Улаанбаатар хотод хуучны цөөн гүүрэн байгууламж байдгийн нэг нь Арслантай гүүр. Анх 1946 онд энэ гүүрний баруун жигүүрийн хоёр талд нь чулуун арслан байрлуулснаар “Арслантай гүүр” гэж нэрлэх болсон. Өдгөө Улаанбаатар хотын үүх түүхийн нэг хэсэг болж, ард иргэдийн дунд таних тэмдэг болсон байршил юм. Сүүлийн үед Арслантай гүүрийг нурааж, шинээр барих асуудлыг хөндөж буй. Уг гүүрийг нурааснаар олны хэлж заншсан “Арслантай гүүр” нэршил ч өөрчлөгдөх магадлалтай гэдгийг судлаач мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
АРСЛАНТАЙ ГҮҮРИЙГ ШИНЭЭР БАРИХ ЗУРАГ ТӨСЛИЙН 120 САЯЫН ТЕНДЕРИЙГ ЗАРЛАВ
Гүүрэн дээр зогсч байхад хажуугаар өнгөрөх том оврын автобус, машины хөдөлгөөнөөс доргилт мэдрэгдэнэ. Хотын төв хэсэгт байрлах энэ гүүрэн дээгүүр хүний хөл үл тасрах аж.
Арслантай гүүрийг хамгийн сүүлд 1958 онд 40 метрийн урттай, 22 метрийн өргөнтэй бетонон гүүр болгон шинэчлэн засварласан байна.
Тэр цагаас хойш 50 гаруй жил огт засвар хийгээгүй байна.
ЗҮҮН ХҮРЭЭ МАЙМАА ХОТЫН ЗАМ ХАРИЛЦААГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР АНХ БАРЬСАН
Их хүрээний дундуур хойноосоо урагш урсаж өнгөрдөг хоёр голыг Баруун Сэлбэ, Зүүн Сэлбэ хэмээн нэрлэдэг байсан бөгөөд Улаанбаатар хотыг шинэчлэн байгуулах явцад Баруун Сэлбэ нь дарагджээ. Зүүн Сэлбэ гол ХХ зууны эхэн үед Сангай үйлчний, Луусангийн, Дарсны, Ногоочны, Цахарын, Амбаны гэх мэт долоо найм орчим гүүртэй байсан бөгөөд үүний дотор Луусангийн гүүр хамгийн том нь байжээ.
Харин Амбаны хойд гүүр гэдэг нь одоогийн Арслантай гүүр бөгөөд Зүүн хүрээ Маймаа хотын зам харилцааг сайжруулах зорилгоор анх барьсан ажээ.
Анх 1946 онд баруун жигүүрийн хоёр талд нь чулуун арслан байрлуулснаар “Арслантай гүүр” хэмээх нэртэй болж, 1958 онд хуучин байсан гүүр шинэчлэгдэн 40 метр урт, 22 метр өргөн төмөр бетон гүүр болсон. Харин хоёр арслан нь анх Хүрээний манж амбан сайдын гол ордны үүдэнд байсан бөгөөд тэр газар нь одоогийн 21 дүгээр сургуулийн орчим ажээ. Мөн 1919 оны намар Хүрээний түшмэл С.Данзан, Д.Догсомтой анх энэ гүүрний баруун аман дээр уулзан танилцаж, тухайн үеийн Монголын улс төрийн байдал, хятадын дарангуйллыг шүүмжлэн олон цагаар зогсож ярилцсан гэдэг.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрийг буулгаж, шинээр барих зураг төслийн тендерийг гурав дахь удаагаа зарлаад байна. Тодруулбал, Арслантай гүүрийг нурааж, шинээр барьж, холбоос замын тавих зураг төслийг боловсруулах, зөвлөх үйлчилгээний тендерийн материал хүлээн авах хугацаа аравдугаар сарын 20-нд дуусах юм. Энэ талаар нийслэлийн холбогдох мэргэжилтнүүдээс тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн олдсонгүй.
Нийт 120 сая төгрөгийн үнэ бүхий зураг төслийг шалгаруулах бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь нийслэлийн хөрөнгө оруулалт. Өмнө нь зургадугаар сарын 26-нд анх уг тендерийг нээж долдугаар сарын 5-нд хаасан. Үр дүн гараагүй учраас ийнхүү гурав дахь удаагаа зарлаад байгаа юм.
АРСЛАНТАЙ ГҮҮРИЙГ НУРААВАЛ ҮҮХ ТҮҮХ НЬ УСТАЖ, ГЭРЭЛ ЗУРАГ Л ҮЛДЭНЭ
Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр "Арслантай гүүрийг нурааж, шинээр барих гэж байгаа зорилго нь гүүрний доогуур хоёр түвшний холбоос зам хийж, Парисын гудамжийг Болгарын гудамжтай холбох юм.
Хотын захиргаанаас хуучны гүүр, барилга байгууламжийг шинэчлэх, сэргээх, нураах бодлогоо тодорхой болгох шаардлагатай байна.
