“Оюутолгой”-д нөлөөтэй улстөрчид сангаар мөнгө иддэг үү?

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-д нөлөөтэй улстөрчид сангаар мөнгө иддэг үү?

“Оюутолгой”-д нөлөөтэй улстөрчид сангаар мөнгө иддэг үү?

УЛСТӨРЧДИЙН ОРОЛЦООТОЙ “ХАНБОГДЫН ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР ОЮУ ТОЛГОЙ САН” ЖИЛ БҮР 10 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВЧ БАЙНА

Эрүүл, ил тод, үндэстэн дамнасан корпорацийн засаглалтай гэгддэг “Оюутолгой” ХХК дэргэдээ хоёр ч сан байгуулаад амжжээ. Орон нутгийн хөгжил дэвшлийг санхүүжүүлдэг гэх тэдгээр сан ашгийн төлөө бус гэх тодотголтой. Ялангуяа Өмнөговь аймгийн хөгжлийг дэмжих зорилготой. Орон нутагт хөрөнгө оруулалт хийж, хандив өргөдөг цол гуншинтай.

“Оюутолгой” компани 2015 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г байгуулж, Өмнөговь аймгийн хэмжээнд үйл явуулж иржээ. Тус сан өнгөрсөн хугацаанд жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэдэг мэдээлэл бий. Тэгвэл 2022 онд “Ханбогдын хөгжлийн хурдасгуур оюу толгой сан”-г байгуулсан.

Зөвхөн Ханбогд сумын хөгжлийг дэмжих тодорхойлолттой тус сан энэ оноос эхлэн ирэх 5 жилийн хугацаанд 50 сая ам.доллар зарцуулах гэрээ зурсан байдаг. Ерөнхийдөө Монголын хаана ч байхгүй өндөр дүнтэй санхүүжилт захиран зарцуулж буй тус сангуудын Удирдах зөвлөлд дандаа улстөрчид хутгалдчихсан гэдгийг эх сурвалж мэдээлэв. Тэгвэл жилдээ 50 сая ам.долларын санхүүжилттэй “Ханбогдын хөгжлийн хурдасгуур оюу толгой сан”-г хэн, хэн удирддаг вэ?

“Ханбогдын хөгжлийн хурдасгуур оюу толгой сан”-гийн эцсийн өмчлөгчөөр “Рио тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд бүртгүүлж, Удирдах зөвлөлийн даргаар “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер ажилладаг.

Хэдийгээр бүртгэл дээрээ хөрөнгө оруулагч талын удирдлагатай мэт харагдавч “Эрдэнэс оюутолгой” компанийн захирал асан Б.Мөнхбаатар, одоогийн захирал Н.Цэрэнбат, “Оюутолгой”-н ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гишүүн С.Мөнхсүх нарын нөлөө бүхий эрхмүүдийн өндөр оролцоотой. Монголын Засгийн газрыг төлөөлж “Оюутолгой”-н ТУЗ-д сууж буй Н.Цэрэнбат өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бол Б.Мөнхбаатар Барилга, хот байгуулалтын сайдын албыг хашиж байсан. Хөрөнгө оруулагчдын төлөөлөл гэгддэг Г.Батсүх, Б.Болд, С.Мөнхсүх нарыг Ерөнхийлөгч асан Н.Багабандийн татаасны хүмүүс гэдгийг улс төрийн хүрээнхэн мэддэг.

Бүгд МАН-ын угшилтай сангийн том тоглогчид болж таарч байна. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарын АН-ынхны ашиг сонирхол дээрх санд хэдийнэ шингэсэн.

Тайлбар:Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, Оюутолгой-н гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар 50 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав. 2022.05.26

“Оюутолгой”-гоос 50 сая ам.доллар, ойролцоогоор 175 тэрбум төгрөгийн санхүүжилт авч буй Ханбогд суманд Засгийн газраас эхний ээлжид 2025 оныг хүртэл 243.6 тэрбум төгрөгийн оруулалт хийх тооцоо танилцуулсан. Өөрөөр хэлбэл, Ханбогд сумыг 2025 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний нийт санхүүжилтийн үлдсэн хэсгийг улсын төсвөөс гаргана гэсэн үг. Дээр нь орон нутаг өөрөө жил бүр 20 орчим тэрбумын бүтээн байгуулалт хийдэг. Тус суманд 2040 он хүртэл нийт 825.9 тэрбум төгрөгийг зарцуулах том тоо ч яригдсан. Гэвч “Ханбогдын хөгжлийн хурдасгуур оюу толгой сан”-гийн санхүүжилтээр суманд хийгдэж буй бүтээн байгуулалт чамлалттай. Сангийн үйл ажиллагааг аваад үзэхэд, Ханбогд суманд айлын гэр байшин дулаалах, барилгын фасад янзлах, хүүхдийн тоглоомын талбай, зам барилгын зураг төсөл гаргах төдий ажил хийсэн байна. Нутгийн иргэдийг бухимдуулах болсон энэ үйл ажиллагаа нь ирэх дөрвөн жилд хэрхэн хэрэгжих нь бүрхэг бөгөөд улстөрчдийн нөлөөллөөс гаргах шаардлагатайг хэлж байгаа юм. УИХ, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд Оюутолгойн уурхайгаас иргэдэд ирэх өгөөжийг нэмэгдүүлэх талаар багагүй хүчин чармайлт гаргасан.

Энэ хүрээнд Ханбогд сумыг “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулсан гэрчүүдийн нэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ билээ. Тэрбээр өнгөрсөн 2022 оны тавдугаар сард Ханбогд суманд ажиллахдаа, Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэлж байна хэмээн зарлаж байлаа.

Тэгвэл “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн Удирдах зөвлөлд аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Б.Бадраа, төлөөлөгч Ж.Занабазар нарын орон нутгийн улстөрчид мөн л багтсан байдаг. Тус сан  2015 оноос хойш жил бүр Өмнөговь аймагт 5 сая ам.долларын төсөл санхүүжүүлдэг. Энэхүү сангийн хөрөнгийг “Оюутолгой” компани, нутгийн удирдлагууд хамтран захиран зарцуулж ирсэн. "Говийн оюу хөгжлийн дэмжих сан" 2015-2022 онд Өмнөговь аймгийн хэмжээнд 101.3 тэрбум төгрөг буюу 38.97 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэдэг тайлан тавьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж