НЭМЭЛТ: 12.51 ЦАГ
АГААРААС ЭРЭН ХАЙХ АВРАХ АНГИ ЭРЛИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙНА
Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар аравдугаар сарын 3-ны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл охины эрлийн ажиллагаанд ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги оролцохоор болж, өнөөдөр өглөө 07.00 цагт эрлийн ажиллагаа зохион байгуулж буй аймаг руу хөөрсөн байна. Тухайн багийн бүрэлдэхүүнд нисгэгч инженер, цагдаагийн алба хаагчид багтсан байна.
НЭМЭЛТ: 07.50 ЦАГ
Алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаанд ОБЕГ-аас Мандах сумруу нисдэг тэрэг хөдөлжээ. Үүнтэй холбогдуулан Аймгийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн хуралдлаа. Одоогоор охиныг хайх ажилд 700 гаруй хүн оролцож байгаа аж.
Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал мэдээлэл өглөө. Тухайлбал, “Өчигдөр буюу 4-ны 18.00 цагийн орчимд сэжигтэй этгээдийг газар дээр нь саатуулан баривчлах үйл ажиллагааг иргэдийн оролцоотой буюу даацын тээврийн жолооч нар олон хүний оролцоотойгоор этгээдийг саатуулсан. Энэ хугацаанд Сайншанд сумаас дахин эрлийн ажлын хэсэг гаргаж Сайхандулаан, Өмнөговь аймгийн Манлай чиглэлийн чиглэлд 4 авто машинтай 30 гаруй алба хаагчид томилогдож ажилласан. Замын-Үүд сумаас бүрэлдэхүүн дайчилж эрлийн үйл ажиллагаанд оролцуулсан. Сэжигтэй этгээдийг аж ахуй нэгжийн камераар хөдөлгөөнийг тогтоож, эрлийн ажиллагааг явуулсан.
Өнөө өглөө ОБЕГ-ын агараас эрэн хайх нисэх нэгж ЦЕГ-ын ЭЦА, мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг өглөөний 07.04 цагт Улаанбаатар хотоос хөөрсөн.
09.20 цагт Мандах сумын нутаг дэвсгэрт хүрэлцэн ирж агаараас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Манлай суманд ажилласан ажлын хэсэг эргээд Дорноговь аймгийн Мандах сум чиглэл рүү эрэн хайх ажиллагааг эхлүүлээд явж байна” гэв.
Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай “Д” охиныг хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжилж байна.
Дээрх хэрэгт холбогдуулан “Г” гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, хүүхдийн эрхтэй холбоотой эмзэг асуудал тул та бүхэн олон нийтийн цахим сүлжээнд Хүүхдийн эрхийн тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн мэдрэмжтэй хандахыг зөвлөж байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ. Мөн охиныг эрэн сурвалжилж байгаа учраас цагдаагийн байгууллагаас албаны мэдээг найдвартай, баталгаатай болсон үед өгнө гэв.
Холбоотой мэдээ