Хотын ерөнхий архитектор гэж хүнээс “Арслантай гүүрийг буулгаад, шинэчлэх ажлыг хэзээний ямар бичиг баримтад төлөвлөсөн юм бэ. Эсвэл гэнэт гаргасан шийдвэр юм уу. Улаанбаатар хотын төв хэсэгт барилга барих зайгүй байхад л өдөр бүр барилга баригдаж байна. Жил бүр түүхэн нэг барилга, гүүр нурлаа гээд байх уу бодлогоор анхаарах хэрэгтэй" гэдгийг онцолсон юм.
Мөн тэрбээр “Өнөөгийн түвшинд Арслантай гүүрийг шинэчлэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Гэхдээ шинэчлэхээс өмнө хэд хэдэн зүйлийг нягталж, хэлэлцэх хэрэгтэй. Яагаад гэхээр Улаанбаатар хот социалист хотоо, барилга байгууламжаа, орон зайгаа устгаад дуусч байна. Хотын захиргаанаас социалист өв, хуучин хотын ямар түүхэн дурсгалуудыг авч үлдэх талаар ямар бодлого хэрэгжүүлж байгааг тодруулах шаардлагатай байна.
Яг ийм баримт бичиг байна уу гэхээр огт байхгүй. 1990 оноос хойш шинэ Улаанбаатар хот буюу шилэн хотыг байгуулахдаа хуучин хотынхоо дээр нь шинэ хотыг барьж байна. Тэр үйл явц өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Үүний цаана юуг авч үлдэхээ ярилцаж, цөөн ч гэсэн орон зайгаа авч үлдэх шаардлагатай. Тэрний нэг нь гүүр юм.
Мэдээж тодорхой хэмжээний неоклассик, модернизмын чиглэлийн барилгуудыг соёлын өвд хамруулах хуулийн дагуу 2015 онд бүртгэж авсан ч энэ жагсаалтад гүүр ерөөсөө ороогүй байгаа.
Бид хэдхэн түүх соёлын барилгатай үлдэх юм уу, гүүрийг хадгалж хамгаалж үлдэх юм уу. Арслантай гүүрийг нураавал тэр чигт нь үүх түүх нь устана. Зөвхөн гэрэл зураг л үлдэх гээд байна. Арслантай гүүрийг нурааж, шинээр барихдаа асуудал нь биш. Аливаа юмыг буулгах шиг амархан зүйл үгүй. Харин сэргээн засварлаж, хүчитгэх зүйл рүү бодлогоо чиглүүлбэл арай өөр болно. Хотыг хадгалж, хамгаалах чиглэлд огт ажиллахгүй, тийм бодлого барьж ажиллахгүй байна" гэв.
ИРГЭД: ХУУЧНЫ ГҮҮРИЙГ АЛЬ БОЛОХ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ХЭРЭГТЭЙ
Иргэд хотын төв хэсэгт байрлах энэ гүүрний талаар хэр мэддэг бол. Тэд гүүрийг нурааж, шинээр барих ажлыг дэмжиж байна уу гэдэг байр суурийг хүргэе.
Иргэн Б.Мөнхнасан "Зайсангийн тийшээ нэг гүүр барих гэж өчнөөн сар жил болж байна. Гэтэл Арслантай гүүр хотын төв замыг холбосон гүүр. Энэ гүүрийг нурааж, шинэ гүүр барина гэж их хугацаа шаардах байх. Хуучны гүүрийг аль болох сэргээн засварлах хэрэгтэй. Өмнө нь Санхүү эдийн засгийн сургуулийн байр, Байгалийн түүхийн музей, Хэлмэгдэгсдийн музейг шууд нураагаад хаячихсан.
Энэ гүүр хотын бас нэг түүх өгүүлнэ шүү дээ. Манайх шинэ юм хийх гэж байна гээд нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолдог тал бий" гэв.
"Хүний эрүүл мэнд, амь насанд халтай байгаад ашиглалтын шаардлага хангахаа больсон бол нураах нь зөв. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй бол нураах нь буруу гэж бодож байна. Шалтгаан нөхцөл нь ямар байгааг нь судлах хэрэгтэй. Хуучны барилгуудаа сэргээн засч, хадгалах нь зөв. Миний хувьд Арслантай гүүрний талаарх түүхийг сайн мэдэхгүй" гэдгийг иргэн С.Сүнжидмаа хэлсэн юм.
"Энэ гүүрийг нурааж шинэчлэх бол хажуугаар нь иргэд аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Гүүр барих хугацаанд энэ чиглэлд явдаг автомашин, иргэдийн хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах вэ. Хажуугаар нь туслах төмөр гүүр тавьж ажлаа хийж болно. Хуучны гүүр ашиглалтын хугацаа нь дуусч, сайжруулах цаг нь болсон байх. Энэ гүүрээр өдөр бүр машин, хүн холхиж байдаг учраас шинэчлэх хэрэгтэй байх" гэдгийг иргэн Х.Хонгорзул хэллээ.
Ийнхүү иргэдийн хэлж заншсан "Арслантай гүүр" зөвхөн түүх болж үлдэх нь хэзээ мөдгүй байна.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