөх байдалдаа орно.

Цэцийн дүнгнэлтээс авах ганц юм нь дахин томилгоо нь хууль зөрчиж байна гэсэн нь зөв.

Тэгэхээр УИХ маань энэ механизмуудаа улам боловсронгуй болгох ёстой болохоос биш хуучин шигээ хэлбэржсэн байдал руу оруулах юм бол буруу. .Цэц ч дүгнэлтээ эргэн авч үзэх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Манай Цэц янз бүрийн шийдвэр гаргаад байгаа. Арай ч дээ ч гэмээр шийдвэр гаргадаг. Хуурамч түлшинд тогтоодог татварыг үндэслэлгүй, Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргаж, төр засгаа нулимсан. Зарим шийдвэр нь боломжийн. Өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол боломжийн. Бүх нээлттэй сонсголыг буруутгаагүй. Шүүхийн сахилгын хорооны сонсгол зэргийг хийчих. Харин Ерөнхийлөгчөөс эрх авсан хүнээр УИХ дээр дахин нээлттэй сонсгол хийхээр буруу, нөлөөлөөд байна гэж үзсэн.

Прокурорт нэр дэвшигчээр сонсголоо хий гэж байгаа. УИХ-аас нэр дэвшүүлж байгаа гурван хүн дээрээ нээлттэй сонсгол хийж болно гэсэн. Дахин нэр дэвшүүлж байхад сонсгол хийх нь буруу. Дөрвөн жил ажиллачихаад ирэхэд нь дахиад сонсгол хийх нь хараат бус байдалд нь нөлөөлж байгаа гэж үзсэн. Бид хууль батлах үүрэгтэй. Цэц бас Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бидний баталсан хуулийг Үндсэн хуульд нийцэж байна уу гэдгийг хянадаг. Дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан тохиолдолд ажил хэрэгч хандах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Монгол Улсын парламентын үйл ажиллагаа тодорхой төвшинд ил тод болсон. Нээлттэй сонсгол хийдэг болсноор, Төрийн хянан шалгах хороо байгуулснаас хойш иргэд илүү их парламентаа үздэг болсон. Яагаад гэвэл нээлттэй болсон. Эсрэгээрээ хаалттай байснаар нүүрсний хулгай гарсан. Гишүүд ч мэддэггүй, сайд нь ч мэддэггүй. Ногоон автобусны хулгай бас л адилхан нууц гэсэн үндэслэлээр явж байна. Нууцлаад байхаар болохгүй юм байна. Авлигаа дийлэхгүй юм байна.

Нууцлахгүй ил тодоор явж болдог юм байна гэдгийг иргэд ойлгож байгаа үед парламент томилгоог нээлттэй хэлэлцдэг ардчиллын зарчмаасаа буцаж болохгүй. Ардчилсан улс байя гэвэл ил тод байх ёстой, зарчим нь ийм. Монгол Улс парламентын засаглалтай юм бол тухайн томилогдож байгаа албан тушаалтныг тал, талаас нь яриад, шүүгээд гаргадаг зарчимтай байх ёстой. Цэцийн дүгнэлтийг хүлээн авч болохгүй.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Цэц хамаа намаагүй асуудлаар шийдвэр гаргадаг болсон. ААН- ийн үйл ажиллагаа руу ордог болсон, татварын асуудал руу ордог болсон. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудал уу ордог болсон. Хуурамч шатахуунд татвар ногдуулж байгааг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.

Томилгоог мөн Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн нь буруу.

 

 

10 : 26
2023-10-5

УИХ: Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхлээд байгаа юм.

Үндсэн хуулийн Цэц 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэц энэ удаагийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Тавин зургадугаар зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд дараах дүгнэлтийг гаргажээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "… нэр дэвшигчийн сонсгол хийж … ", Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, … Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", 3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.", Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад "… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "… танилцах, зөвшилцөх, … танилцах, зөвшилцөх, …" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар … Ерөнхийлөгч томилно. …", Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "… Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, …" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт "… томилгооны сонсгол хийж …" гэж тус тус заасан нь, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "… Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга …" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", 29.1.2 дахь заалтад "… танилцах, зөвшилцөх, … танилцах, зөвшилцөх, …" гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "… нэр дэвшигчийн сонсгол хийж … " гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, … Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж