Франц, Германы харилцааг Европын холбооны гол тулгуур гэж тооцдог бөгөөд холбооны үйл ажиллагаа, чиг хандлагад гүн гүнзгий нөлөөлдөг. Тэд Европын холбооны мөрийн хөтөлбөрийг удирдан чиглүүлэх, голлох асуудлуудаар нэгдсэн байр суурийг тогтоох чиг үүрэгтэй.
Гэвч сүүлийн үед хоёр улсын харилцаа муудсан нь Европын холбооны гол шийдвэрүүдийг удаашруулах болов. Тэр дундаа Украины батлан хамгаалах болон худалдааны хэлэлцээрүүд удаашралтай байгааг Германы парламентын нөлөө бүхий гишүүн мэдэгдлээ.
Европын парламентын Гадаад харилцааны хорооны дарга Дэвид МакАллистер канцлер хэлэхдээ “Олаф Шольц, Эммануэль Макрон нар холбоо тогтоохгүй байгаа тул байлдааны танк, сөнөөгч онгоцны талаарх гол шийдвэрүүд, Латин Америктай хийх худалдааны хэлэлцээр хойшилж байна. Хоёр улсын хоорондын дотоод зохицуулалт дутмаг байна. Энэ нь сайны ёр биш. Сүүлийн хэдэн 10 жилийн турш Герман, Францын харилцааг ажиглаж байсан хэн ч гэсэн гацаа үргэлж байдгийг хэлэх байх. Үүний хамгийн тод жишээ гэвэл бид Европын байлдааны танкийг хөгжүүлэх асуудал дээр ахиц дэвшил гаргаж чадаагүй хэвээр байна. Ирээдүйн нисэх онгоцонд мөн л ямар ч ахиц олж харахгүй байна” гэжээ.
Тэгвэл нөхцөл байдлыг эерүүлэхээр хоёр улсын эрх баригчид ирэх Даваа, Мягмар гаригт завин аялал хийж, хундага тулгах талаар “Telegraph” хуудас мэдээллээ. Францын засгийн газрын танхим бүхэлдээ Германы канцлер Олаф Шольцын талтай уулзахаар Гамбург руу явах аж.
Ирэх долоо хоногт болох “халамцуу яриа”-ны цаана ямар улс төр өрнөхийг ажиглагчид анхааралтай харж байна.
Германы канцлер асан Ангела Меркель 16 жилйн хугацаанд Францын дөрвөн ерөнхийлөгчийн нүүр үзсэн. Энэ дундаас тэр Макронтой илүү ойр харилцаатай байжээ. Европын холбоо өдгөө энэ хүчтэй харилцааг үгүйлж байгаа гэдэгтэй шинжээчид санал нэг байна.
Францын Зэвсэгт хүчний сайд Себастьян Лекорну, Германы сайд Борис Писториус нар өнгөрсөн сард уулзахдаа хоёр улсын харилцааг энэ оны эцэс гэхэд шинэ түвшинд гаргана гэж амласан. Гэвч үйл явцыг түргэтгэхийн тулд илүү их ажиллагаа шаардлагатай гэж үзэж байна.
Германы канцлер Олаф Шольц наймдугаар сард Прага дахь Чарльз их сургуульд “Европ бол бидний ирээдүй” сэдэвт илтгэл тавьсан. Тэр 45 минутын турш илтгэл тавихдаа Францыг огт дурдаагүй гэж Дэвид МакАллистер шүүмжилж байна. Энэ нь Европын зүрхэнд ямар ч харилцаа холбоо байхгүй байгаагийн илрэл гэв.
“Та бодоод үз. Тэр 45 минутын турш Европын ирээдүй, батлан хамгаалах, аюулгүй байдлын тухай ярихдаа Францыг дурдаагүй.
Францтай биш юм гэхэд Европын аюулгүй байдлыг өөр хэнтэй хамтарч зохион байгуулах вэ? Франц бол Европ дахь цэргийн тэргүүлэх хүчин” гэж тэр хэллээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭЧЛЭЛТ
Германчууд нүүрсхүчлийн хий ялгаруулдаг түлшинд олон тэрбумыг зарцуулахын зэрэгцээ эрчим хүчний асуудлаарх Европын бүх хэлэлцээрийг шударга бусаар саатуулсан гэж Франц гомдоллож буй. Европын холбооны алдагдлыг зохицуулах асуудлаас татгалзаж, харилцан хөрөнгө оруулалт, ялангуяа ногоон шилжилтийг дэмжихээс цааргалж байна гэж тэд Германыг буруутгасан.
Герман нь цөмийн эрчим хүчний асуудлаарх маргааныг шийдвэрлэх, ЕХ-ны цахилгаан эрчим хүчний зах зээлийн өргөн хүрээтэй шинэчлэлийг зогсооход туслах зорилгоор Францтай хэлэлцээр хийхийг эрмэлзэж байна. Хоёр улс үнэ ханш, татаас, ирээдүйн хөрөнгө оруулалт зэрэг эрчим хүчний шинэчлэлийн чухал асуудлуудаар санал зөрөлдөж буй.
ОХУ-аас Украинд бүрэн хэмжээний түрэмгийллийг эхлүүлсний дараа эрчим хүчний үнэ дээд цэгтээ тулсан. Үүний дараахан гуравдугаар сард Европын холбоо цахилгаан эрчим хүчний зах зээлийг шинэчлэх төлөвлөгөөг танилцуулав. Тус төлөвлөгөөний зорилго нь компани, айл өрхүүдэд урьдчилан таамаглах боломжтой үнээр эрчим хүч нийлүүлэхийн зэрэгцээ тогтвортой зах зээлийг бий болгох юм.
Европын холбооны эрчим хүчний сайд нарын уулзалт энэ сарын дундуур болно. Үүнээс өмнө эрчим хүчний хэлэлцээнд ахиц дэвшил гарна гэж найдаж байна. Хэлэлцээрийн нэг гол асуудал бол “зөрүүтэй гэрээ” гэж нэрлэгддэг механизмыг оруулах явдал юм. Энэ нь хамгийн бага үнийн баталгаа өгөх замаар сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг дэмжих явдал юм.
Франц улс одоо байгаа болон ирээдүйд барих цөмийн станцууддаа зөрүүтэй гэрээг ашиглахыг хүсч буй ч Герман үүнийг эсэргүүцжээ.
Тодруулбал, зөрүүтэй гэрээг шинэ хөрөнгө оруулалтад л зориулсан. Элэгдэлд орсон обьектуудад зориулагдаагүй гэж Герман үзэж байна. Энэ нь германчуудын хувьд эрчим хүчний хэлбэрээс үл хамааран шинэ хөрөнгө оруулалтыг л дэмжих хэрэгсэл аж.
Франц улс зөрүүтэй гэрээг илүү өргөн хүрээнд ашиглахыг хүсч буй тул өнгөрсөн Мягмар гаригт Унгар, Чех, Польш тэргүүтэй цөмийн зэвсгийг дэмжигч найман оронтой нэгдэн өөрсдийн сөрөг саналаа дэвшүүлжээ.
Дашрамд дурдахад, эрчим хүчний үнэ өндөр байгаа нь Европын холбооны хувьд АНУ, Хятадтай өрсөлдөхөд хүндрэл учруулж байна гэж үзсэн. Тиймээс шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Эх сурвалж: THE GUARDIAN, FINANCIAL TIMES
Холбоотой мэдээ